Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гаагийн олон улсын шүүх Их Британийг колоничилж байгаа арлуудаасаа татгалзах ёстой гэж дүгнэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын харьяанд байдаг Гаагийн олон улсын шүүх өчигдөр Их Британи улсыг Энэтхэгийн далайд эзэмшдэг бүлэг арлаа Маврики улсад буцааж өгөх ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.

Хэдийгээр олон улсын шүүхийн шийдвэр нь хууль эрх зүйн хувьд чадамжгүй, зөвлөмж төдий үүрэгтэй байдаг ч Нэгдсэн Вант Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан хэрэг болж байна.

Түүхэн баримтууд, олон улсын хууль дүрмүүдийг нягталж үзсэн шүүгч нар Чагос бүлэг арлыг Британи улс анх эзэмшилдээ авахдаа хууль бус арга хэрэглэсэн гэж дүгнэжээ.

 

Маврики улсыг Британийн колоничлолоос гарахаас гурван жилийн өмнө буюу 1965 онд Нэгдсэн Вант улс Чагос нэртэй бүлэг арлыг тухайн үеийн колоничлолын засаг захиргаанаас дөрвөн сая фунт стерлингээр худалдан авч, Энэтхэгийн далай дахь өөрийн газар нутаг болгосон юм.

Харин 1968 онд тусгаар тогтносон Маврики улс алдагдсан арлуудаа буцааж авахаар заргалдаж эхлээд маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Дараа нь 1971 онд британичууд Чагос арлуудын хамгийн том нь болох Диего Гарсиагаас уугуул оршин суугчдыг нь албадан гаргаж, АНУ-д агаарын бааз болгон түрээслүүлэх болжээ.

Тухайн үед нийт 1,500 орчим арлын иргэдийг албадан нүүлгэж байв.

Гаагийн олон улсын шүүхийн гишүүн нийт 14 шүүгчийн 13 нь Маврики улсыг колоничлолоос гаргах үйл явц бүрэн дуусаагүй гэж үзээд Чагос арлуудыг Их Британи нэн даруй шилжүүлж өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Дүгнэлтийг эсэргүүцсэн ганц шүүгч нь Америкийн шүүгч байгаа юм.

Маврикийн засгийн газар “колоничлолыг төгсгөл болгож, хүний эрхийг дээдэлсэн, олон улсын хууль дүрмийг хүндэтгэсэн” шүүхийн дүгнэлтийг талархан хүлээж авсан байна.

Уг маргааныг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцсон Африкийн Холбооны хуульч Намира Негм “Өнөөдөр 21 дүгээр зуунд Африкийн зарим хэсэг Европын колони хэвээр байгаад итгэхэд бэрх” гээд Гаагийн шүүх түүхэн шийдвэр гаргасныг сайшаажээ.

Одоо Их Британи улс олон улсын хууль дүрмийг хүндэтгэдэг нөлөө бүхий улс орон мөн эсэхээ дэлхийд харуулах болоод байна.

 

Эх сурвалж: The Guardian