Зураг
Зураг
Индэр    
2018 оны 12 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Залуу хосуудын төсөөлж мөрөөддөг байсан гэр бүлийн амьдрал бодит байдал дээр өөр байх болно"

 

"Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал" судалгаагаар сүүлийн 17 жилийн хугацаанд гэр бүл цуцлалт 4 дахин нэмэгджээ. 

Тодруулбал, 2017 оны байдлаар гэрлэлтээ цуцлуулсан хосуудын 60 орчим хувийг 10-аас дээш жил амьдарсан хосууд эзэлж байгаа юм. Харин гэрлэлтээ цуцалсан хүмүүсийн зөвхөн 4 хувь нь хүүхэдгүй гэдэг нь судалгаагаар тогтоогджээ.

Тиймээс ямар учраас гэр бүл салалт ийн нэмэгдэх болсон талаар гэр бүл судлаач, хуульч Л.Нарантуяатай ярилцлаа.

-Гэр бүл салалтын асуудал жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ тоо нэмэгдэж буй шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?

-Миний хувьд 27 жил гэр бүлийн салбарт ажиллаж байгаагийн хувьд өөрийн ажиглаж, судалснаасаа дүгнэлт хийхэд Их эзэн Чингис хааны маань "Биеэ засаад гэрээ зас, түүний дараа төрөө зас" гэсэн уламжлалт зарчим алдагдсан гэж үзэж байна.

Байгалийн жам ёсны хууль зөрчигдөж байгаа энэ байдлаас болж жил ирэх тусам гэр бүлийн үнэлэмж буурч, гэр бүлийн үзэл суртал, баримтлал аажмаар үгүй болж байгаа юм.

Тухайлбал, шүүхээр хэлэлцэгдэж байгаа асуудлуудын 40 хувь нь гэр бүл салалт байгаа төдийгүй 4 гэр бүл тутмын 1 нь салж байна гэсэн сүүлийн үеийн тоо баримт байна.

Гэтэл Социалист нийгэмд гэр бүл салалт 7 хувь л байсан. Тэр үед өвөө эмээ, эцэг эх, төр засаг нь салалтын асуудалд маш хатуу цээртэй ханддаг байсан. Гэтэл өнөөгийн нийгэмд гэр бүл салалтад төрөөс бодлогоор ямар ч хяналт тавьж байгаа зүйл байхгүй. Мөн эцэг эх гэр бүлийнхэн нь хүүхдүүдээ салахад нь ерөөсөө хяналт тавьж, болиулах нөлөө хийхгүй байна.

Түүнчлэн, гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд маш их нөлөөтэй. Өнгөцхөн харвал эрэгтэй нь эмэгтэйгээ хүчирхийлж байгаа боловч нөгөө талаас эмэгтэй нь эрэгтэйгээ хүчирхийлж байгаа асуудал газар аваад байна.

-Эмэгтэй нь эрэгтэйгээ хүчирхийлж байна гэлээ. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Одоогийн нийгэмд бүсгүйчүүд эрчүүдээсээ илүү сурч боловсорч, ажил хийж, амьдралаа авч явах чадвартай болчихож. Монголын нийгмийн 820,000 гэр бүлийн 85 хувийг эмэгтэй хүн нуруундаа үүрч явна.

Тэд үр хүүхэд, хань ижил, хоол хүнс, хувцас, орон байр, өр зээл гэх мэт олон асуудлуудыг нуруундаа үүрснээс болж байгалиасаа эмэгтэйлэг чанараа маш их алдаж байгаа. Маш эршүүд, айдасгүй, догшин, ширүүн болж байна. Учир нь байгалиасаа байх ёстой хайрлуулж, энхрийлүүлэх аз жаргалыг өнөөгийн эмэгтэйчүүд энэ цөвүүн цагт маш хомс эдэлж байна. 

Эмэгтэй хүн маш бага зүйлийг хүсдэг гэдгийг Монгол эрчүүд мэдэхгүй байна. Эмэгтэй хүний сэтгэл, биеийг өвтгөхгүй, урваж тэрслэхгүй тогтвортой байж чадвал сард 200 мянган төгрөг авчирсан ч 60-70 жил хамт амьдрах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. 

Гэтэл эрчүүд нь архи тамхи хэрэглэж, хуурч мэхлэн, садар самуунд холбогдон орчлонгийн муухай болгоныг хийж байна. Үүнээс болж бүсгүйчүүд эгдүүцэж, амьдралыг нуруундаа үүрэхэд хүрч байна. 

-Монгол улсын гэр бүл салалтын түвшин олон улстай харьцуулбал хэр байгаа вэ? Дэлхийн бусад орнууд салалтын асуудлаа хэрхэн шийддэг юм бол?

- Дэлхийн улс гүрнүүдэд гэр бүлийн задрал нэлээн хүчтэй явагддаг. Манай улсын уламжлалаар өрх гэр бүлийг үзэх үзэл суртал их өндөр улс орны нэг л дээ. Сүүлийн 28 жилд хайнга гэрлэлтүүд мөн хуурамч гэрлэлтүүд их гарах болсон. 500,000 төгрөг шинэ гэрлэгсдэд хяналтгүй олгосноос эхэлж замбараагаа алдаж гэрлэлтийн үнэлэмж маш их буурчээ. 3.2 сая хүн амтай  манай улсад жилд 17,000 орчим хос гэрлэж байна. Салалт ч төдий хэмжээгээр их болж, төрөлт хүүхдийн тоо сүүлийн 4 жилд тасралтгүй буурч байна.

Гадаад оронд гэр бүлийн салалтыг маш хатуу чанд хариуцлага оногдуулах замаар хянаж шийддэг. Мөнгөн торгуулиуд их өндөр учраас тийм амархан салж нийлж тогтох боломжгүй. Манайд өөрийн хүүхдэд тэтгэмж өгөхгүй зугтаадаг аавууд асар олон. Бүр хаяг оршин суугаа газраа хүртэл өөрчилж ор сураггүй зугтаах нь үнэхээр шившигтэй. 

Түүнчлэн зарим эмэгтэй мөнгөтэй хүнээс хүүхэдтэй болж тэтгэмжээр нь / хүүхдийнхээ мөнгөөр/ амьдрах шинэ арга зам дэлгэрч байна. Гэрлэсэн хүнээс хүүхэд олж, шантаажлах гэсэн мөнгө олох арга бий болжээ. Энэ бас л орчлонгийн шившиг. 

График /Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал судалгаа/

 

-Ер нь гэр бүл салалтын гол шалтгаан юу байна вэ? 

- Хүн ханиа сонгохдоо өөрийн давуу сул талаа бодолцож байж сонгох хэрэгтэй байна. Нэгнийхээ дутагдлыг хүлээж авч чадна гэсэн хүнтэйгээ ханилах хэрэгтэй. Ингээд хамтдаа сайхан амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байвал гэрлэлтээ улсад бүртгүүлэх ёстой. Бүртгэлгүй гэр бүлээс маш олон удаагийн хэрүүл тэмцэл, гуниг зовлон үүдэж байгаа. Энэ нь хүүхэд өнчрүүлж буй салалтын нэг шалтгаан болно.

Мөн насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдээ гэр бүл болоход огт бэлдэхгүй байна. Насанд хүрсэн хүнд аав ээж, багш сурган хүмүүжүүлэгч, төр засгийнхан бүгд орно. Хүүхдүүд зүгээр л урсгалаараа яваад байна. Гэтэл урсгалаараа явж болохгүй ганц салбар бол хайр сэтгэл, гэр бүлийн харилцаа юм. 

Хүссэн хүнтэйгээ учирч, сайхан амьдарч, үр хүүхдэдээ өөрийн хүсэл мөрөөдлийг өвлүүлэхийн тулд бид гэр бүл болдог. Гэтэл хүний оюун ухааны бүх хүчин зүйлс өнөөдөр материаллаг эд хөрөнгөнд төвлөрдөг болоод байна. Эрх мэдэл, эд хогшил гээд л бүх зүйл мөнгөөр үнэлэгддэг болсон. Дээр дооргүй бүгд материаллаг зүйлийн араас шуурч амьдарч байна.  Өөрөөр хэлбэл, аав ээж нар мөнгө олоход төвлөрөөд хүүхдээ орхигдуулаад байна. 

Аав, ээж болсон хүн болгон өөрийн хүүхдэд өгөх ёстой хайр энэрэл, халамж асаргаа, хүмүүжил, ёс суртахуун, боловсролыг хамгийн дээд хэмжээнд нь өгч, өөрсдөө үлгэрлэх шаардлагатай. Энийг хүн хийхгүй залхуурч, хүүхэд нь яваандаа өөрөө мэдээд гэр бүлтэй болчихно гэж хаяснаас болж гэр бүл салалт нэмэгдээд байгаа юм.

Тэгэхээр гэр бүл салалт нь өнгөцхөн харвал төр засаг, хуультай холбоотой мэт боловч яг үнэндээ хувь хүнээс өөрөөс маш их шалтгаалж байна. 

Хайрлахыг хүн төр засгаас асуудаггүй, заримдаа эцэг эхээсээ ч асуудаггүй. Хувь хүн өөрөө шийдэж гэр бүл болдог. Нэг гаргасан шийдвэртээ 60 жил тууштай оюуны хөдөлмөр хийх хэрэгтэй. 

 Гэр бүл салалтын асуудалд 45-аас дээш насныхан анхаарах хэрэгтэй байна.

-Тэгэхээр таны хэлж буйгаар салалтаас сэргийлэхийн тулд  хувь хүний хүмүүжил л хамгийн чухал гэсэн үг үү?

-Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Гэр бүл салалтын асуудал нь хувь хүний гэр бүлийг үзэх үзэл бодол юм. Багадаа аав ээжээсээ сурсан зүйлийг л ирээдүйд хийж байгаа гэсэн үг. Эцэг эх нь тэр хүүхдийг зодож байсан учраас л гэр бүл болоод эхнэр, хүүхдээ зодоод байгаа юм. Хайртай хүн нь зоддог гэсэн хүмүүжлийг 0-18 насандаа авчихсан л гэсэн үг. 

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд хэрүүл хийж , зодож, анхаарал халамжгүй  байх энэ асуудал нь хүүхдийн чинь сэтгэлийг гэмтээгээд, төлөвшлийг нь үгүй хийгээд байна. Эцэг эх нь тоохгүй, анхаарал халамж сул тавьдаг байсан хүүхэд ирээдүйд өөрийн гэр бүлдээ халамжтай сайн аав, ээж болж чадах уу. 

 Тийм учраас хүүхдээ зөвхөн хөгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийж, гэртээ эв зүйтэй байж, зөв үлгэр дуурайлал үзүүлж, анхаарал халамж тавьж байхыг л хэлээд байгаа юм.

Хамгийн гол нь гэр бүл салалтын асуудалд 45-аас дээш насныхан л сайн анхаарах хэрэгтэй байгаа юм. Дээд үе нь зөв төлөвшиж чадвал, доод үе нь  зөв хүмүүжнэ. 

-Гэр бүл салалт нь нийгэм, эдийн засагт ямар хохирол учруулж байна вэ?

-Энгийнээр тайлбарлая. Салсан хосууд мэдээж хэрэг цуг амьдрахгүй. Нэг нь гудамжинд гарна, эсвэл эргээд ах дүү, аав ээж дээрээ очно, эсвэл түрээсийн байранд амьдарна. Хүүхэд хоёр хүний цалингаар өсөж байсан бол зөвхөн нэг хүнийх нь цалингаар өсөх шаардлага тулгарна. Бүх ачаа нэг хүн дээр ирж байгаа учраас маш их эдийн засгийн асуудал үүснэ. Энэ бол маш том эдийн засгийн хохирол. 

Мөн гэр бүл салснаар нийгэмд маш буруу хандлага бий болно. Жишээ нь, зочид буудлууд нэмэгдэнэ. Салсан хүмүүс өөрсдийн байгалийн жам ёсны дотносох харилцааг хийхийн тулд зочид буудлуудад хоноглоно. Энэ нь бэлгийн замын өвчлөл тархах үндэс. Энэ бүхний ард хамгийн том хохирогч нь хүүхэд. 

Хүүхдүүд эцэггүй өсөж байна. Эцэггүй хүүхдийн толгой том. Үүнээс болж хүүхдүүд архи уух, мансуурах, биеэ үнэлэх гэх мэт маш харамсалтай хэргүүд нийгэмд гарч байна. Өнөөдөр 13-15 насны охидуудын төрөлт ихэссэн. Насанд хүрсэн эрчүүд охидыг худалдаж авч байна. Энэ бүх муухай хэргүүд гэр бүл салалттай маш их холбоотой. 

Тиймээс энэ асуудалд аав, ээж болсон хүн бүр маш сайн анхаарах хэрэгтэй байна. Охин үрээ нүдний цөцгий мэт хайрла.

-Сүүлийн үед гэр бүл салалт, хосуудын хэрүүл маргаан фэйсбүүк, цахим сүлжээнээс болж үүддэг болсон. Энэ тал дээр таны байр суурь?

- Фэйсбүүк, цахим сүлжээ нь дэлхийтэй холбогдох, мэдээ мэдээлэл авах маш ашигтай хэрэгсэл. 

Гэтэл цахимаас болж гэр бүл салах хэрэг сүүлийн үед их гардаг болсон. Цахимаар танилцах, чат бичих нь хосуудын дунд хэрүүл үүсгэдэг гол шалтгаан болдог. Хол байдаг хосууд ялангуяа, цахимаас болж салах нь элбэг.

Тиймээс хэрвээ гадаад  явах төлөвлөгөөтэй бол гэр бүлээрээ явах хэрэгтэй. Гурван сараас илүү ганцааранг нь явуулах хэрэггүй.  Энэ чиглэлээр дүрэм гаргах хэрэгтэй.

Ер нь бүх гарч буй гэр бүлийн тухай хууль дүрэм нь Монгол гэр бүлийг хамгаалахын төлөө, салгахгүйн төлөө байх ёстой гэж би хуульч хүний хувьд боддог.

-Гэр бүлийг хамгаалахын тулд  төр засгийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй юм бэ?

-Төр засгийн зүгээс одоо байгаа хуулиа л сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Шинээр хууль дүрэм гаргах хэрэггүй.

Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш хүчирхийлэл багасаагүй.  Хүчирхийллийн хуулийн дагуу эхнэрийг нь хамгаалж байна гээд нөхрийг нь хорьчихдог. 2-3 сар хоригдсон хүн эргээд гарахаараа эхнэртээ сайхан хандаж, хэвийн сэтгэл зүйгээр хандах уу. 

Хосууд хэрэлдэж чадсан шигээ эвлэрдэг байх хэрэгтэй. 

Тэгээд хорьж байхдаа ядаж гэр бүл судлаач, сэтгэл зүйчдийг нь тэр хүмүүстэй уулзуулж, оюун санаатай нь ажиллуулж байгаа болов уу. Төр засаг хүчирхийллийн хуулийн дагуу хорьж байгаа нэрийдлээр үнэгүй хоол өгч, үргүй зардал гаргаад байгаа юм биш үү.

Нөхрийг нь хорьчхоор ард байгаа гэр бүл нь ганц хүний цалингаар амьдарна. Буцаагаад нөхрөө гаргаж авахын тулд бас мөнгө төлнө. Тэгэхээр тэр айл бүр л хохирно гэсэн үг биз дээ.

Хууль гаргахдаа цаана нь хэн нэгэн хохирч байна уу гэдгийг ерөөсөө бодохгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль бол буруу хууль. Үүний оронд гомдол мэдүүлсэн айл руу сэтгэл зүйч, гэр бүл судлаачдыг явуулж ажиллуулбал айл гэр тогтвортой сайхан амьдрах нөхцөл бүрдэх мэт санагддаг. 

-Хэрүүл маргаангүй, харилцаагаа тогтвортой байлгаж салахгүйн тулд хосууд юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Мэдээж хэрэг, хосууд ямар ч хэрүүл маргаангүй амьдарна гэж байхгүй. Ямар нэгэн үл ойлголцол гарч л таарна. Жишээ нь, миний хувьд гэр бүл зохиогоод 28 жил болж байна. Энэ хугацаанд ямар ч хэрүүл маргаангүй амьдарсан гэвэл хүний хөх инээд хүрэх байх.

Залуу хосууд омголон, бардам, ааш авир хурц байдаг. Төсөөлж мөрөөддөг байсан гэр бүлийн амьдрал нь бодит байдал дээр өөр байх болно. Үүнээс болж багагүй хэрүүл маргаантай байна. Хоёр өөр хүмүүжлээр өссөн, хоёр өөр хүн эвсэлдэн нийлэхэд эхний 15 жил нэлээн зүдэргээтэй амьдарна.  Тиймээс энэ үед нэгнээ хүндэлж, тайван байж, буулт хийж, нэгэнт л амьдралын ханиа гээд сонгосон бол эргэлт буцалтгүй сайхан амьдрахын төлөө л байх хэрэгтэй. Хамгийн гол нь тогтвортой, тууштай сэтгэл зүй байх хэрэгтэй. Урваж шарваж, хуурч мэхэлж болохгүй. Хэрэлдэж болно. Хэрэлдэж чадсан шигээ эвлэрдэг байх хэрэгтэй. 

Мөн эцэг эхчүүд өөрийн амьдралыг зохиохоор явсан хүүхдийнхээ амьдралд бага оролц. Жаахан хэрэлдэнгүүт нь салчих, хүрээд ир гэж хүүхдээ өөгшүүлэхгүй байх хэрэгтэй. “Чи өөрөө сонгосон. Буцаж ирэх зам байхгүй” гэдгийг сайн ойлгуул.

-Ярилцсанд баярлалаа.

-Бүх монгол өрх гэр бүлүүддээ Хүссэн сайхан эмэгтэйнхээ цор ганц эрэгтэй нь байхыг ерөөе. Хүссэн сайхан эрийнхээ цор ганц хайрт нь байгаарай гэж хүсэх байна.