Зураг
Зураг
Индэр    
2023 оны 5 сарын 26
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

Лайв ба сэтгүүл зүй

Зураг
npr.org

Сэжиглэлээ, үзүүллээ, зодолдлоо. Энэ бараг л Монголын сэтгүүл зүйн лайвын нийтлэг загвар болж байх шиг байна.

Арай урт хувилбар нь: “Энэ оройн цагаар архидан согтуурч, хууль бусаар мөрийтэй тоглож, БНХАУ-ын 10 гаруй иргэнтэй уулзаж байгаа нь анхаарал татаж байна; Та энд ямар ажлаар яваа юм?, Яг ямар ажил юм?, Яг ямар хөрөнгө оруулалт ярьж байгаа вэ?; Та согтуу байгаа юм уу?; Ороод хамт харж болох уу?; Яг ямар хөрөнгө оруулалт гэдгээ тодорхой хэлчих; Яагаад би орж болдоггүй юм; Би ажлаа хийж байна; БНХАУ-ын иргэдтэй хууль бусаар архидан согтуурч мөрийтэй тоглож байна гэсэн эх сурвалжийн мэдээллийг бид баталгаажуулан хүргэлээ”.

2023 оны тавдугаар сарын 25-ны шөнө Asu.mn сайт “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар БЗД-ийн нутаг дэвсгэрт хятадуудтай хууль бусаар мөрийтэй тоглож, архидан согтуурч байгаа тухай мэдээллийг эх сурвалж бидэнд өглөө” гэж лайваа сүржин эхлүүлэв. 8 минутын “лайв”-ын (бичлэгээ эвлүүлж бэлдчихээд лайв цацсан) туршид үнэндээ энэ “ноцтой” мэдээллээ баталж нотолсон зүйл огт байсангүй. Харамсалтай нь хүлээн авсан хүмүүсийн сэтгэгдлийг үзвэл энэ мэдээлэлд бүрэн итгэснээр барахгүй, Ч.Хүрэлбаатарыг урд хөршийнхөнтэй хамт дүүжлэн хороож, галактикаас зайлуулахад бэлэн байгаагаа, Монголын төрд итгэл алдаж буйгаа илэрхийлжээ.

Ёс зүйгүй, мэргэжлийн нэр хүндийг унагаж буй сэтгүүлчийн үйлдлийг бүр “жулдлаа”, багадлаа гэж гоочилж буй нь гунигтай. “Зайлуул муу лайвчин Мөнх-Эрдэнэ маань байсан бол орилж дайрч ороод бүгдийг нь илчлэх байсан даа. Ядаж Зариг Өнөрөө очсон болоосой. Энэ хүүхэн жулдлаа” гэдэг коммэнтод 300 хүн лайк дарсныг харахад хүрэл зүрх ч хайлмаар санагдана. Гэхдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролын асуудлыг энд ярихгүй орхиё.

  • Зүгээр л цаашид хэвлэл мэдээллийн байгууллагынх гэсэн шошготой ийм лайв улам олширвол юу болох вэ?
  • Хүний хувийн эрх гэж үлдэх нь үү?
  • “Эрэн сурвалжилга”, “Эх сурвалжаас мэдээлэл ирлээ” гэх сүржин эхлэлээр халхавчилсан ч таамгаа ч нотолж чадахгүй хэр нь олон нийтэд үнэн гэж ойлгогдсоор байвал яах вэ?
  • Ийм үзэгдэл Монголын сэтгүүл зүйд, нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ?
  • Хятад хүн гэхээр л Монголын дайсан байх ёстой юм шиг хэвшмэл ойлголтыг сэтгүүл зүй түгээсээр л байх уу?

Манай сэтгүүл зүйд  ёс зүйгүй лайвдах нь давтагдсаар байгаа тул лайв дамжуулалтын талаар саналаа хуваалцъя.

Лайв дамжуулалт сэтгүүл зүйн бүтээл мөн үү?

Facebook жил орчим туршсаны эцэст 2016 онд live функцээ дэлхий дахинд танилцуулсан байдаг. Үүнийг гаргаж буйн үндэслэл нь иргэний эргэх холбоотой нийгмийн харилцааг бий болгох байв. Өөрөөр хэлбэл лайв нь анхнаасаа л сэтгүүл зүйд бус иргэн хүнд зориулагдсан гэсэн үг. Гэсэн хэдий ч хүний журамт нийгэмд хувь хүн хүртэл лайваар юу ярих, юу харуулах нь мөн л бусдын эрхээр хязгаарлагдсаар байгааг бид мартах ёсгүй.

Лайв дамжуулалт нь сэтгүүл зүйн бүтээл мөн үү гэвэл “тийм” гэж би хариулна. “Тухайн редакц нийтэлж нэвтрүүлж буй бүхэндээ хариуцлага хүлээнэ” гэсэн ёс зүйн чухал дүрэм бий. Үүгээр бол хэвлэл мэдээллийн байгууллага лайв дамжуулж байгаа тохиолдолд энэ нь тухайн редакцын бүтээл гэсэн үг. Нэгэнт редакцын бүтээл тул сэтгүүлч лайв дамжуулахдаа мэргэжлийн ёс зүйг баримтлах шаардлагатай.

Хэвлэл мэдээллийн байгууллага юуг лайвдаж болох вэ?

Сэтгүүлчид мэдээ, сурвалжилга бэлдэх, түүнийхээ санааг баг хамт олондоо ярилцахдаа үргэлж “юу мэдээ болох вэ” гэж асууж байдаг. Яг энэ асуултын хариулт нь юуг лайвдаж болох, болохгүйг хэлж өгнө. “Юу мэдээ болох вэ” гэдэгт хариулахдаа энэ мэдээний үнэ цэн юу вэ гэдгийг л хардаг. Түүнчлэн олон нийтэд үнэ цэн, ач холбогдолтой үйл явдлыг сурвалжлах, мэдээллийг баталгаажуулах явцдаа ёс зүйн зарчмаа баримтлан ажилладаг. Ингэж байж сэтгүүл зүйн шалгуур хангасан бүтээл олон нийтэд хүрдэг.

Тодруулбал, лайвт тавигдах наад захын шаардлага нь үнэн бодит мэдээлэл, ач холбогдолтой асуудал юм. Гэхдээ ганцхан энэ нь лайв хийх зөвшөөрөл болохгүй. Хүний хувийн эрхийг хүндлэх, хор уршгийг бууруулах, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, ялгаат байдлыг хүлээн зөвшөөрөх, ялгаварлан гадуурхахгүй байх асуудал яригдана зарчмаа зөрчихгүй л байх ёстой. Тийм ч учраас сэтгүүлчийн таамгийг нотлох боломжгүй, тохиромжгүй үйл явдлыг лайв дамжуулахыг хориглодог.

  • Гэмт хэрэг (хүн амины хэргийн газраас лайвдаж байсан кэйс манайд бий)
  • Амиа хорлолт
  • Хүчирхийлэл
  • Хувийн амьдралыг лайваар дамжуулж олон нийтэд үзүүлэхийг хориглодог. Үзүүлэх тун онцгой тохиолдлыг редакцын ёс зүйн зарчим, редакцын хэд хэдэн шатны хэлэлцүүлгээр л зөвшөөрдөг.

Asu.mn сайт хууль бус үйл ажиллагааг дэлгэх нь зөв үү? Мэдээж зөв. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг огтоос нотолж чадаагүй тул бичлэгээ эвлүүлэн лайв цацах шаардлагагүй байсан. Гэмт хэргийг ганц лайваар нотлох нь дийлэнхдээ өрөөсгөл, боломжгүй.

Asu.mn сайт мэдээллийг баталгаажуулах явцаа мэргэжлийн ёс зүйгээ баримталсан уу? Үгүй. Харин ч хүний хувийн эрхэд халдаж, мэргэжлийн нэр хүндийг уландаа гишгэсэн. Хэвлэл мэдээллийн боловсролтой хүмүүсийн сэтгүүл зүйд итгэх итгэлийг бууруулсан.   

Asu.mn-ийн лайвын үнэ цэн юу юм бэ? Байхгүй. Хууль бус үйл ажиллагааг баримтжуулах нь үнэ цэн байж болох ч үнэндээ тийм зүйл болсонгүй. Ч.Хүрэлбаатарыг гэмт хэрэг үйлдсэн мэт ойлголт өгч буй нь тун хорлонтой.

Сэтгүүлчийн ёс зүйн хичээл дээр ярих кэйс болохоос өөрөөр хүнд хэрэгтэй юм түй ч байхгүй юманд хэдэн минут зарцуулсных ядаж “Монголын сэтгүүл зүй дэх ёс зүйгүй лайвын нийтлэг шинж”-ийг гаргаснаа хуваалцъя.

  1. Эхлэл сүржин, дийлэнхдээ гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааг эрэн сурвалжлахаар ирснээ мэдэгдэнэ.

Asu.mn: “Энэ оройн цагаар архидан согтуурч, хууль бусаар мөрийтэй тоглож, БНХАУ-ын 10 гаруй иргэнтэй уулзаж байгаа нь анхаарал татаж байна”.

  1. Өрнөлд нь ямар ч баримт нотолгоо байдаггүй. (заримдаа энэ процесс баримт болохыг үгүйсгээгүй). Энэ нь сэтгүүлчийн дараах үгсээр илэрдэг.

Asu.mn: “Гэх мэдээлэл эх сурвалжаас ирлээ, нэр бүхий газар, нэр бүхий гишүүд, хууль бусаар, нэгэн оффист ирлээ, бид бодит байдлыг хүргэн ажиллах болно”.

  1. Эх сурвалжтай бүдүүлэг харилцдаг. Тодруулбал, мэдээлэл өг гэж тулган,  эд хөрөнгө, объектод нь хүчээр нэвтрэхийг шаарддаг.

Asu.mn: “Ороод хамт харж болох уу? Яг ямар хөрөнгө оруулалт гэдгээ тодорхой хэл”.

  1. Хүлээн авагчдаа хүндэлдэггүй. Хэрүүл хийнэ, бүтэхгүй бол зодолдоно (neguun.mn).

Asu.mn: “Яагаад би орж болдоггүй юм, Би ажлаа хийж байна”.

  1. Хувийн эрхийг хүндэлдэггүй.

Asu.mn: “Энэ оройн цагаар архидан согтуурч байна, Та энд ямар ажлаар яваа юм?, Яг ямар ажил юм?, Хятадуудтай яагаад уулзаж байгаа вэ?, Яагаад согтуу байгаа вэ?”.

  1. Төгсгөл сэтгүүлч хохирогчийн дүртэй лайваа дуусгана. Юуг ч нотолж баталгаажуулаагүй хэр нь нотолсон мэт худал дүгнэх нь олонтоо.
  2. Бүр аймшигтай төгсгөл: “Та бүхэндээ энэ асуудлыг үргэлжлүүлэн лайваар дамжуулах болно. Маргааш дахин ирнэ”.