Зураг
Зураг
Индэр    
2020 оны 2 сарын 3
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

ТАНИЛЦ: Хамгийн олон түгээгдсэн 10 хуурамч мэдээ ба түүнийг түгээсэн хуудас, группүүд

Зураг
 
Судалгааны дүгнэлт: “Монголын нийгэмд хуурамч мэдээг бүтээх, түгээх үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд үүнийг тогтмол хийдэг баг, бүлэг, сувгууд үүссэнийг нотолж байна”.

Хуурамч мэдээнүүдийг цуглуулж, баталгаажуулж, шинжлэх зуур маш олон зүй тогтол харагдлаа.

Хамгийн ноцтой дүгнэлтийг дээр бичив. Хуурамч мэдээг мэргэжлийн мэт (гарчигтай, зурагтай, мэдээний бүтэцтэй, мэдээний мэт сайт дээр байршсан, олон хандалттай) үйлдвэрлэж (хуурамч мэдээг тогтмол түгээдэг 100 орчим вэбсайт байв), түгээдэг баг, бүлэг олон арваар үүссэн бөгөөд мессэжээ “сэвэх” сувгуудын хүчийг улам бүр зузаатгаж буй нь ил тод харагдав. “Ийм багуудад улстөрчид үнэхээр их мөнгө зарж ажиллаж байгаа бололтой” гэж бодов.

Өнгөрсөн жил АНУ-ын Норфэстэрнийн Их Сургуулийн Дата аналитикс хөтөлбөрийн судлаач, доктор (Ph.D) Я.Борчулуунтай хамтран хийсэн “Фэйсбүүк сүлжээнд монгол хэл дээр тархсан хуурамч мэдээний судалгаа”-гаа хуваалцаж байна. 200 орчим хуурамч мэдээний сэдэв, агуулга, хэлбэр, түгээгдсэн байдлыг шинжилж, тэдгээр нь нийгэм цаг үеийн асуудлуудтай хэрхэн холбогдож байна, ямар зорилгоор түгээгдэж байна, олон нийт түүнийг хэрхэн хүлээж авч байна, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар хэрхэн мэдээлэв зэрэг асуудлуудад хариулж, үр нөлөөг тодруулахыг оролдлоо.

Гурван сарын хугацаанд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 10 гаруй оюутны хамт өдөр бүр аль болох олон удаа фэйсбүүкт орж, урт скролл хийж хуурамч мэдээг цуглуулав. Хуурамч мэдээ мөн болохыг баталгаажуулаад, дата цуглуулж буй хамтын талбарт олсон мэдээгээ оруулж, холбогдох мэдээллүүдийг нөхөөд бүгдийг баримтжуулж скрийншот хийх ерөнхий зарчим баримтлав.

Судалгааны үр дүн:

Код

Сэдэв

Хувь

  1.  

Эрүүл мэнд

23ш (12%)

  1.  

Гэмт хэрэг, осол

18ш (9%)

  1.  

Цуу яриа

7ш (3%)

  1.  

Шашин, итгэл үнэмшил

6ш (3%)

  1.  

Олны танил хүмүүс

47ш (24%)

  1.  

Фэйсбүүкийн тухай

9ш (4%)

  1.  

Бизнес, санхүү

9ш (4%)

  1.  

Хятад/Гадаадынхны эсрэг

25ш (13%)

  1.  

Улс төр, авлига

19ш (10%)

  1.  

Бусад

13ш (7%)

  1.  

Хүчирхийлэл

19ш (10%)

 

 

Нийт-195

 
Нийт цуглуулсан 195 мэдээг сэдвээр нь ангилбал олны танил, нэр алдартай хүмүүстэй холбоотой хуурамч мэдээ хамгийн их (24%) байна.
 
Ялангуяа, урлагийнхны хувийн амьдралтай холбоотой хуурамч мэдээнүүд олон байсныг онцолмоор байна. Жишээ нь: Дуучин Болд, Чулуунчимэг нарын салалтын тухай, дуучин Дэлгэрмөрөнгийн эхнэрийн үхлийн тухай, дуучин Амина өвөрмонгол хүнтэй гэрлэх тухай, жүжигчин Адъяа эхнэрээ зодсон гэхтэй холбоотой мэдээнүүд олон байв.

Үүний дараа гадаадынхныг үзэн ядсан агуулга бүхий мэдээ 13%-ийг эзэлжээ. Энэ сэдэвт 25 мэдээ багтсанаас дийлэнх нь буюу 20 нь хятадуудыг үзэн ядсан мэдээнүүд байв. Үлдсэн нь вьетнам, турк, солонгосчуудыг буруутгасан мэдээнүүд байв.

Сэдвийн давхцалаар авч үзвэл олны танил хүмүүсийн талаарх цуу яриа бүхий хуурамч мэдээ хамгийн олон байна. Мөн эндээс хятадуудыг үзэн ядсан мэдээнүүд дийлэнхдээ олны танил хүмүүс, хүчирхийлэл, эрүүл мэндийн асуудалтай холбогдож буйг харж болно. Нийт сэдвийн 12%-ийг эзэлж буй эрүүл мэндтэй холбоотой хуурамч мэдээ нь монголчуудын итгэл үнэмшил, шашин шүтлэгтэй холбогдож буйг мөн харж болно.

Сэдэв (код)

Хуурамч мэдээний тоо

Дэд сэдэв

Эрүүл мэнд (1)

23ш (12%)

Хүнсний аюулгүй байдал-12ш, Гоо сайхан-3ш, Ерөнхий эрүүл мэнд-4ш, Эм эмчилгээ-2

Бизнес, санхүү (7)

9ш (4%)

1072 хувьцаа тараах- 4, Зээл тэглэх- 2

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

25ш (13%)

Хятад-20, Вьетнам-3

Улстөр, авлига (9)

19ш (10%)

М.Энхболд-6, Х.Баттулга-3, С.Батболд, З.Энхболд, Г.Уянга, Н.Номтойбаяр, П.Очирбат, А.Сүхбат


Дэд сэдвээр авч үзвэл эрүүл мэндтэй холбоотой хуурамч мэдээнүүдийн хагас нь хүнсний эрүүл ахуйтай, харин бизнес, санхүүтэй холбоотой мэдээнүүдийн хагас нь 1072 хувьцааг тарааж эхлэхтэй холбогджээ.

Улстөрчидтэй хамааралтай хуурамч мэдээнүүдийн дийлэнх нь УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нартай хамааралтай байна.
 

Хэлбэр (код)

Хуурамч мэдээний тоо

Холбоос (1)

127ш (65%)

Зураг (2)

51ш (26%)

Текст (3)

12ш (6%)

Видео (4)

5ш (3%)

 

Нийт-195 (100%)


Хэлбэрийн хувьд холбоос бүхий мэдээ дийлэнх хувийг эзэлж байна. Линк, фото хэлбэртэй хуурамч мэдээ нь итгүүлэх байдлыг нэмэгдүүлж байв. Харин видео мэдээ цөөн байгаа нь сайн хэрэг бөгөөд хуурамч мэдээ үйлдвэрлэгчид видеог эвлүүлж, монтажлах “өндөр” түвшинд очоогүй байгааг харуулна.
 

Эх сурвалж (код)

Хуурамч мэдээний тоо

Aккаунт (жинхэнэ)

172

Аккаунт (хуурамч)

270

Хуудас

221

Групп

200

Вэбсайт

207

Чат

6

 

Нийт-1076

 

Эх сурвалжийн хувьд хуурамч мэдээг түгээсэн жинхэнэ аккаунт олноос гадна хуурамч аккаунтын тооноос хол зөрүүгүй байгаа нь харамсалтай. Учир нь энэ нь нэг талаас хуурамч мэдээнд тэдгээр хүмүүс итгэж байгааг, нөгөө талаас тэдний хэвлэл мэдээллийн боловсролын түвшин муу байгааг харуулж байна. Хуурамч мэдээг түгээж буй бодит хүмүүс дунд мэргэжлийн гурван сэтгүүлч байсан нь харамсалтай.  

Давхардсан тоогоор 300 орчим хуурамч аккаунт хуурамч мэдээ түгээж байгаа​гийн дотор цөөнгүй нь тогтмол хэд хэдэн групп рүү түгээдэг, тэдгээр группүүдийн модератор эсвэл админ байсан нь анхаарал татсан.

Өөрөөр хэлбэл, тэд хуурамч мэдээгээр группээ амьдруулдаг, тэжээдэг, тэнд гишүүнчлэлтэй хэрэглэгчдийн санаа бодолд тогтмол, зориудаар нөлөөлж байна. Жишээ нь: Eegii Valueble Amelia, Дариа Дарьхан, НямОд Эгшиглэн зэрэг хуурамч аккаунт нь Монголоо Mongoloo группийн модераторууд бөгөөд хуурамч мэдээнүүдийг үүнээс гадна өөрсдийн хөтөлдөг бусад холбогдох группүүд рүү тогтмол түгээж байна. Ингэж ажилладаг хуурамч аккаунтууд олон бий.

 

Хамгийн олон удаа хуурамч мэдээ түгээгдсэн 10 групп

Хуурамч мэдээ түгээгдсэн нийт тоо

1

Mongoloo Монголоо

46

2

Jirgee medee Жиргээ мэдээ

17

3

Barterdii Huuhnuudee

15

4

Нийслэл зар Niislel zar

14

5

Гар утасны наймаа

13

6

Олуулаа

9

7

PRIUS эзэмшигчдийн нэгдсэн групп

6

8

Мэдэхгүй зүйлээ асуу

6

9

Huuchin tabilga ger ahuin tsahilgaan baraa

5

10

Гар утасны хар зах

5

 

Хамгийн олон удаа хуурамч мэдээ түгээгдсэн 10 хуудас

Хуурамч мэдээ түгээгдсэн нийт тоо

1

Зугаатай Залуус

8

2

Life is hot

5

3

Онц сонирхолтой онлайн дэлгүүр

5

4

Az kino

4

5

Aз жаргалтай хот Happy city

4

6

Сенсаци мэдээ

4

7

Goomaral Сонин сайхан юу байна

4

8

Зөвлөгөө

3

9

Онлайн видео мэдээ

3

10

Охид бүсгүйчүүдийн зөвлөгөө

3


Давхардаагүй тоогоор 59 групп, 138 хуудсаар дамжуулан хуурамч мэдээг түгээжээ.

Давхардсан тоогоор хуудас, группээр нийтдээ 421 удаа хуурамч мэдээ түгээгдсэн байна. Хамгийн олон удаа хуурамч мэдээ түгээгдсэн дээрх группүүдийг хуурамч аккаунтууд ажиллуулж байна.
 
Группт түгээгдсэн хуурамч мэдээний тоо хуудсанд түгээгдсэнээс харьцангуй өндөр байгаа нь хуудас хуурамч мэдээгээр дагагчийн тоог нэмэгдүүлэх зорилго дийлэнхдээ агуулж байсан бол группт олон нийтийн санаа бодолд тогтмол нөлөөлөх, тэдний сонголтыг өөрчлөх зорилго агуулж буйтай холбоотой гэж үзсэн.

Давхардаагүй тоогоор 92 вэбсайтаар нийт 207 удаа хуурамч мэдээ түгээжээ.

Сайтуудын дийлэнх нь блог маягийн, мэргэжлийн бус, дүр эсгэсэн сайтууд байв. Кликбэйт сайтууд байсныг ч дурдах хэрэгтэй. Хуурамч мэдээг түгээсэн сайтын дотор medee.mn, ubinfo.mn, zapost.mn зэрэг олонд танигдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гарсан нь харамсалтай. Мөн олонд танил болсон, тогтмол хандалттай хэрнээ мэргэжлийн ангилалд оруулж болохооргүй хэд хэдэн завсрын сайтууд хуурамч мэдээг түгээж байна.

Хувийн чатаар түгээсэн хуурамч мэдээ нь Марк Зукерберг фэйсбүүкийг төлбөртэй болгох тухай бөгөөд жинхэнэ хаягуудаас ирсэн байв.

Харилцан үйлчлэлцэл

Нийт- 221992

Хуваалцсан тоо (Number of sharing)

125,466

Лайкын тоо (Number of likes)

52,175

Сэтгэгдлийн тоо (Number of comments)

29,208

Үзэлт (Number of views)

15,143


Түгээлт буюу хүлээн авсан байдлын хувьд хуурамч мэдээг хуваалцсан тохиолдол хамгийн өндөр байна. Харин үзэлтийн тоо бага байгаа нь видео хэлбэрийн хуурамч мэдээ цөөн байсантай холбоотой.

Дээрх хүснэгтүүдээс нийт 195 хуурамч мэдээг 1,076 эх сурвалж 125,500 орчим удаа шэйрлэж, хамгийн багадаа 222 мянган хүнд хүрснийг харж болно.

Хамгийн олон түгээгдсэн 10 хуурамч мэдээ

Гарчиг, тайлбар

Сэдэв (код)

Түгээлтийн тоо

1

Шар будаагаар бөөрөө эмчлэх -Бөөрний өвчнүүдийг анагаадаг тухай

Эрүүл мэнд (1)

34037

2

Кола их уудаг хүний бөөрөнд ийм их чулуу байдаг гэнэ

Эрүүл мэнд (1)

19200

3

Багануурт 10 мянган хятад суурьшуулах гэж байна

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

8798

4

Саяхан болсон гунигтай түүх - Ээж нь хүүхдээ зодож хөнөөсөн тухай

Хүчин, хүчирхийлэл (11)

8282

5

Миний нэг дүү Хятадын ногоо тариалалтын талбайд ажиллаж ирээд ингэж хуучлав - Хятадаас оруулж ирдэг ногоог хортой усаар усалдаг тухай

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

7612

6

Гадаадын олон нийтийн сүлжээгээр ийм мэдээ явж байна - Хүмүүс гэртээ хүүхэд, амьтанд хортой цэцэг тарьдаг тухай

Эрүүл мэнд (1)

5928

7

Ёстой хөгийн новшнууд шүү- Хятад, Солонгос хоолны газруудын үйлчлэгчдийн муу санаа, бузар үйлдлүүд г.м

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

5579

8

Монголын одоогийн сүлдний билэгдэл хятадаас гаралтай- Амьгүй хятад сүлднээс татгалзая

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

5500

9

Нярай хүүхдийн ойролцоо автобус сигналдсанаас цус харважээ

Цуу яриа (3)

4097

10

Яг одоо шивээс хийлгэх гэж байгаа бол газраа судлаарай- Шивээс эрүүл мэндэд хортой тухай

Эрүүл мэнд (1)

3014

Хамгийн олон лайк, эмоушн цуглуулсан 10 хуурамч мэдээ

Гарчиг, тайлбар

Сэдэв (код)

Лайк&Эмоушн тоо

1

Миний нэг дүү Хятадын ногоо тариалалтын талбайд ажиллаж ирээд ингэж хуучлав - Хятадаас оруулж ирдэг ногоог хортой усаар усалдаг тухай

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

2600

2

Кола их уудаг хүний бөөрөнд ийм их чулуу байдаг гэнэ

Эрүүл мэнд (1)

1400

3

Оюунчимэг: Гишүүн Гантулга нь хүчиндсэн биш хүчиндүүлсэн байх магадлалтай

Улстөр, авлига (9)

1350

4

АТГ-ын дарга болох хүмүүс

Улстөр, авлига (9)

1300

5

Дуучин Дэлгэрмөрөн нууцаар хуримаа хийжээ

Олны танил хүмүүс (5)

1200

6

Шар будаагаар бөөрөө эмчлэх -Бөөрний өвчнүүдийг анагаадаг тухай

Эрүүл мэнд (1)

1000

7

Ёстой хөгийн новшнууд шүү- Хятад, Солонгос хоолны газруудын үйлчлэгчдийн муу санаа, бузар үйлдлүүд г.м

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

985

8

Очирбат хужаа Тамсагийн ордоос их хэмжээний мөнгө идсэнээс хамар нь ийм болсон

Улстөр, авлига (9)

793

9

Хэрэв таны FB хамгаалалттай бол ногоон бичигдэнэ, хэрэв хар байвал хаяг, нууц үгээ солиорой

Фэйсбүүкийн тухай (6)

766

10

Гадаадын олон нийтийн сүлжээгээр ийм мэдээ явж байна - Хүмүүс гэртээ хүүхэд, амьтанд хортой цэцэг тарьдаг тухай

Эрүүл мэнд (1)

762

Хамгийн олон сэтгэгдэл авсан 10 хуурамч мэдээ

Гарчиг, тайлбар

Сэдэв (код)

Сэтгэгдлийн тоо

1

Түрээсийн байрны үнээр орон сууцтай болох төсөл

Бизнес, санхүү (7)

4600

2

BFF код бичээд нууцлалаа шалгаарай, Фэйсбүүк төлбөртэй болно

Фэйсбүүкийн тухай (6)

2500

3

Кола их уудаг хүний бөөрөнд ийм их чулуу байдаг гэнэ

Эрүүл мэнд (1)

2300

4

Хэрэв таны FB хамгаалалттай бол ногоон бичигдэнэ, хэрэв хар байвал хаяг, нууц үгээ солиорой

Фэйсбүүкийн тухай (6)

2100

5

Багануурт 10 мянган хятад суурьшуулах гэж байна

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

1650

6

Монголын одоогийн сүлдний билэгдэл хятадаас гаралтай -Амьгүй хятад сүлднээс татгалзая

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

1500

7

Оюунчимэг: Гишүүн Гантулга нь хүчиндсэн биш хүчиндүүлсэн байх магадлалтай

Улстөр, авлига (9)

1464

8

Миний нэг дүү Хятадын ногоо тариалалтын талбайд ажиллаж ирээд ингэж хуучлав - Хятадаас оруулж ирдэг ногоог хортой усаар усалдаг тухай

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

1200

9

Нэрний эхний гурван үсгийг бичээд ард нь .com тавь үнэхээр гайхалтай зүйл харах болно

Фэйсбүүкийн тухай (6)

1200

10

BFF код бичээд нууцлалаа шалгаарай

Фэйсбүүкийн тухай (6)

1200

Хамгийн их харилцан үйлчлэлцсэн 10 хуурамч мэдээ (most engaged)

Гарчиг, тайлбар

Сэдэв (код)

Number of engagement (like+share+comment)

1

Шар будаагаар бөөрөө эмчлэх -Бөөрний өвчнүүдийг анагаадаг тухай

Эрүүл мэнд (1)

35520

2

Кола их уудаг хүний бөөрөнд ийм их чулуу байдаг гэнэ

Эрүүл мэнд (1)

22900

3

Саяхан болсон гунигтай түүх - Ээж нь хүүхдээ зодож хөнөөсөн тухай

Хүчирхийлэл (11)

15904

4

Сар бүр 500 мянган төгрөг төлөөд хямд байртай болоорой

Бизнес, санхүү (7)

15000

5

Багануурт 10 мянган хятад суурьшуулах гэж байна

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

13440

6

Монголын одоогийн сүлдний билэгдэл хятадаас гаралтай- Амьгүй хятад сүлднээс татгалзая

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

12900

7

Миний нэг дүү Хятадын ногоо тариалалтын талбайд ажиллаж ирээд ингэж хуучлав - Хятадаас оруулж ирдэг ногоог хортой усаар усалдаг тухай

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

11412

8

Түрээсийн байрны үнээр орон сууцтай болох төсөл

Бизнес, санхүү (7)

7500

9

Ёстой хөгийн новшнууд шүү- Хятад, Солонгос хоолны газруудын үйлчлэгчдийн муу санаа, бузар үйлдлүүд г.м

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

7482

10

Гадаадын олон нийтийн сүлжээгээр ийм мэдээ явж байна - Хүмүүс гэртээ хүүхэд, амьтанд хортой цэцэг тарьдаг тухай

Эрүүл мэнд (1)

7401

 

Хамгийн олон удаа хүнд хүрсэн 10 хуурамч мэдээний хагас нь Хятад/гадаадынхныг эсэргүүцсэн, гурав нь эрүүл мэнд, үлдсэн нь бизнес, санхүү болон хүчирхийлэлтэй холбоотой мэдээ байв. Хамгийн олон удаа хүнд хүрсэн 10 хуурамч мэдээний нийтлэг шинжийг мэдээг хүлээн аваад итгэсэн тохиолдолд төрөх сэтгэгдэл болон доорх скрийншотууд дээр үндэслэн тодорхойлов.

  • Ямар ч баримт нотолгоо, эх сурвалжгүй.
  • Сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлөх шидтэй. Хүлээн авагчид баярламаар, аймаар, жигшмээр, үзэн ядмаар сэтгэл хөдлөлүүд бий болгож байна.
  • Нэг нь линк, бусад нь зурган хэлбэртэй. Өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд итгүүлэн үнэмшүүлэх чадвар өндөр, жинхэнэ мэт дүр эсгэсэн.
  • Гарчиг, тайлбарууд нь найруулга зүйн алдаатай.
  • Өдөөн хатгасан шинжтэй. Цааш түгээ, дамжуул гэх мэтээр уриалсан.
  • Монголчуудын нийгмийн тогтсон ойлголт дээр тоглосон.
  • Олон нийтийг төөрөгдүүлэх, сувгийн нөлөөг тэлэх зорилготой.
  • Зарим нь тухайн үед нийгэм, улс төрд болсон үйл явдалтай холбоотой.

Хуурамч мэдээг С.Эдсон нарын ангиллаар авч үзэв.

Код

Ангилал

Хуурамч мэдээний тоо

1

News Satire- Хошигнол мэдээ

0

2

News parody- Дуураймал мэдээ

0

3

News fabrication- Зохиомлоор мэдээ болгох

165 (85%)

4

Photo manipulation- Фото/Видео төөрөгдүүлэлт

25 (13%)

5

Advertising & PR- Зар сурталчилгаа, ПиАр

5 (2%)

 

 

Нийт- 195 (100%)

 

С.Эдсон нарын ангиллаар хуурамч мэдээг авч үзвэл зохиомлоор үйлдвэрлэж, бий болгосон хуурамч мэдээ дийлэнх хувийг эзэлж байна. Хошигнол мэдээ, дуураймал мэдээ огт байхгүй бөгөөд зар сурталчилгааны зорилгоор бий болгосон хуурамч мэдээ цөөн тоогоор байв. Хуурамч мэдээнд фото/видео төөрөгдүүлэлт ашигласан тохиолдол хэд хэд гарчээ.

Зорилгын хувьд олны танил хүмүүсийн нэр төрд халдах, хувийн амьдралыг дэлгэн доромжлох зорилготой хуурамч мэдээ хамгийн олон буюу 44%-ийг эзэлж байна. Үүний дараа олон нийтийг төөрөгдүүлэх замаар тэдний санаа бодолд нөлөөлөх зорилготой мэдээ 29%-ийг эзэлжээ. Ийм зорилготой хэмээн тодорхойлсон мэдээний дийлэнх нь хятадуудыг үзэн ядуулах (Ерөнхийлөгчийн Монгол ялна, Хятадын эрлийзүүдийг улс төрөөс хөөх уриа/бодлого), хүчингийн хэргүүд (МАН-ын залуу гишүүд хүчингийн хэрэгт холбогдсон болон Ерөнхийлөгчийн цаазын ялыг сэргээх тухай хуулийн төсөл) болон улс төрийн шийдвэртэй, улстөрчтэй (УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах г.м) холбоотой байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед нийгэмд болсон үйл явдалтай холбоотой хуурамч мэдээнүүд байв.

Дүгнэлт

  1. Гурван сарын хугацаанд нийт 195 хуурамч мэдээг 1,076 эх сурвалж 125,500 орчим удаа шэйрлэж хамгийн багадаа 222 мянган хүнд хүргэжээ. Энэ бол Монголын цөөн хүн амтай нийгмийн хувьд томдсон тоо буюу аюултай нөхцөл байдал бий болсныг харуулж байна. 
     
  2. Хуурамч мэдээ нь дараах шинж чанартай байна. Ямар ч баримт нотолгоо, эх сурвалжгүй хэрнээ жинхэнэ мэт дүр эсгэсэн. Сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлсөн,  шуурхай мэдээ, цааш түгээ, дамжуул гэх мэтээр өдөөн хатгасан шинжтэй. Гарчиг, тайлбарууд нь найруулга зүйн алдаатай. Монголчуудын нийгмийн тогтсон ойлголт дээр тоглосон. Олон нийтийг төөрөгдүүлэх, сувгийн нөлөөг тэлэх зорилготой, тухайн үед нийгэм, улс төрд болсон үйл явдалтай холбоотой.
     
  3. Ангиллын хувьд дийлэнх хуурамч мэдээ нь зохиомол буюу санаатайгаар үйлдвэрлэсэн хуурамч мэдээ байна. Энэ болон бусад дата анализууд нь (хуурамч мэдээ түгээдэг 100 орчим вэбсайт бий болсон г.м) Монголын нийгэмд хуурамч мэдээг бүтээх, түгээх үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд үүнийг тогтмол хийдэг баг, бүлэг үүссэнийг нотолж байна. Хуурамч мэдээгээр хуудас, группээ тогтмол арчилж, дагагчид, гишүүдийнхээ санаа бодолд зориудаар нөлөөлж байгаа тохиолдол цөөнгүй байгаа нь аюултай.
     
  4. Сэдвийн хувьд зарим сэдэв нь хэт ерөнхий (эрүүл мэнд), зарим нь хэт нарийвчилсан (хятадуудыг эсэргүүцсэн) байгааг ажиглаж болно. Хуурамч мэдээний сэдэв нарийвчилсан байна гэдэг нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээг санаатайгаар, чухам зорилготойгоор үйлдвэрлэж, түгээж буйг илтгэнэ.
     
  5. Хэлбэрийн хувьд холбоос бүхий хуурамч мэдээ дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь хуурамч мэдээг жинхэнэ мэт (вэбсайтын мэдээ мэт) харагдуулах зорилготойг харуулж байна. Учир нь хуурамч мэдээ тавигдсан вэб сайтууд бараг бүгдээрээ блог шинтжэй, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй гал тогооны сайтууд байсан. Харин видео мэдээ цөөн байгаа нь хуурамч мэдээ үйлдвэрлэгчид видеог эвлүүлж, монтажлах “өндөр” түвшинд очоогүй байгааг харуулна.
     
  6. Хуурамч мэдээ түгээсэн жинхэнэ аккаунт олноос гадна хуурамч аккаунтын тооноос хол зөрүүгүй байна. Энэ нь хуурамч мэдээнд хүмүүс итгэж, хариу үйлдэл үзүүлж байгааг бодитоор баталж байна. Хуурамч мэдээ богино хугацаанд асар олон хүнд хүрч буй нь фэйсбүүк хэрэглэгчдийн шүүмжлэлт сэтгэлгээ болон боловсролын түвшин муу байгааг харуулж байна. Тиймээс хуурамч мэдээг ялган таних тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, тэдэнд хэвлэл мэдээллийн боловсрол олгох шаардлагатай. Мөн монголчуудын мэдээлэл хүлээн авч буй зуршлыг судлах шаардлагатай.
     
  7. Хуурамч мэдээг түгээж буй эх сурвалжууд дунд мэргэжлийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн тоогоор байсан нь сэтгүүлчид нийтэлж, нэвтрүүлж буй бүх контентыг наад захын алхмуудаар баталгаажуулахгүй байгааг, сошиал медиа дахь контентыг хуулбарлан ашиглаж байгааг харуулж байна.
     
  8. Олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой хуурамч мэдээнүүд дийлэнхдээ улс төрийн асуудалтай холбогдож байна.
     
  9. Цаашид судалгааг үргэлжлүүлэхдээ фэйсбүүк хэрэглэгчдийн сэтгэгдэлд анализ хийх, кэйс судалгаа хийх замаар хуурамч мэдээний үр нөлөөг тодорхойлох, хоорондоо холбоо хамаарал бүхий эх сурвалжуудыг бүлэглэх гэх мэтээр хуурамч мэдээг үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг хэн хэрхэн зохион байгуулж буйд анхаарвал үр дүнтэй. Мөн алгоритмын шүүлтүүрт өртөхгүйгээр илүү өргөн хүрээнд дата цуглуулахад анхаарах шаардлагатай байна.

 

Судалгааны дэлгэрэнгүйг МУИС-ийн “Сэтгүүл зүй” сэтгүүлийн №20(524) дугаараас унших боломжтой.