Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Модны нууцлаг амьдралд нэвтрэхүй

МОНСУДАР
2019 оны 2 сарын 15
Монсудар
 

Германы зохиолч, ой судлаач Петер Вуоллебений Модны нууцлаг амьдрал ном Монсудар хэвлэлийн газраас байгалийн ухааны доктор Рэнчингийн Сүнжидмаагийн орчуулгаар, Гёте институтийн тэтгэлэгтэйгээр хэвлэгдэн гарлаа. 2015 онд анх Герман улсад худалдаанд гарснаасаа хойш дэлхий дахинаа 35 орны хэлээр орчуулагдан гарч, олон улсын бестселлер бүтээл болсон уг ном Петер Вуоллебений “Байгалийн нууц” (The Mysteries of Nature) хэмээх гурван боть цувралын эхний дэвтэр юм. Цувралын хоёрдугаар дэвтэр “Амьтдын дотоод амьдрал” (The Inner Life of Animals) 2017 онд ХБНГУ, АНУ зэрэг орнуудад худалдаанд гарсан бол, цувралын төгсгөлийн дэвтэр “Байгалийн нууц ухаан” (The Secret Wisdom of Nature) номыг 2019 уншигчдад хүргэхээр төлөвлөж буй аж.

Ингээд номоо танилцуулахын өмнө зохиогчийн талаар цөөн хэдэн үг хэлье. 1964 онд төрсөн Петер Вуоллебен хүүхэд байхын л байгаль хамгаалагч болохыг мөрөөддөг нэгэн байжээ. Ойн аж ахуйн чиглэлээр суралцаж төгссөнийхөө дараа хорь гаруй жил Муж улсын ойн удирдах газарт удирдах албан тушаал хашсан байна. Дараа нь экологийн чиглэлээр ажиллаж, байгаль хамгааллын үзэл санаагаа хэрэгжүүлэх зорилгоор Айфел дахь Байгаль орчинд ээлтэй ойн үйлдвэрийн газарт иржээ. Петер Вуоллебен одоо энэ хамт олноо удирдан, байгалийн унаган ойг эргүүлэн авчрахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. 

Петер Вуоллебен ой, байгаль хамгааллыг тойрсон бүхий л сэдвээр телевизийн нэвтрүүлэгт зочноор оролцож, лекц семинар зохион ажиллахын зэрэгцээ энэ талаар ном бүтээл туурвидаг зохиолч хүн юм. Модны нууцлаг амьдрал номдоо тэрээр ойн мэргэжилтнээр ажиллаж байсан олон арван жилийнхээ арвин баялаг туршлагаас уудлан та бидэнд ойн ертөнцийг цоо шинэ өнцгөөс дэлгэн толилуулжээ.   

 

Олон улсын шилдэг борлуулалттай номоор тодорсон энэхүү бүтээлдээ Петер Вуоллебен модны нууцлаг далд амьдралын талаар өгүүлэхдээ тэдний хачин жигтэй онцлогийг дүрслэхийн зэрэгцээ  ой мод гэдэг бол нийгэмшсэн амьд биет юм гэдгийг олон өнцгөөс батлахыг зорьжээ. Шинжлэх ухааны энэ том нээлтийнхээ хүрээнд тэрээр ой моддыг хүний гэр бүлтэй адилтгасан байна. Эцэг эх мод хүүхдүүдтэй хамт ургаж, тэднийгээ өсөж өндийхөд нь тэтгэн тусалж, өвдөж доройтсон нэгэнтэйгээ шим тэжээлээ хуваалцаж, айсуй аюул заналын тухайд өрөөл бусдаа сэрэмжлүүлж, бүхий л бүлгийн тусын тулд уур амьсгал хэт халах, хэт хөрөхийн эсрэг нөлөө үзүүлдэг ажээ. Үүний үр дүнд ой модод нэг хамтлаг эсвэл нэг гэр бүл мэт хамгаалагдаж, өндөр насыг зооглох боломж бүрдэнэ. Харин хот газар ганцаар ургасан мод, үүний яг эсрэгээр, гудамжинд хаягдсан золбин хүүхэд мэт болох бөгөөд бүлгээрээ хамтдаа ургасан мододтой харьцуулахад тун богино насалдаг.

Петер Вуоллебен Модны нууцлаг амьдрал номдоо ой моддыг хайрлах гүн гүнзгий хайраа бидэнтэй хуваалцаж, өөрийн хариуцсан ойдоо ажигласан амьдрал, үхэл, эргэн сэргэлтийн үйл явцыг уншигчдад тун ойлгомжтой энгийн үгээр тайлбарлажээ. Аз жаргалтай ой гэдэг бол эрүүл ой юм гэж тэрээр бидэнд ухааруулж, экологид таатай аливаа үйл ажиллагаа эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй манай гараг дэлхий, энэ дэлхий дээр амьдарч буй хэн бүхний бие, оюуны эрүүл мэндэд тустай байх болно хэмээн сануулж байна. Модны нарийн учиртай, нууцлаг амьдралыг энэ номоос олж мэдсэний дараа танд ойд алхлан явахад урьд өмнөхөөсөө огт өөр сэтгэгдэл төрөх нь лавтай.

Дашрамд дурдахад “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын тэргүүн Дуламжавын Эрдэнэчулуун энэхүү номын өмнөх үгийг бичиж, удахгүй зохион байгуулах Баянзүрх хайрханд “Амин моднууд тарих үйлс”-дээ нэгдэхийг элэг нэгт монголчууддаа уриалжээ.