Зураг
Зураг
Индэр    
2018 оны 10 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г.Доржжанцан: Ямар ч улсын хүн амын 10 хувь нь ЛГБТИ болж төрөх боломжтой

Зураг

ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаар ЛГБТ Төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер, НҮБ-ын "Тэгш & Чөлөөт" төслийн үндэсний зөвлөх Г.Доржжанцантай ярилцлаа.

-ЛГБТИ хүмүүст яг ямар төрлийн хүмүүс ордог юм бэ? Эдгээр хүмүүст тулгардаг эрүүл мэндийн ямар асуудлууд байна вэ?

ЛГБТИ гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс гэсэн таван үгний товчлол буюу бэлгийн цөөнх хүмүүсийг нэршиж заншсан олон улсын нэршил юм. Бэлгийн цөөнх гэж бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд олонхоос ялгаатай хүмүүсийг хэлж байгаа юм.

Тодруулбал, бэлгийн чиг баримжаа гэдэг нь хэн нэгэнд хайрлаж дурлаж, татагдаж буй мэдрэмж бол хүйсийн баримжаа, илэрхийлэл нь өөрийн хүйсийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэж мэдэрч буй хүн бүрийн дотоод мэдрэмж юм. 

 

Одоогийн байдлаар ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндийн асуудал тэр бүр яригддаггүй нэлээд орхигдсон сэдэв хэвээрээ байна. ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэнд гэхээр зөвхөн ХДХВ/ДОХ-оор төсөөлдөг нь эргээд эдгээр цөөнх бүлгийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох нэг үндэслэл болж байгаа юм. ЛГБТИ хүмүүс маань бусадтай адил эрүүл мэндийн хэрэгцээтэй байдаг ч өөрсдийн ялгаатай байдлаасаа болж зарим төрлийн онцлог хэрэгцээнүүд гарч ирдэг.

Тухайлбал, одоогоор хамгийн тулгамдсан эрүүл мэндийн онцлог хэрэгцээ нь трансжендэр хүмүүсийн хүйсийн шилжилттэй холбоотой асуудал байна. Мөн ЛГБТИ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд ба лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байна. Манай төвийн хувьд эдгээр асуудлуудад гол анхаарал хандуулж ажилладаг. 

-Эдгээр хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд яг юу нөлөөлж байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн салбар маань өөрөө Монголд төдийлөн сайн хөгжөөгүй салбар. Ялангуяа ЛГБТИ хүмүүст тохирсон, нөхцөл байдлыг нь нарийн ойлгож, тусламж үзүүлэх мэргэжлийн хүмүүс Монголд дутмаг байдаг. ЛГБТИ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд нь ялгаварлан гадуурхалт түүнээс үүдэлтэй бүх төрлийн хүчирхийллээс голлон шалтгаалдаг.  Өдөр тутмын, байнгын ялгаварлан гадуурхалт түүнээс үүдсэн хүчирхийллээс болж ЛГБТИ хүмүүс сэтгэл зүйн хувьд айдастай, зарим тохиолдолд сэтгэцийн маш хүнд нөхцөл байдалд ордог.

Өдөр тутмын, байнгын ялгаварлан гадуурхалт гэдэг нь өглөө босоод гэр бүлээс эхлэх ба цаашлаад нийгмийн амьдралд оролцохдоо ялгаатай байдлаасаа болж сөрөг, үзэн ядсан хандлага мэдэрч буйг хэлж байгаа юм. Үүнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр ЛГБТИ хүмүүсийн талаар гутаан доромжилсон хандлагатай мэдээ нийтлэлүүд ч мөн багтана. 

НҮБ-ын тоон судалгаагаар ЛГБ буюу лесбиян, гей, бисексуал өсвөр үеийнхэн бусад өсвөр үеийнхнээс 3-5 дахин илүү, трансжендэр өсвөр үеийнхэн 10 дахин илүү амиа егүүтгэх оролдлогыг хийдэг гэсэн тоо мэдээ бидэнд байна. Харин Монголын хувьд 100 мянган хүн тутамд амиа егүүтгэж буй хүний тоогоор 2016 оны байдлаар Ази номхон далайд хоёрт орж байсан бол 2017 оны байдлаар дэлхийд эхний тавд жагсаж байгаа. Эдгээр хүмүүсийн дунд хэд нь ЛГБТИ хүмүүс байгааг бид мэдэхгүй. Манайд үүнтэй холбоотой нарийн судалгаа, тоо баримт одоогоор байхгүй. 

Тэгэхээр ялгаварлан гадуурхалт нь ЛГБТИ хүмүүсийн амь насанд ч заналхийлдэг гэсэн үг юм.

Ямар ч улсын хүн амын 10 хувь нь ЛГБТИ болж төрөх боломжтой.

-Трансжендэр хүмүүсийн эрүүл мэнд маш тулгамдсан асуудлуудын нэг болсон гэлээ. Эдгээр хүмүүст тусгайлан үйлчлэх, эмч, эмнэлэг Монголд хэр их байна вэ?

- Транс хүмүүст зориулсан тусдаа эмнэлэг болон мэргэжилтэн шаардлагагүй. Одоо байгаа нарийн мэргэжлийн эмч нараа л чадавхжуулахад болох зүйл байгаа юм. Транс хүмүүсийн хүйсийн шилжилттэй холбоотой эрүүл мэнд нэлээд өргөн хүрээтэй. Учир нь хэд хэдэн салбарын мэргэжилтнүүдийн хамтарсан тусламж үйлчилгээ шаарддаг. Үүнд сэтгэцийн эрүүл мэндийн, эрчүүд болон эмэгтэйчүүдийн даавар, дотоод шүүрлийн, мэс заслын гэх мэт эмч нарын оролцоо шаардлагатай байдаг гэсэн үг юм. 

Одоогоор Монголд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв (СЭМҮТ) дангаараа транс хүмүүст зөвлөгөө өгч ажиллаж байна. Бидний зүгээс тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд ЛГБТИ хүмүүстэй хэрхэн ажиллах практикийн болон ёс зүйн сургалт явуулах, орчин үеийн мэдээ мэдээлэл бүхий гарын авлага, тусламж үйлчилгээний дэлхийн стандартыг Монгол хэлнээ орчуулан тараах гэх мэтээр хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд СЭМҮТ-ийн мэргэжилтнүүд маань транс хүмүүстэй ажиллах тал дээр туршлагажиж байгаа.

Харин хүйсийн шилжилттэй холбоотой асуудлаар транс хүмүүстэй ажиллах бусад мэргэжлийн эмч нар одоогоор бараг байхгүй. Ялангуяа дааврын шилжилттэй холбоотой тунг нь тохируулах болон хяналтад авах дотоод шүүрлийн эмч нар Монголд байдаггүй.  Мэс заслын хувьд Монголд гоо сайхны мэс засал л хийж байна. Тиймээс транс хүмүүс Монголд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь хязгаарлагдмал байгаа гэж ойлгож болно.

Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн маань дийлэнх нь ЛГБТИ хүмүүсийн талаар маш буруу, шинжлэх ухаанч бус мэдээлэл ихтэй байдаг. Анагаахын боловсролын системд Diversity буюу ялгаатай байдал тэр тусмаа ЛГБТИ хүмүүсийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй. ХДХВ/ДОХ эсвэл БЗДХ-ын хичээлээр л ижил хүйстэн эрчүүдийн талаар л ёс юм шиг дурддаг. Энэ ихэвчлэн онигоо, инээдэм болоод л өнгөрдөг. Тийм ч учраас зарим тохиолдолд эмч, сувилагч нар ЛГБТИ хүмүүсийг дооглох, загнах, эр эм нь мэдэгдэхгүй гэх мэтээр гадуурхах хандлага нэлээд гардаг.

-ЛГБТИ хүмүүстэй ажиллахын тулд тусгай сургуульд сурч, мэргэшсэн байх шаардлагатай юу?

-ЛГБТИ хүмүүс нь бие махбодын хувьд бусад хүмүүстэй л адилхан. Зөвхөн ЛГБТИ хүмүүст зориулсан тусдаа эмч, эмнэлэг хэрэгтэй гэсэн үг биш. Бэлгийн цөөнх хүмүүс маань хэнийг хайрлаж байгаа эсвэл өөрийгөө аль хүйсэнд мэдэрч байна гэдгээрээ л ялгаатай. Хамгийн чухал нь эмч, мэргэжилтнүүдийн дунд ЛГБТИ хүмүүсийн талаарх шинжлэх ухаанч мэдээллийг нэмэгдүүлж харьцаа хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Мөн Анагаахын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын хөтөлбөрт тус агуулгыг багтаах, нарийн мэргэшсэн эмч нарыг онцлог хэрэгцээний талаар жишээ нь транс хүмүүсийн шилжилттэй холбоотой асуудлаар мэргэшүүлэхэд л хангалттай.

Мэдээж бас салбарын хувьд ЛГБТИ хүмүүст илүү ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн стандартыг бий болгох гээд асуудлууд бас бий л дээ.

-Ер нь энэ төрлийн хүмүүс нь төрөлхийнх байдаг уу? Эсвэл гэнэт чиг баримжаа нь өөрчлөгдсөн олдмол гэж байх уу?

-Энэ асуудлыг ярихын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй ярих хэрэгтэй.

20-р зууны дунд үеэс ЛГБТИ хүмүүс юунаас болж, ямар шалтгаантай төрдөг талаар судалгаа нэлээд хийгдэж эхэлсэн. Маш олон төрлийн судалгаа нэртэй харгислалуудыг түүхэндээ ЛГБТИ хүмүүс дээр хийсээр ирсэн. Дэлхийн 2-р дайны үед Еврейчүүдээс гадна ЛГБТИ хүмүүсийг олон саяар нь хоморголон устгадаг байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Эцэст нь олон сая хүний цус нулимсаар бүтсэн хэдэн арван судалгааны үр дүнд 1973 онд анх Америкийн сэтгэц, эмгэг судлалын холбооноос хүний ижил хүйстэнд татагдаж байгаа мэдрэмж бол төрөлхийнх, ямар нэгэн байдлаар өөрчлөгддөг зүйл биш юм байна гэдгийг тогтоож, өвчин биш гэж хүлээн зөвшөөрсөн. 

Үүний дараа 1974 онд сэтгэл зүйн салбар ч мөн адил энэ бол өвчин биш, хүний төрөлхийн мөн чанар юм гэдгийг зөвшөөрсөн. Түүнээс хойш 20 жилийн дараа буюу 1990 онд ДЭМБ албан ёсоор дэлхий даяар ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа бол хүний төрөлхийн, ямар нэгэн байдлаар өөрчилж болшгүй мөн чанар юм гэдгийг хүлээн зөвшөөрч тунхагласан. Ингэснээр Олон улсын өвчний ангиллаас албан ёсоор хассан байдаг. Үүнээс хойш шинжлэх ухаан ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг хүний төрөлхийн мөн чанар гэдгийг хүлээн зөвшөөрөөд 30 гаруй жил болж байна. 

Ижил хүйсийн харилцаа зөвхөн хүнд биш 450 гаруй төрлийн амьтны аймагт илэрдэг талаар Канадын биологич Bruce Bagemihl-ын бүтээл хүртэл бий. Тэгэхээр олдмол гэж байдаггүй, хүний бэлгийн чиг баримжаа нь ч тийм амархан өөрчлөгдөөд байдаг зүйл биш. Хүмүүсийн дунд нэг нэгнийхээ амнаас сонссон шинжлэх ухаанч бус “манай найз, манай ах тэгсэн” гэх дам ярианууд маш хүчтэй байдгийн нэг илрэл нь олдмол гэдэг яриа. 

-Хэдэн насандаа өөрийнхөө төрөлхийн мөн чанарыг олж мэдэх вэ?

-Бусад хүмүүсийн л адил, хэзээ хүн хайрлаж, хүнд дурлаж эхэлнэ тэр үедээ л мэднэ. Харин хэзээ, хэдэн насандаа илэрхийлж, өөрийгөө хүлээн зөвшөөрөх вэ гэдэг нь тухайн хүний сонголт. Гэхдээ нийгэмд ялгаварлан гадуурхалт их байгаа учраас шууд өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй нь ойлгомжтой. Бусдаас нууж амьдарсаар бүр хөгширсөн хойноо өөрийгөө илэрхийлэх тохиолдлууд ч байдаг.

-Өөрийгөө мэдчихээд сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй болно. Энэ тохиолдолд яах ёстой байдаг юм бэ?

-Сэтгэцийн хувьд бол мэдээж өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэх маш дарамттай байна. Учир нь нийгэмд ЛГБТИ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт маш их гэдгийг 8 настнаас 80 настан хүртэл бүгд мэднэ. Аав, ээж, ах, эгч, найз нөхөд гээд л бүх хүмүүс “гомо” гээд бусдыг доромжлоод, хараагаад байж байхад ойлгомжтой шүү дээ. Өөрийгөө мэдчихээд хүлээн зөвшөөрч чадахгүй удах тусам л сэтгэл зүйн хувьд дарамтад орно.

Тиймээс сэтгэл зүйч, мэргэжилтнүүдэд хандаж, энэ талаар маш сайн мэдээлэлтэй болж сэтгэл зүйн тусламж авч байх хэрэгтэй. Мөн өөрөө шалтгаалах зүйлс буюу сэтгэл санааг тогтвортой байлгахад тусалдаг спорт, иог болон бусад сонирхдог зүйлсдээ цаг зарцуулах нь их тус болно.

Цаг нь болоогүй гээд хүлээгээд байвал хэзээ ч цаг нь ирэхгүй. 

-Манай улсад хүн амын хэдэн хувийг ЛГБТИ хүмүүс эзэлдэг вэ? Энэ талаарх тоо баримт байдаг уу?

-Монгол Улсад хэдэн ЛГБТИ  хүмүүс байна вэ гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байна. Учир нь энэ талаар хийсэн судалгаа байхгүй. Мөн хүн амын тооллогод ЛГБТИ хүмүүстэй холбоотой асуулга байдаггүй. Манай төрийн бус байгууллагын хувьд улс орон даяар тооллого хийх боломжгүй.

Тиймээс олон улсын жишиг, дундаж тоог барьж явдаг. Ямар ч улсын хүн амын 10 хувь нь ЛГБТИ болж төрөх боломжтой. Гэхдээ энэ тооноос их, бага аль ч байх боломжтой. Энэ нь тухайн улс орны ялгаварлан гадуурхалт, хууль дүрэм ямар байгаагаас шалтгаална. 

-Бусад улс орнууд бэлгийн цөөнх хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн анхаардаг юм бол. Манай улсын зүгээс энэ төрлийн хүмүүст анхаарал хандуулдаг уу?

-Одоогийн байдлаар манай улсад ЛГБТИ хүмүүст анхаарал хандуулсан зүйл байхгүй байна. Бусад улс оронд эмч нар нь энэ төрлийн хүмүүстэй ажиллаж сурсан байдаг. 

Монгол Улсын хувьд энэ чиглэлийн эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил одоохондоо гарахгүй байна. Гэхдээ эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйн дүрэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар хүнийг  ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Тийм учраас эмч нар ёс зүйн дүрмийн дагуу эдгээр хүмүүст эрх тэгш, ялгаварлан гадуурхалтгүй үйлчлэх эрх зүйн үүрэгтэй. 

Ер нь одоогоор Монголд эмч, мэргэжилтнүүдээ сургах нэн чухал шаардлага байгаа. Яагаад гэвэл боловсролын тогтолцоонд энэ чиглэлийн хичээл ордоггүй. Тиймээс эмч нар маань ямар ч мэдээлэлгүй ажлын байран дээр гардаг. ЛГБТИ хүмүүст яаж үйлчлэх, тэдний эрүүл мэндийн онцлог хэрэгцээ нь юу байдаг мөн ЛГБТИ хүмүүстэй холбоотой анагаахын шинжлэх ухааны хувьд хүлээн зөвшөөрсөн баримт нотолгоотой мэдээллүүдээ ч анагаахын сургууль төгссөн эмч нар мэдэхгүй байгаа юм.  

-ЛГБТИ хүмүүстэй холбоотой асуудлыг ярихаар хүмүүс Монголд цаг нь болоогүй гэдэг.  Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

-Энэ асуудлыг ярихаар хүмүүс гурван шалтгаанаар эсэргүүцдэг. Нэгт Монголд цаг нь болоогүй, хоёрт манай уламжлал түүх соёлд ийм зүйл байхгүй, гуравт хүн амын өсөлтөд сөрөг нөлөөтэй, бүр зарим нь үндэсний аюулгүй байдал ярьдаг. 

Гэхдээ миний бодлоор, цаг нь болоогүй гээд хүлээгээд байвал хэзээ ч цаг нь ирэхгүй. Харьцуулаад байдаг тэр хөгжилтэй орнуудын жишээнээс харахад 60, 70-аад оноос эхлээд тасралтгүй тэмцсэний үр дүнд өнөөдрийн төвшинд хүрч, хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Одоогийн Монголын ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэлгээ бусад оронтой харьцуулбал 70-80-аад оны АНУ, Европын үе шиг л байна. Бид 10 жилийн дараа энэ хүмүүсийг ойлгох цаг нь ирнэ гээд л хүлээгээд л байх юм бол яг энэ чигээрээ л байна.  Тиймээс бага багаар энэ асуудлыг ярьж, хүмүүст мэдээлэл өгч, хүний эрхийн төлөө тэмцэхгүй бол бусад хүмүүс хэзээ ч ойлгохгүй. Цаг нь болохоор гэж хүлээх нь хүний эрхийн хөдөлгөөнд хамгийн утгагүй зүйл. 

Түүнчлэн, урьдчилан сэргийлэх боломжтой өвчин эмгэг, ослоос болж мянга мянгаараа амь насаа алдаж байна. Жишээ дурдахад Монгол орон элэг болон ходоодны хавдраараа дэлхийд тэргүүлдэг. Түүн дээр нэмэгдээд эмэгтэйчүүд маань умайн хүзүүний хавдар, эрчүүд маань амиа егүүтгэх эрсдлээрээ хамгийн өндөр. Сүүлийн жилд л гэхэд 4,000 гаруй хүн хорт хавдраар нас барж, ургийн болон нярайн эндэгдэл урьдын жилүүдээс буурсан ч асуудал хэвээрээ. Гэтэл хүн амын өсөлт ярьдаг хүмүүс эдгээр асуудлыг ер нь боддог болов уу? Тиймээс ЛГБТИ хүмүүсийг хүн амын өсөлтөд нөлөөлдөг гэж ярих нь хүртэл асуудалтай. ЛГБТИ хүмүүс ч гэсэн нөхөн үржихүйн чадвартай. Үр хүүхэдтэй болоод амьдарч байгаа олон ч хосууд бий. Хуруу шилэнд үр тогтоохоос авхуулаад 2 эр бэлгийн эсээс үр хөврөл бий болгох асуудал ярьдаг эрэн зуунд амьдарч байна шүү дээ бид чинь.

Эцэст нь үндэсний аюулгүй байдал ярьдаг хүмүүс ядаж үндсэн хуулиа нэг харна биз. Үндэсний аюулгүй байдал гэдэгт төр гадны халдлагаас хамгаалахад цэрэг хилийн бэлэн байдал, дотоодын аюулгүй байдлыг хангах шүүх цагдаа, Үндсэн хуулиа сахих асуудал гэх мэт зүйл яригдахаас иргэд нь ЛГБТИ байснаас болж үндэсний аюулгүй байдал алдагдаад байдаг зүйл биш байх.

-Ярилцсанд баярлалаа.