Зураг
Зураг
Индэр    
2018 оны 11 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Мэдээллийн боловсрол яагаад чухал вэ?

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Калифорни-Сан Диегогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн өдөр бүр 34GB-тай дүйх хэмжээний мэдээ, мэдээлэл дунд хөвөрдөг. Энэ нь зөөврийн компьютерийг долоохон хоногийн дотор хэт ачаалуулах хэмжээ хэмээн тогтоожээ.
 
Мөн хүн өдөрт (сэрүүн байх 12 цагт) дунджаар 105,000 үг, секундэд 23 үгийг утас, интернэт, цахим шуудан, телевиз, радио, сонин, ном зэргээр дамжуулж хүлээн авдаг байна. Хэдийгээр хүн өдөрт 105,000 үг уншиж чадахгүй ч, энэ нь өдөр бүр хүний нүд, чихээр дамжин хүрч болох тоо юм. Харин зураг, бичлэг, тоглоом зэргийг нэмснээр хүн өдөрт дунджаар 34 GB мэдээлэл хүлээж авдаг гэнэ.

Энэ их мэдээ, мэдээлэл дунд амьдарч буй хүмүүс бид үнэн, зөвийг хэрхэн ялгаж, салгахаа мэдэхгүй болжээ. 

Тиймээс ч дэлхий дахинаа энэхүү байдлыг засахын тулд мэдээллийг түгээгч, хүлээн авагч хүмүүс "мэдээллийн боловсролд" суралцаж эхэлжээ.

Мэдээллийн боловсрол гэж юу вэ?

"Унших+Ойлгох+Нухацтай бодох = Мэдээллийн боловсрол" гэж НҮБ-аас тодорхойлжээ. 

Орчин үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд үзүүлэх нөлөө асар их болсон. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөнд автаж байдаг. Тухайлбал, 3.1 сая хүн амтай манай улсад гэхэд л 2.6 сая интернэт хэрэглэгчид байна. Үүний 60 хувь нь сошиал сүлжээнд, ялангуяа Фэйсбүүкт, маш идэвхтэй байдаг. Энэ нь хүн амын талаас илүү хувь нь мэдээллийг цахимаар хүлээн авч, түгээдэг болсон гэсэн үг юм. 

Тийм ч учраас технологи үсрэнгүй хөгжиж буй энэ цагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ, мэдээллээ сайтар нягталж үнэн зөв мэдээлэх үүрэг хариуцлагатай тулгарч байгаа юм. Нөгөөтэйгүүр, иргэд ч мөн адил мэдээллийг шууд түгээхээсээ өмнө үнэн зөв эсэхийг ялгаж, таньж сурах нь чухал болоод байна. Үүнийг бид өнөө цагт "мэдээллийн боловсрол" хэмээн хэлж буй.

Мэдээллийн боловсрол нь дараах ач холбогдлуудтай гэж судлаачид үзэж байна.

  • Шүүмжлэлтэйгээр бодож сурна. Энэ нь аливаа мэдээллийг уншчихаад дүгнэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх юм.
  • Мэдээллийн ухаалаг хэрэглэгч болно. Энэ нь найдвартай эх сурвалжийн, үнэн зөв мэдээлэл мөн эсэхийг тодорхойлох чадвар юм.
  • Үзэл бодлыг таньж сурна. Энэ нь зохиогчийн хэлэх гэсэн санааг ойлгож, танихыг хэлнэ.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хариуцлагажуулна. Иргэд дээрх чадваруудыг эзэмшсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улам чанаржиж, тоо нь цөөрч, гаргаж буй мэдээндээ хариуцлагатай ханддаг болно.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргийг тодорхойлно. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл яг аль чиглэлээр дагнан мэдээ бэлтгэж, иргэдэд хүргэж байгааг ойлгоно.
Хуурамч мэдээллийн хор уршиг

Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад хуурамч мэдээлэл хувь хүний эрх ашгаас эхлээд улс орны хэмжээнд нөлөөлөхүйц хүчтэй болжээ. 

Олон нийт үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээс болж төөрөлдөх, бусдын талаар буруу ойлгох улмаар өөрсдөө хохирогч болох эрсдэл дунд амьдарч байна. 

Дийлэнх хүмүүс цахим орчин дахь мэдээллийг үнэн бодитой эсэхийг ялгаж чаддаггүй. Үүнийг нь зарим нэг ашиг сонирхолтой этгээдүүд ашигладаг. Худал хуурмаг мэдээ мэдээлэл зохиож, цахим орчинд тараах явдал нь ихэнхдээ мөнгөний, улс төрийн эсвэл өөр бусад нуугдмал ашиг сонирхлын үүднээс хийгддэг аж. 

Бидний ярьж заншсанаар "хуурамч мэдээллийг" гадны улс орнууд дараах 2 байдлаар ангилдаг байна

  1. Misinformation- буруу ташаа мэдээлэл. Гэхдээ мэдээллийг цацсан хүн үнэн гэж боддог
  2. Disinformation- санаатайгаар, зорилготойгоор цацсан буруу, худал мэдээлэл

Хуурамч мэдээллээс үүдэх энэхүү аюул нь дэлхий дахинд хүчтэй газар авч байгаа юм. 

Тухайлбал, БНХАУ-аас Тайвань руу байнга дайралт хийж, цахим орчинд худал мэдээлэл тарааж олон нийтийн санаа бодлыг эргүүлэхийг оролддог талаар Тайваний Ардчиллын сангаас хэлсэн юм. Харин АНУ болон Малайз улсад улстөрийн сонгуулийн үеэр хуурамч мэдээ хүчтэй тархаж эхэлдэг гэнэ. Энэ нь сонгуулийн дүнд нөлөө үзүүлж байсан тохиолдлууд ч цөөнгүй байдаг аж. Тиймээс үүний эсрэг тэд хэдийнээ арга хэмжээ авч эхэлсэн нь иргэдээ мэдээллийн боловсролтой болгож буй явдал юм.

Мэдээллийн боловсролд суралцаж буй ард түмний туршлагаас

The News Literacy Project  /АНУ/

 

Арван жилийн өмнө Лос Анжелес Таймс сонины Пулитцерийн шагналт сэтгүүлч Алан Миллер "Мэдээллийн боловсрол төсөл"-ийг санаачилж, Вашингтон ДС хотод ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Энэхүү төсөл нь цахим эрин үед амьдарч буй оюутан, сурагчдад мэдээллийг хуурамч, бодитой эсэхийг ялган таньж сургахад чиглэгджээ. Мөн бүх мэдээлэл адил тэгш биш гэдгийг зааж, мэдээллийн ухаалаг, идэвхтэй хэрэглэгч болох чадварыг эзэмшүүлдэг байна. Төслийн хамт олон нэн түрүүнд залуу үеийн сурагч, оюутан залуусыг мэдээллийн боловсролд сургах нь үр дүнтэй гэж үзжээ. 

Тэд анх хөтөлбөрөө эхлүүлэхдээ Нью-Йорк хотод байрлах их дээд болон ахлах сургуулиудад танхимын хичээл зааж байжээ. Ингээд яваандаа АНУ-ын бусад муж, хотуудаар хичээлээ орсон байна. Энэ маягаар найман жилийн хугацаанд 400 гаруй сайн дурын туршлагатай сэтгүүлчид 25,000 сурагч, оюутнуудад 750 төрлийн танхимын хичээлийг заасан байна.

2016 оны тавдугаар сард тус байгууллагаас интернэтээр үзэх боломжтой онлайн e-learning хичээлийн программыг танилцуулсан юм. Энэхүү хичээл нь newslit.org сайт дээр байршдаг. Онлайн хичээлийн программ танилцуулагдсаны дараа АНУ-ын 50 мужийн 12,000 багш, сурган хүмүүжүүлэгч нар системд бүртгүүлж энэ хичээлийг өөрсдийн сурагчдадаа зааж эхэлжээ.

Мөн тэд онлайн хэрэглэгчдэдээ зориулж хуурамч мэдээллийн тухай онлайн нэвтрүүлгийг цацаж байгаа аж. Сүүлийн жилд төслийн багаас сурагч, хүүхэд залууст зориулсан хуурамч мэдээллийг таниулж сургах сонирхолтой онлайн тоглоомыг зохион бүтээжээ.

Ийнхүү АНУ-ын залуу үе мэдээллийн боловсролд суралцаж, хуурамч мэдээллийг ялгаж сурч буй юм.

Баримт нягтлах төв  /Тайвань/

 

БНХАУ-ын Засгийн газар Тайваний ард түмний олон нийтийн санаа бодлыг эргүүлж, өөрчлөхийн тулд санаатайгаар цахим ертөнцөд хуурамч мэдээлэл тараах тохиолдол тогтмол гардаг байна. Үүний эсрэг Тайвань Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиа шинэчлэн найруулахаар төлөвлөж буйгаа саяхан мэдэгджээ. Бээжингийн эрх баригчдын энэхүү зохион байгуулалттай үйлдэл нь Тайваний ардчилсан амьдралын хэв маягийг үгүй хийх аюултай бөгөөд тус улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Тиймээс Тайвань сүүлийн жилүүдэд хуурамч мэдээллийн эсрэг олон арга хэмжээ авч эхэлний нэг нь мэдээллийн баримт шалгаж, нягтлах төвийг нээсэн явдал юм. Тус төв нь Тайваний сэтгүүлчдийн холбоотой хамтарч ажилладаг бөгөөд мэдээллийн сөрөг үр дагаварыг хязгаарлаж, ардчиллын хөгжлийг дэмжиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж ажилладаг байна.

Баримт шалгах төв нь вэбсайтдаа илт хуурамч мэдээллүүдийг баримт, нотолгоотойгоор ил гаргадгаараа онцлогтой. Мөн тус вэбсайтад бүртгүүлсэн гишүүд өөрсдийн худал, хуурамч хэмээн үзэж буй мэдээллүүдээ оруулж шалгуулж болох юм байна.

Түүнчлэн, Тайваний бас нэгэн хэрэгжүүлж буй үр дүнтэй арга бол ахлах ангийн сурагч нарт хуурамч мэдээллийг хэрхэн ялган таних талаар хичээл орж буй явдал юм. Ингэснээр залуучууд сошиал сүлжээг ашиглахдаа хянуур хандаж, уншчихаад бодож сурна гэж Тайваний Мэдээлэл Технологийн сайд Аудрей Танг онцолсон байна. Тэрбээр өөрөө энэхүү "мэдээллийн боловсролын" тухай хичээлийн хөтөлбөрөө зохиожээ.


Энэ мэтчилэн хөгжингүй улс орнууд өөрсдийн арга барилаар хуурамч мэдээллийн эсрэг арга хэмжээ авч, мэдээлэл хүлээн авагч иргэдээ боловсруулж эхэлсэн байна. 

Харин, манай улсын мэдээллийн боловсролын талаар МУИС-ийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал "Цөөн хүн амтай, аман ярианд итгэдэг сэтгэлгээ бүхий манай улсын хувьд хэвлэл мэдээллийн боловсролыг ард иргэд, ялангуяа өсвөр насныханд системтэйгээр олгох нь нь нэн чухал. Хэвлэл мэдээллийн боловсрол гэдэг нь олон төрлийн мэдээллийн хэрэгсэлд нэвтрэх, тэдгээрээс мэдээлэл хүлээн авах, анализ хийх, үнэлэх дүгнэх болон тэдгээрт мэдээлэл түгээх, өөрөө мэдээллийн хэрэгсэл байгуулах ур чадварыг хэлж байгаа. Үүнд хуурамч мэдээг ялгах, баталгаажуулах зуршил ч багтана" хэмээн нийтлэлдээ дурдаж байжээ.