Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмон: УИХ-ын дарга асуудал хэлэлцэгдээд явбал хуулийн дагуу шийдэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон цаг үеийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

- Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хууль тогтоомжийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагад бүрэн нийцэж байгаа юу? 

- Хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх бүх үе шат хуулиар зохицуулагдаж, хуулийн дагуу явагддагийг парламентын сэтгүүлчид та бүхэн мэдэж байгаа байх. Түүнээс биш хэн нэгний хүсэл зоригоор болно, болохгүй гэдэг асуудал байхгүй. Энэ бүхэн нь Хууль тогтоомжийн тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. 

Хууль тогтоомжийн төсөл санаачлагч эхлээд Улсын Их Хурлын Тамгын газарт хандсаны дагуу Тамгын газрын хуулийн мэргэжилтнүүд 3 хоногийн дотор хууль тогтоомжийн төслийн бүрдлийг хянадаг. Хэрэв төсөл нь хуулийн дагуу шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзвэл Улсын Их Хурлын даргад танилцуулж, хуулийн төслийг өргөн мэдүүлэх товыг тогтоосны дараа төслийг өргөн мэдүүлдэг зохицуулалттай. 

Өчигдрийн тухайд төслийн бүрдлийн зарим нэг зүйл дутуу байсан. Жишээлбэл, Улсын Их Хурлын Тамгын газар хуулийн төслийг файлаар заавал авдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тухайн хуулийн төслийг ард иргэд бүгд мэдэж байх ёстой юм. Хууль санаачлагч ямар хууль тогтоомжийн төсөл өргөн мэдүүлснийг www.parliament.mn цахим хуудсанд тавьж олон нийтэд хүргэдэг. Тийм учраас зарим нэг бүрдэл дутуу байсан болохоор өчигдөр бүрдлийг нь хангуулсан. Энэ бол болно, болохгүй, дуртай үедээ авна, авахгүй гэдэг асуудал биш. Улсын Их Хурлын Тамгын газарт олон жилийн туршлагатай мэргэжлийн хуульчид ажилладаг. Тэд хуулийн төслийн бүрдлийг шалгаад хуулийн шаардлагын дагуу бүрэн байна гэж үзвэл Улсын Их Хурлын даргад өргөн барьдаг л хуультай, журамтай юм. 

- Хуулийн төслийг хэдийд хэлэлцэх бол оо?

- Хууль тогтоомжийн төсөл хэлэлцдэг журам бий. Хуульгүй юм ярьж болохгүй. Хүн бүр хуулийн төсөл өргөн бариад, дур дураараа үүнийг ч хэлэлцэнэ, түүнийг ч хэлэлцэнэ гээд байж болохгүй шүү дээ. Хэрэв тийм байвал парламент ч гэж байхын хэрэггүй болно. 
Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл өргөн баривал холбогдох Байнгын хороонд шилжүүлж, тухайн Байнгын хорооны дарга энэ хуулийн төслийг хэлэлцүүлье гэдэг саналаа Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулна. Даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй юм байна гэж үзвэл Улсын Их Хурлаар тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудал чуулган дээр танилцуулагдана. Гишүүд санал гаргавал дараалалд зарим нэг өөрчлөлт ордог. Ийм л хуулийн зохицуулалттай. Тиймээс асуудлыг хуулийнхаа дагуу л  хэлэлцэнэ. Түүнээс биш Улсын Их Хурлын дарга энэ хуулийг авна, авахгүй гэдэг ч юм уу, эсвэл энэ хуулийг одоо хэлэлцүүл гэдэг юм байхгүй.  

- Тэгвэл ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх нь гэж ойлгож болох уу?

- Нэгэнт хуулийн төсөл өргөн барьчихсан бол энэ нь Улсын Их Хурлын ажил гэсэн үг. Тиймээс Улсын Их Хурал асуудлыг хэлэлцдэг журам, дэгийнхээ  дагуу хэлэлцээд явна. 

- Улсын Их Хурлын дарга энэ талаар ямар бодолтой байгаа бол?

- Улсын Их Хурлын даргын өмнөөс ямар нэг байр суурь илэрхийлэх эрх надад байхгүй. Гэхдээ Улсын Их Хурлын даргын зүгээс “Энэ хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв. Гадаа хүмүүс жагслаа, зөндөө л асуудал боллоо. Улсын Их Хурлын чуулган ч  хуралдах боломжгүй байна. Хуулийн дагуу энэ асуудлыг өргөн барьсан, тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэх нь зөв” гэсэн байр суурьтай байгаа. 
Харин өнөөдөр олон  нийтийн сүлжээгээр хуулийн төслийг авахгүй гэнэ, хэлэлцэхгүй гэнэ гэсэн мэдээлэл яваад байх шиг байна. Тийм асуудал байхгүй. Нэгэнтээ өргөн барьсан учир хуулийн дагуу хэлэлцээд явна. Түүнээс биш Улсын Их Хурлын даргад энэ асуудлыг яаралтай оруулж ир, шийдвэрлэ гэдэг эрх байхгүй. Улсын Их Хурлын бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байдаг. Даргын дэргэдэх зөвлөл нь хуралдана. Даргын дэргэдэх зөвлөлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга орж ирж саналаа хэлэх байх. Зөвлөлийн хурал дээр асуудлаа тал бүрээс нь ярилцана, тэгээд дараалалдаа оруулна. 

- Яагаад дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байгаа юм бол оо?

- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байгаа бол айхавтар нарийн шаардлага тавигддаггүй. Гэхдээ хуулийн төсөл боловсруулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан яаж бодсон юм бол доо. Уул нь Улсын Их Хурлын даргын асуудал яригдаж байгаа, үндсэн асуудал нь Улсын Их Хурлын даргын асуудал учир Монгол Улсын Их Хурлын тухай хуулиндаа өөрчлөлт оруулсны дараа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал яригдмаар юм. Яаж ч бодсон тийм л баймаар. Гэтэл сая Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьчихлаа л даа. Тиймээс жаахан зөрчилтэй асуудал гарчихав уу гэж би ойлгож байна. 

- Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган хугацаандаа завсарлах уу, хугацаа сунгах болов уу?

- Ээлжит чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулиуд байдаг. Улс орны эдийн засаг, мөнгөний бодлого, төсөв төлөвлөгөөтэй холбоотой хэлэлцэхгүй л бол болохгүй тийм асуудал олон байдаг. Тэдгээрийг оноос өмнө хуулийн хугацаандаа багтаад хэлэлцэж шийдвэрлэсэн. 
Чуулганы хугацааг сунгах асуудал хуулиар зохицуулагдана. Намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10 хүртэл хуралдах хуулийн хугацаатай. Даргын дэргэдэх зөвлөл дээр ярилцаж байгаад Улсын Их Хурлын дарга захирамж гаргаад хугацааг хэд хоногийн өмнө нааш нь татаж завсарлах ч юм уу, эсвэл хэд хоногийн дараа ч юм уу завсарлахаар шийдвэрлэх тохиолдол байдаг. Тухайн үедээ л шийдэх байх. Одоогоор хэлэх боломж алга. 

- Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байгаа юу?

- Долоо хоногийн тав дахь өдөр болгон Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байгаа. Даргын дэргэдэх зөвлөл нь Улсын Их Хурлын бүтцийн бас нэг хэсэг шүү дээ. Хуралдсаар ирсэн, өнөөдөр ч хуралдана.

- Гишүүд хурууны хээгээр ирцэд бүртгүүлэх хуулийн өөрчлөлт хэзээ мөрдөгдөх вэ, бэлтгэл хангагдаж байгаа юу?

- Хурууны хээгээр ирцэд бүртгүүлэх хуулийн зохицуулалт Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаас буюу энэ оны дөрөвдүгээр сарын 05-наас үйлчилж эхлэх хуулийн заалттай. 
Маш богинохон хугацаанд үүнийг хийх шаардлага Улсын Их Хурлын Тамгын газарт тавигдаж байгаа. Чуулган завсарлангуут бид энэ асуудлаа ярилцана. 

Тамгын газрынхан бэлтгэл ажилдаа аль хэдийнэ орсон. Надад техникийн шийдлүүдийг танилцуулсан. Удахгүй ажлын хэсэг томилогдоно. Техникийн шийдлүүд дээр мэргэжлийн хүмүүс ажиллаад, саналаа танилцуулах байх аа.