Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

РЭЙЧЕЛ ХОЛЛИС - МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ

ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“БҮСГҮЙ МИНЬ, НҮҮРЭЭ УГАА” – Юу гэнэ вэ? Нүүрээ угаа гэнэ үү? Номын нэрийг унших зуур ийн гайхширснаа “Нүүрээ ч угаахтайгаа шүү” гэх эгдүүцэл төрж амжив.

Номын хавтсыг нээтэл “Танд хэн байхыг заадаг худал үгэнд итгэхээ больж хэн болохоо өөрөө шийдээрэй” гэх өгүүлбэр эхний нүүрэнд дурайна. Ямар худал үг? Хэн хэлдэг гэж? Асуулт ар араасаа ургаж нэг мэдсэн номын хуудсуудыг шимтэн эргүүллээ.

“Намайг ямар нэгэн зүйл аз жаргалтай болгоно”, “ Маргааш эхэлнэ” , “Би орондоо муу”, “Би сайн ээж биш”...Ихэнхдээ миний өөртөө хэлдэг үгнүүд ХУДАЛ ҮГ гэсэн гарчиг дор байх юм. Эдгээр худал үгс 20 хүртэл эрэмбэлэгджээ. Яагаад худал гэж?  Угаасаа үнэн ш дээ, мөн л өөртэйгээ ярьсаар энэ номыг би уншиж дуусгасан. Хачирхалтай нь, дахиад эхнээс нь уншмаар санагдав. Эгдүүцэж эхлүүлсэн би энэ номыг эргэлзээ дүүрэн уншиж дуусгасан. Хоёр дахь уншилт энэ эргэлзээг нэг тийш болгохыг  зөнгөөрөө мэдрэн дахиад уншихаар яг одоо нээж байна.

Энэ бол Рэйчел Холлис гэх 30 гаруй насны шавилхан бүсгүйн амьдралын түүх “ БҮСГҮЙ МИНЬ, НҮҮРЭЭ УГАА” ном.  Дэггүй, гэнэн төрхтэй энэ эмэгтэй шилдэг борлуулалттай номуудын зохиолч, телевизийн од, алдартай илтгэгч, “Chic Media” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал төдийгүй эмэгтэйчүүдэд зориулсан шилдэг цахим контентуудын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг. 

Би хэрэндээ л хувь хүний хөгжлийн цөөнгүй  ном уншиж сүүлдээ залхсан нэгэн л дээ. Магадгүй, сонголт буруу байсан ч  байж мэднэ. Гэлээ гэхдээ л ихэнх нь төгс, зөв байхыг номлосон, бусдад таалагдахыг зөвлөсөн. Мэдэхгүй ээ, заримдаа ч би -  би биш өөр хэн нэгэн мэт мэдрэмж төрөөд үзэл хандлагатай минь зөрөлдөөд уншихаа байсан.

40 настай би жирийн л нэгэн эмэгтэй. 10 насны зөрүүтэй хоёр охин, хоёр дахь амьдралаа эхлүүлээд явж буй. Хайрлаж дурлах, хагацаж салах, дахин дурлах, амьдралаа шинээр эхлэх зэрэг хэрэндээ л алдаа оноо аль алиныг нь эн тэнцүү үүрч яваа эмэгтэй.

 

Рэйчелийн номтой хэрхэн танилцсанаа дээр өгүүлсэн. Үнэндээ “Бүсгүй минь, нүүрээ угаа” номыг уншиж дуусахад яг л хоёр гараа унжуулаад нүцгэн зогсож буй мэт мэдрэмж төрсөн. Өөрөөр хэлбэл, би өөртэйгээ уулзсан.  Яаж гоо үзэсгэлэнтэй болох уу, яавал төгс эмэгтэй байх вэ ч юм уу мөн л бусдад таалагдах аргуудыг зөвлөсөн ном байх гэж таамаглаж байсан би өөрийгөө нүцгэлээд нүдэндээ нулимстай ширтэж зогссон юм.  Хуудас эргэх тоолонд "Тийм ш дээ, нээрээ тэгдэг. Паах яана аа, яг би шүү. Хөөх, бас хаа холын Рэйчел хүртэл яг над шиг байдалд орж байсан байх нь. Би яг ингэдэг шүү" гэх зэргээр дотооддоо уулга алдаж, заримдаа ч өөрийн мэдэлгүй амандаа бувтнаж, зарим хэсэгт нүдэнд нулимс цийлэгнэж хоолой зангиран өрцөн тушаа часхийж, тэгснээ түсхийтэл инээд алдаж...ер юу эс болов. Дотор нь орж явчихсан хэрнээ итгэж ядан, эвлэрч чадахгүй эргэлзэж уншлаа гэж өөрийгөө ч, таныг ч би бас “хуурлаа”.

Эмэгтэйчүүд бидний ертөнцийг эрс шийдэмгий, зоригтойгоор дэлгэсэн Рэйчел Холлисын ном ийнхүү анх удаа төрөлх хэлээр минь хэвлэгдэж сонирхолтой гэж хэлэхэд багадам өдрүүдийг надад бэлэглэж байна.

Рэйчел чамд баярлалаа. Монголд тавтай морил!