Зураг
Зураг
Индэр    
2018 оны 10 сарын 24
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ: Цахим орчинд хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулж буй сайн туршлагыг хэлэлцлээ

Зураг
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Форумын үеэр цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийгөө зохицуулж буй туршлагын талаар яриа өрнөлөө.  
 
Энэ талаар илтгэл тавьсан хоёр илтгэгчийн мэдээллээс товчлон хүргэе.
 
Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протце: Сэтгүүлчид хоёр “нэртэй” байж болохгүй
 

Сэтгүүлчид хоёр “нэртэй” байж болох уу? Радио, телевиздээ сэтгүүлч, редактор. Сошиал орчинд өөр. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ ярьж болохгүй зүйлээ хувийн пост дээрээ гаргах эрхтэй юу?

Мэдээж хувийн данстай байж болно, харин хоёр өөр тодорхойлолттой байж болохгүй. Нийгмийн сүлжээнд ч ёс зүйн дүрэм хүчинтэй. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгад редакци нь нийтэлж, нэвтрүүлсэн бүхэндээ хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. Хэн нэгэн сэтгүүлч биш. Учир нь ашгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүртдэг хэрнээ эрх зүйн зөрчлийг сэтгүүлчдэд хуваарилдаг тохиолдол бий. Тиймээс Германы Хэвлэл мэдээллийн зөвлөл дээр гомдлыг сэтгүүлчийн эсрэг биш редакцийн эсрэг тохиолдолд л авч үзнэ гэж шийдсэн. 

Интернэтэд бохир өрсөлдөөн явагдаж байна гэж манай салбарынхан яриад байна. Энэ өрсөлдөөний талбарт хэрхэн амьд үлдэх вэ гэсэн сорилт бидэнд тулгарч байна.
 
Интернэт компаниуд сэтгүүл зүйн ашгийг хуваах болсноор хэвлэл мэдээллийнхний орлого багасах болсон. Орлого буурна гэдэг цөөн хүн ажиллана гэсэн үг. Цөөн хүн ажиллана гэдэг чанар буурна гэсэн үг.
 
Сэтгүүлчид өнөө маргаашдаа амь зогоох гэж төлбөртэй нийтлэл бичих нь удаан хугацаанд амиа хорлож буйтай адил. Сэтгүүл зүйд итгэх итгэл үнэмшил алга болно. Тэгвэл бохир өрсөлдөөнийг хэрхэн үгүй хийх вэ? Германы Засгийн газар нэг чиглэлийг гаргасан. Энэ бол “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах хууль” гэж харж байгаа. 
 
“GoGo” сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг: Монголын редакциуд нийгмийн сүлжээнд ёс зүйн дүрмээ баримталж эхэлсэн
 

Сэтгүүлчид өөрсдөө сошиалчдын нэг хэсэг болохоос өөр аргагүй байна.

Гол нь сошиал медиаг хэрхэн ёс зүйтэй ашиглах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Гадны орнуудад сэтгүүлчид сошиал медиад зохисгүй зүйл постолж, тийм хандлага гаргасныхаа төлөө ажлаасаа халагдаж байна. Ийм кэйсүүд маш олон. Харин Монголд бид ийм асуудал үүсгэсэн бол хариуцлага хүлээдэг үү? Манай редакцийн хувьд 2017 оноос нийгмийн сүлжээг хэрхэн ашиглах тухай ёс зүйн журмандаа оруулж өгсөн.
 
Ингэхдээ бүр өөрийн ханан дээр юу түгээж болох болон сошиал дахь бусдын постыг эх сурвалж болгон ашиглахдаа юунд анхаарах зэргийг нарийн ялгаж өгсөн.
 
Тухайлбал өөрийнхөө Фэйсбүүк аккаунтын ханан дээр доромжилсон, ялгаварлан гадуурхсан өнгө аяс бүхий пост нийтлэхгүй; хэн нэгэн улстөрч, намыг илтэд дэмжихгүй; аливаа мэдээллийг редакциасаа түрүүлж хувийн сувгаар цацахгүй; өөрийн сөрөг үзэл баримтлалыг бусдад тулгахгүй; редакцийн дотоод үйл ажиллагаа, байгууллагын нууцыг задруулахгүй гэж заасан. 
 
Миний бодлоор сэтгүүлчид ёс зүйн алдаа гаргаж буйн нэг шалтгаан нь мэдэхгүйд оршино. Түүнийг мэдүүлэх үүргийг редакци хүлээх ёстой. Нийгмийн сүлжээнд дүрэм журамтай байна гэдэг тухайн редакци сэтгүүлчээ хамгаалж буйн хэлбэр юм. Манайд “Gogo” болон “Ikon” сайт, “Bloomberg”,  “NTV”, “Eagle” телевиз гэсэн таван хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээнд ажиллах дүрэм журамтай байна. Эдгээр журамд сошиал орчинд редакцийн ёс зүйн зарчмыг ижил баримтална гэдгийг нийтлэг тусгаж өгсөн  байгаа. Мөн нийгмийн сүлжээнд хувийн постыг сэтгүүлчийнх гэсэн байр сууринаас хүлээж авдгийг сануулсан байгаа. Хэрвээ сошиал орчинд ажиллах дотоод журамгүй бол сэтгүүлч хамгаалагдахгүй байна гэсэн үг. 

 

Бусад хэлэлцүүлгүүд:

СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ : Мэдээ, мэдээлэл хоёроо ялгаж суръя

СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ: 5,000-аас дээш дагагчтай хэрэглэгчийг ХМХ-д тооцох "учиргүй"