Индэр    
2018 оны 10 сарын 24
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ : Мэдээ, мэдээлэл хоёроо ялгаж суръя

Зураг

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум 2018”-ыг зохион байгуулсан тухай бид мэдээлсэн билээ. 

Дижитал эрин үед мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйд тулгарч буй асуудал, бэрхшээл, түүнийг даван туулах арга замуудын талаар энэ үеэр хэлэлцсэн юм. Тодруулбал, мэргэжлийн сэтгүүл зүй нийгмийн сүлжээнээс хэрхэн ялгарах вэ, цахим орчинд хэвлэл мэдээллийн байгууллага өөрийгөө зохицуулж буй дотоод, гадаадын боломж туршлага хийгээд нийгмийн сүлжээнд сэтгүүлчдийн манлайлал сэдвүүдээр салбар хэлэлцүүлгүүд өрнөлөө. 

Ингээд "Мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн сүлжээ" хэлэлцүүлгийн панелистүүдийн байр суурийг хүргэж байна. 

Нийтлэлч Артаньян буюу Д.Түмэн-Өлзий: Баримтаар баяжуулах, мөрдөн сурвалжлах үйл ажиллагаа дутагдаж байна

 

Гадны нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сошиал медиатай хамтран ажиллах процесс хэдийнээ төлөвшиж буй хандлага манайд одоо л эхэлж байна.

Нэг хэсэг Монголын сэтгүүлчид сошиал медиаг дорд үздэг байсан. Гэтэл одоо сошиалчид өөрсдийгөө сэтгүүлчидтэй зэрэгцүүлэн авч үзэж буй нь мэргэжлийн үйл ажиллагаа дутагдаж байгаагийнх юм. Гал гарсан тухай мэдээллийг нэг сошиал хэрэглэгч зургийг нь аваад нийтэллээ гэхэд манай сайтууд агуулгыг баяжуулахгүй, яг тэр хэвээр нь мэдээлээд байдаг. Ингэхээр сошиал хэрэглэгчид нь бид сэтгүүлчдээс илүү гэж ойлгоод байна.

Ядаж гал юунаас болж гарсан, хор хохирол учирсан уу, дараа нь яах хэрэгтэй вэ зэрэг мэдээллүүд хэвлэлүүдээр гарахгүй байна. Өөрөөр хэлбэл, шуурхай оруулсан постын дараа нухацтай, олон талын эх сурвалжтай нийтлэлийн ялгааг гарах хэрэгтэй байна. Үйл явдлын араас мөрдөн хөөх, баримтаар баяжуулах мэргэжлийн сэтгүүлчийн үйл ажиллагаа дутагдаж байна.

“Asia Mining” сэтгүүлийн эрхлэгч С.Болд-Эрдэнэ: Сэтгүүлчийн контент бүр нэмүү өртөг шингэсэн бүтээл байх ёстой 

 

Мэргэжлийн сэтгүүлчид ур чадвартай, ёс зүйн кодтой гэх хэрнээ сошиалчдаас зааг ялгаа гаргахгүй байх явдлууд байгаа нь үнэн. Хэн нэгэн сошиал хэрэглэгчийн аманд багтаж байна гэдэг шүүмжлэлтэй хандах ёстойг харуулж байна. Тэгэхээр сэтгүүлчийн контент бүр нэмүү өртөг шингэсэн буюу хөдөлмөр орсон бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Мэргэжлийн зааг ялгааг өндөр түвшинд гаргахын тулд салбар салбарт мэргэшсэн сэтгүүлч бэлдэх, мэргэшүүлэх болон дижитал орчин, сошиал орчинд ажиллах ур чадвараа хөгжүүлэх шаардлагатай байна. 

Мөн мэдээллийг нягталж, баримтуулж гаргах тал дээр зөвхөн сэтгүүлчдэд буруу өгмөөргүй байгаа юм. Учир нь манай төрийн байгууллагуудын мэдээллийн нээлттэй бус, зохион байгуулалтгүй байдал асар ихээр нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. 

ХИС-ийн Мэдээлэл, харилцааны менежментийн сургуулийн захирал Д.Дагиймаа: Сошиал медиа хэрэглэгчийн төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн

 

Сошиал медиа гарч ирснээр гурван сая сэтгүүлчтэй боллоо гэсэн яриа гарсан. Үүнтэй хэзээ ч санал нийлж болохгүй. Олон хүн мэдээлэл түгээгч болчихоор сэтгүүл зүй хаачих вэ гэдэгт хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгэл зовниж эхэлсэн. Ингээд хэрэглэгчийн төлөө, үзэгчийн төлөө өрсөлдөж эхэлсэн.

Сэтгүүлчид мэргэжлээ авч үлдэхийн тулд хичээх, шинийг санаачлах, илүү бүтээлч байх шаардлагатай болсон. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэгвэл хэрхэн өрсөлдөж байна вэ? Мэдээллийн урсгал асар их болсон дижитал эринд сэтгүүл зүйн салбарынхан хүлээн авагчдаа өөрсдөө боловсруулж, бий болгох хэрэгтэй байна. Ингэж байж мэргэжлийн сэтгүүл зүй ялгарна. 

Нийгмийн сүлжээ дэх хуурамч мэдээллийн сөрөг нөлөө өнөөдөр ардчилалд аюул занал авчрах хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Гэтэл дэлхий дээр 120 орчим баримт нягталж шалгадаг сайт байдаг. Эдгээрийг ашиглах шаардлагатай. Мөн нийгмийн сүлжээнд сэтгүүлчид өөрсдөөсөө эхлээд ёс зүйтэй байх нь зүйтэй.

Нөгөө талдаа нийгмийн сүлжээнд бий болсон хуурамч мэдээллийн нөлөөгөөр уг нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнэ цэнэ улам бүр тодрон гарч байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байгааг хэлэх хэрэгтэй. 

“Ikon” сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа: Сэтгүүлчид сошиал медиаг дайснаа биш боломж гэж харвал үр дүнтэй

 

“Ikon” сайтын сэтгүүлчид сошиал орчинд мэдээлэл түгээх, сошиал медиаг ашиглахдаа мэргэжлийн ёс зүйн дүрмээ баримтална гэсэн дотоод журам бий. 

Нөгөө талд сошиал медиаг сэтгүүлчид дайснаа гэж харахгүйгээр боломж болгон ашиглавал үр дүн өндөр. Сэтгүүлчдийг сошиалаас мэдээлэл авлаа хэмээн шүүмжилдэг. Гэвч бид үүнийг ашиглах эрхтэй, хамгийн гол нь сошиал дахь мэдээллийг баримтаар баталгаажуулах ёстой. Мэдээ, мэдээлэл хоёр өөр гэдгийг бид ойлгох цаг болсон. Мэдээлэл гэдэг нийгмийн сүлжээнд урсаж байдаг үнэн, худал бүх зүйлсийг хэлнэ. Харин мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагын бэлтгэсэн баримтаар баталгаажуулсан агуулгыг мэдээ гэнэ. 

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлд ирдэг гомдлын дийлэнх нь мэдээллийг нягтлаагүй тухай байдаг. Эх сурважлийн сошиал дахь хаягийн албан ёсны мөн эсэхийг нягтлах нь наад захын шаардлага юм.

Түүнчлэн сэтгүүлчид сошиал медиаг контентоо үр нөлөөтэй болгох мөн харилцааны хэрэгсэл болгон ашиглах боломжтой. Манай сайт л гэхэд цагаан сонголтын уриалга, хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардсан ажлууд маань сошиалаар дамжуулан үр дүнд хүрч байна. Нийгмийн сүлжээ бидэнд олон талын эх сурвалжтай харилцах болон харилцаа холбоогоо тэлэх боломж олгож байгаа. Гэхдээ нийгмийн сүлжээ дэх сөрөг талууд мэдээж их байна. Тухайлбал хуурамч мэдээлэл энэ цаг үеийн хамгийн хортой зүйл болоод байна.  Хамгийн наад зах нь сэтгүүлчид баримт шалгах технологийн олон аргыг ашиглаж сурах хэрэгтэй. Гэхдээ мэдээллийн боловсрол буюу мэдээллийг нягталж салгах, дүгнэх, харьцуулах чадвар зөвхөн сэтгүүлч бус мэдээлэл авч буй хүн бүрийн чухал чадварын нэг болоод байгааг хэлэх хэрэгтэй. 

Энэ үеэр заалнаас МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар саналаа хэлэхдээ "Сэтгүүлчид нийгмийн сүлжээнээс ялгаралаа бий болгох модыг тарих ёстой. Дижитал эрин үе бол хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд цунами. Цунамид өртөхгүйн тулд мод тарьдаг болохоос агуйд нуугддаггүй. Сэтгүүлчид ээ, сэрцгээ. Ажлаа хийцгээ. Өнөөдөр сошиал медиагаас ялгарахын тулд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд юу хийж байна вэ. Нийгмийн сүлжээнээс ялгарах ялгарлаа бий болгох модоо тарьцгаа. Залуучуудыг сонин уншиж, радио сонсдоггүй гэж буруутгаж болохгүй. Тэднийг татах, уншуулахын тулд сошиалаас ялгарч юу хийсэн билээ гэдгээ редакциуд эргэн харах ёстой" гэж байв.