Зураг
Зураг
Индэр    
2021 оны 5 сарын 3
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

“Мэдээлэл-нийтийн сайн сайхан” уриалгаар юу хэлэхийг хүссэн бэ?

Зураг

Өнөөдөр-Тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.

1991 оны Виндхукийн (Намибын нийслэл) тунхгаас улбаалсан энэ өдрийг 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей албан ёсоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн зарлаж, хэвлэл мэдээллийн салбарынхан 30 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ өдрөөр,

  • хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй гэсэн амлалтыг нь засгийн газруудад,
  • хэвлэлийн эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүйн асуудлаа анхаарах ёстойг сэтгүүл зүйн салбарынханд сануулж;
  • ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийг нийтээрээ нь дурсдаг.

2021 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэл-нийтийн сайн сайхан” (Information as a public good) уриатайгаар тэмдэглэж байна. Энэхүү уриаг “Мэдээлэл бол нийтийн сайн сайхан.

...Нийтийн сайн сайхан  болохын хувьд үүнд нийтийн дэмжлэг хэрэгтэй” (Joseph E.Stiglitz) гэсэн судлаачийн үгнээс эш авчээ.

“Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлд нэвтрэх эрх чөлөөний өнөөгийн асуудалд анхаарч, экосистем нь өөрчлөгдөн буй сэтгүүл зүйн салбарын нийтийн төлөөх үүргийн асуудлыг онцолсон хэрэг” гэж ЮНЕСКО-гийн тайлбарт бичсэн байна.

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр яагаад ингэж уриалсан, юуг хэлэхийг оролдсон тухай тус тайлбараас орчуулан хүргэе.

МЭДЭЭЛЭЛ ҮХЭЛ, АМЬДРАЛЫГ ШИЙДЭЖ БОЛОХЫГ ЦАР ТАХАЛ ХАРУУЛЛАА

“Мэдээлэл-нийтийн сайн сайхан” томьёоллоор мэдээлэл гэдэг ойлголтыг хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэлэг, энтертайнмент, дата зэрэг харилцаа холбооны зарим контентоос эрс ялгаатай болохыг онцлов.

Үүний зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөөх баталгаат мэдээллийг үйлдвэрлэхэд сэтгүүл зүй онцгой үүрэгтэйг анхааруулах юм. Мөн энэ онцгой үүрэг сэтгүүл зүйн экосистемийн асуудлаас хамаардаг гэдгийг ойлгуулах явдал гэжээ.

Найдвартай мэдээлэл, үүнд ялангуяа сэтгүүл зүйгээр дамжин чөлөөтэй нэвтрэхийн ач холбогдлыг “КОВИД-19” цар тахал бидэнд харуулж байна. Тодруулбал, Цар тахал гэх мэт ийм хямралын үед мэдээлэл үхэл, амьдралыг шийдэх асуудал байж болно.

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2021”-ийн уриалга нь дэлхий даяар төөрөгдөл, үл ойлголцол, хуваагдмал байдлыг бий болгож буй буй санаатай болон санамсаргүй хуурамч мэдээллийн холимог буюу “КОВИД-19”-ийн тухай “хуурамч мэдээллийн цар тахал” (disinfodemic)-тай нүүр тулсныг онцлон тэмдэглэж байна.

Олон нийтэд нээлттэй баталгаат мэдээлэл, өгөгдлийн хомсдол нь хор хөнөөлийг учруулж болохуйц агуулга, нийтийг төөрөгдүүлсэн хуйвалдааны онолуудыг бий болгож, дийлэнхдээ онлайнаар тархаж байгааг сануулжээ.

“КОВИД-19”-ийн хямрал нь дэлхийн чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн үүрэг хэр их чухал болохыг тодруулж өглөө.

Сонин, телевиз, радио, интернэт сэтгүүлчдийн бүтээлүүд нь олон нийтийн сүлжээгээр дамжиж байгаа ч гэсэн сошиал орчноос ялгарах мэдээллийн хүчирхэг эх сурвалж хэвээр байна.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд мэдээллийн асар олон, маш нарийн төвөгтэй урсгалуудыг илүү хүртээмжтэй болгож, шинжлэх ухааны баримтуудыг олон нийтэд ойлгомжтой болгож, тогтмол шинэчилж буй дата, мэдээллээр хангаж, баримтыг нягталснаар цар тахлын тухай ойлгож мэдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Сэтгүүлчид, баримт нягтлагч нар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч буй татаас, гэрээг шүүмжлэлтэй хянаж, үүнээс болж эрх баригчдын дарамт шахалтад өртсөн кэйс олон оронд гарсан. Мөн нийтийн жагсаал цуглааны үеэрх олон нийт, болон цагдаа нараас тулгарах сорилтоос гадна вирусийг дарах арга хэмжээнүүдийн хязгаарлалт нь сэтгүүлчдэд саад болж байна.

ӨНӨӨГИЙН СОРИЛТУУД

  1. Мэдээллийн байгууллагуудын оршин тогтнох асуудалд заналхийлж байсан сорилтууд мэдэгдэхүйц чангарав. Үүнд сэтгүүл зүйн зах зээлд орлогыг өрсөж авах болсон интернэтийн компаниуд болон нийтийн эрүүл мэндийн хямрал эдийн засагт үзүүлж буй дарамтаас үүдэн ашиг орлого буурсан тухай асуудал орно. Эдийн засгийн хараат бус байдал нь редакцын хараат бус байдалд нөлөөлөх нь ойлгомжтой.
  2. Нийгмийн сүлжээ, мессеж бичих, хайлтын үйлчилгээ зэргийг эрхэлдэг интернэтийн компаниуд олон тооны хуурамч мэдээлэл дамжуулдаг (хүний эрхэд хор хөнөөл учруулж болзошгүй бусад агуулга) агуулгын урсгалаас ашиг олж байна.

Сэтгүүл зүйн хүртээмжтэй байдлыг эдгээр компаниуд хангаж байгаа боловч агуулгын өргөн хүрээний онцлог шинж чанар, ач холбогдлыг нэн тэргүүнд тавиагүй болно.

  1. Энтертайнмент, өгөгдөл болон бусад төрлийн контентын урсгалтай зэрэгцэн оршиж буй мэдээлэл, хуурамч мэдээллийн урьд өмнө үзэгдээгүй энэ урсгалд хүмүүс төөрөгдөж, арга зальд нь ороогдож, ялангуяа алгоритмын хувийн тохиргооны бай болох эрсдэлд орж байна.

БҮХ ОРНЫ ИРГЭД ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛОО БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Энэхүү уриалгын баримт бичгийн дүгнэлтэд бүх орны иргэд хэвлэл мэдээллийн боловсролдоо анхаарч, асуудалд шүүмжлэлтэй хандахын чухлыг дүгнэжээ. 

Мэдээлэл бүхий дүгнэлт шийдвэр гаргах, олон нийтийн ашиг тус болох тогтвортой хөгжилд шүүмжлэлтэй оролцохын тулд бүхий л улсын иргэд хэвлэл мэдээллийн боловсрол (MIL)-ийн ур чадвараа хөгжүүлэх, бэхжүүлэх нь нэн чухал юм.

Үүний нэгэн адил иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнийхөө талаарх мэдлэг болон баталгаат мэдээлэл үйлдвэрлэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо онцгой чухал юм.

Олон хүнд хүрэх боломжтой нийтийн сайн сайхны хувьд мэдээлэл нь бидэнд өөрсдийн эрх, давуу эрхээ мэдэх боломжийг олгодог төдийгүй тогтвортой хөгжлийн төлөөх нийтлэг ашиг сонирхолд хувь нэмэр оруулдаг.