Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгаарлагдсан арлынханд алагдсан Америк залуу Христийн шашныг дэлгэрүүлэх зорилготой байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын иргэн, залуу аялагч гадаад ертөнцөөс тусгаарлагдсан аралд хүрээд арлын уугуул иргэдэд нум сумаар харвуулж алагдсан тухай мэдээ өчигдөр тарсан билээ.

Түүний очсон Умард Сентинел арал нь гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан, манай дэлхийн сүүлчийн чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдардаг газар юм. 27 настай Жон Аллен Чау нь Алабама мужийн харъяат бөгөөд нутгийн загасчдын тусламжтай хууль бус замаар тус аралд хүрсэн байна.

Арал руу явахаасаа өмнө бичсэн тэмдэглэлүүдийг нь загасчид цагдаа нарт өгсөн гэнэ. Найздаа дамжуулахыг захиж орхисон тэмдэглэлийг үзсэн эх сурвалжийн мэдээлснээр Чау нь христийн шашны номлогч, арлын уугуул иргэдийг шашиндаа оруулах зорилготой байжээ.

Тэр хүмүүст тараах бэлэг сэлт бэлдсэн байсан гэнэ. Энэтхэгийн далайн Андаманы арлуудын зарим овгийнхон түүнд сайн хандаж, зарим нь дайсагнаж байсныг Чау тэмдэглэлдээ бичжээ.

“Би тэдэнд сайн хандаж байхад тэд яагаад ингэж дайсагнана вэ?” гэж нэг тэмдэглэлдээ бичсэн байгааг харсан хүн гэрчилсэн байна. 

Тэр бас “Арал дээр Есүсийн вант улсыг байгуулах зорилготой. Хэрвээ намайг алагдвал нутгийн иргэдийг бүү буруутгаарай” гэж бичсэн байжээ.

Чаугийн сошиал хуудаснуудаас харвал тэр сүүлийн хэдэн жил Энэтхэгийн өмнөд хэсэгт олон удаа очиж байсныг мэдэж болно.

2006 онд давалгаанд туугдсан завь нь Умард Сентинел арлын эрэгт хаягдсаны дараа хоёр загасчин нутгийн иргэдэд алагдаж байжээ. Энэтхэгийн эргийн хамгаалалтын нисдэг тэрэг тэдний цогцсыг авахад олон сум зоогдсон байсан гэнэ.

Одоо ч бас албаныхан Жон Чаугийн цогцсыг арлаас хэрхэн татаж авах талаар судалж байгаа ажээ. Чауг аралд хүрэхэд нь тусалсан долоон загасчныг Энэтхэгийн цагдаа нар баривчилсан байна. Олон Улсын Христийн шашны байгууллага ICC номлогч Чау амиа алдсанд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.

 

Эх сурвалж: Reuters