Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг илгээлээ.
ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
Монгол Улсын Их Хурлын 40 орчим гишүүн өнөөгийн Улсын Их Хурлын даргыг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-д заасны дагуу өөрийн хүсэлтээр ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсан, Улсын Их Хурлын дарга гишүүдийн тавьж буй шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан, шаардлага тавьсан Улсын Их Хурлын гишүүд тухайн шаардлагыг нь Улсын Их Хурлын дарга хүлээн авч ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй тохиолдолд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа нэг сарын турш гацаж, Улсын Их Хурлын 9-10 удаагийн чуулган бүрэн тасалдсан байна.
Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүртлээ хурцдаж байгаа энэхүү хямрал нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчигдөх, хууль дээдлэх ёсыг алдагдуулах, Үндэсний аюулгүй байдалд, тэр дундаа Монгол Улсын оршин тогтнохын, нийгэм-төрийн байгууллын, иргэдийн эрх, эрх чөлөөний болон эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдалд хүргэж мэдэхээр болсон. Тухайлбал улс орны хөгжил, иргэдийн ахуй амьдралд чухал нөлөөг үзүүлдэг хоёр гол яамны сайд нарын томилгооны асуудал хуулийн хугацаанд шийдвэрлэгдээгүй гацсан, алтны татварын асуудал шийдлээ хүлээн зогссон, иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа утааны асуудлыг хэлэлцэх үйл ажиллагаа тасалдсан зэрэг тоочоод байвал олон асуудал байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр хандсан боловч Таны зүгээс хуулийн төслийн бүрдүүлбэр дутуу, дагалдах хуулийн төсөлд зардлын тооцоо болон холбогдох бусад судалгааг хийх, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай гэх хуульд нийцээгүй шаардлагыг амаар мэдэгдсэний улмаас энэхүү үйл ажиллагаа зогссон болно.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хууль тогтоомжийг төсөл боловсруулахад Засгийн газраас баталсан “хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх” аргачлалуудыг мөрдөх тухай заасан боловч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “нийт 24 төрлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад эдгээр аргачлалыг баримтлахгүй байх” тухай маш тодорхой заасан байна.
Тодруулбал Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22-т “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас баталсан дээрх аргачлал хамаарахгүй гэдгийг хоёдмол утгагүйгээр туйлын тодорхой заажээ.
Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд хавсаргах баримт бичгийн бүрдүүлбэрийг нэг бүрчлэн заасан байх бөгөөд тус зүйлийн 40.1.3-т заалтаар хууль санаачлагчид тухайн санаачилсан хууль тогтоомжийнхоо төсөлтэй уялдуулан “дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл”-ийг боловсруулж хавсаргасан байх шаардлага тавигдаж байна.
Өөрөөр хэлбэл хууль санаачлагч өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлтэй уялдуулан “дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл”-ийг боловсруулсан тохиолдолд тухайн дагалдаж буй хууль тогтоомжийн төслийн хүрээнд ямар нэгэн судалгаа, тооцоо хийх шаардлага Хууль тогтоомжийн хуулиар тавигдаагүй болно.
Хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтны Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.parliament.mn сайтад бүрэн байршсан байдаг. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд судалгаа хийж үзэхэд хууль тогтоомжийн төслийг дагалдаж өөрчлөлт оруулахаар боловсруулагдсан хууль тогтоомжийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалаар тусгайлан тооцоо, судалгаа хийсэн тохиолдол байхгүй байна.
Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 12.2-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно” гэж заажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулж, уг хуулийн төслийг дагалдуулж Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгаар бүрэн нотлогдоно.
Хууль санаачлах нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ бүрэн эрхийг боловсруулсан хууль тогтоомжийн төслийнх нь эрэмбэ, дарааллыг үзэмжээрээ үнэлэн дүгнэж, шүүх байдлаар хуульд байхгүй үндэслэл шаардлага тулган хязгаарлах, тасалдуулах эрх хэнд ч олгогдоогүйг анхаарах хэрэгтэй.
Тодотговол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22 дахь заалтын дагуу Засгийн газраас баталсан аргачлал хамаарахгүй бөгөөд тухайн аргачлалуудаар тооцоо, судалгаа хийх шаардлагагүй, түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын дагуу Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг дагалдаж өөрчлөлт орохоор боловсруулагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас баталсан аргачлалын дагуу тооцоо, судалгаа хийх хууль зүйн шаардлага тавигдаагүй, мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийнхөө хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болох зэрэг хуулийн тодорхой зохицуулалтууд байгаа учраас хуулийн төслийг хүлээн авахаас татгалзах, өргөн мэдүүлэх үйл ажиллагаанд саад хийх боломжгүй юм.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд хавсаргах баримт, бичгийг нэг бүрчлэн заасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл уг хуулийн шаардлагыг хэрхэн хангаж байгааг мөн нэг бүрчлэн харуулъя.
Хууль тогтоомжийн тухай
хуулийн заалт |
Баримтлах эсэх | Тайлбар |
40.1.1.хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг; | Тийм | Холбогдох албан бичгүүдээр хандсан |
40.1.2.хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлан; | Үгүй | Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22 дахь заалтын дагуу Засгийн газраас баталсан аргачлал хамаарахгүй тул тухайн аргачлалуудаар тооцоо, судалгааг хийх шаардлагагүй |
40.1.3.дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл; | Тийм | Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хавсаргасан |
40.1.4.олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан баталгаажуулсан олон улсын гэрээний монгол хэлээрх орчуулга; | Үгүй | Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл энэхүү шаардлагад хамаарахгүй |
40.1.6.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд Засгийн газрын санал, дүгнэлт; | Тийм | Засгийн газрын санал дүгнэлтийг хавсаргасан |
40.1.7.Засгийн газрын өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд энэ хуулийн 20.7-20.9-д заасны дагуу санхүү, төсвийн, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл; | Үгүй | Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл энэхүү шаардлагад хамаарахгүй |
40.1.8.энэ хуулийн 15.2-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвлөмж; | Үгүй | Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлээгүй тул энэхүү шаардлагад хамаарахгүй |
40.1.9.энэ хуулийн 40.1.1-40.1.8-д заасан баримт бичгийн цахим хувь; | Тийм | Цахим хувийг хавсаргасан |
40.1.10.энэ хуулийн 38.6-д заасан саналын товъёг. | Үгүй | Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасны дагуу олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагагүй тул хамаарахгүй |
Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа хямран гацаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсэн, даамжирсан тохиолдолд ард иргэдийг хамарсан нийгмийн томоохон хямралд хүргэж мэдэх аюул ойрхон байгаа ийм эгзэгтэй үед төрийн албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлан асуудалд нэн хариуцлагатай хандах шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг нэн яаралтайгаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бололцоог олгож, хамтран ажиллана уу” гэжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!