2020/10/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.71₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-10°
00:00
S29
-2°
01:00
S29
-2°
02:00
S29
-3°
03:00
S26
-3°
04:00
S26
-3°
05:00
S26
-3°
06:00
S26
-3°
07:00
S26
-2°
08:00
S26
-2°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Та ашиглаж дууссан хуруу зайгаа жирийн хог хаягдалтай хамт хаячихдаг юм биш биз?

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг

Гар утас, камер, ноүтбүүк, цаг, удирдлага, хүүхдийн тоглоом, гар чийдэн, сонсголын аппарат гэх мэт тоочоод баршгүй олон зүйлс зайгаар ажилладаг.

Дахин цэнэглэгддэг, цэнэглэгддэггүй, нэг удаагийн, алкалин, аллиминум, товчон, гелэн, литин, ион гэх мэт маш олон төрлийн, янз бүрийн зориулалтаар бүтээгдсэн зайг бүгдийг нь дурдвал дуусахгүй.

Эдгээр олон зайн төрлөөс хүмүүс бид ахуйн хэрэглээ, өдөр тутмын амьдралд хуруу зай гэж хэлж заншсан зайг хамгийн түгээмэл хэрэглэж байна.

Манай улсад 2010-2016 оны хооронд импортоор дахин цэнэглэгддэг 16.4 сая ширхэг, нэг удаагийн 31.5 сая ширхэг батарей орж ирсэн талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам мэдээлэв.

Хуруу зайг бид маш олон зүйлд хэрэглэж дуусмагц нь хогийн савандаа хаячихдаг. Гэтэл зай нь өөртөө кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл өөртөө агуулдаг бөгөөд байгальд төдийгүй хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс жирийн хог хаягдалтай хамт хаяхыг тэр бүр зөвлөдөггүй.

Хаягдал зай хураагуур нь гаднын нөлөөнд өртөн задралд орж хөрс, ус агаарыг бохирдуулснаар хүн, амьтанд шууд нөлөө үзүүлэхээс гадна усны амьтад болон бохирдсон хөрснөөс ургасан ургамлаар дамжин амьтан болон хүмүүс бидэнд дам нөлөө үзүүлдэг байна.

Сүүлийн үед батарейн томоохон үйлдвэрлэгчид байгаль орчинд үзүүлж буй батарейн хор хөнөөлийг багасгахын тулд түүний орц найрлагад ихэд анхаарч ажиллаж буй талаар олон улсад мэдээлэх болсон.

Харин манай улсад дууссан зайг ямар хог хаягдалд ангилж, хаяхдаа юуг илүү анхаарах талаар ямар нэгэн заавар зөвлөмж тэр бүр байдаггүйгээс шалтгаалан иргэдийн дундах ойлголт ч бага байдаг болов уу.

Нийслэлийн 150 сургуульд “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг” байршуулжээ

 
`Би ч мөн НОГООН ПАСПОРТТАЙ боллоо` аян /Баянхонгор аймаг/

БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбатын санаачлагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан, өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” аяныг өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгахаар өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Тус аяны хүрээнд хийгдсэн нэг гол ажил нь энэхүү байгаль орчинд сөргөөг нөлөөлдөг хуруу зайтай холбоотой шийдэл байсан нь сонирхолтой санагдсан юм.

Тодруулбал, хаягдал зайг цуглуулж,  хог хаягдлыг ангилан ялгах, дадал хэвшлийг сурагчдаар дамжуулан олон нийтэд түгээх зорилгоор “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг бүтээх” уралдааныг ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулж, эхний гурван байрыг шалгаруулжээ.

Үргэлжлүүлэн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг хийх, сургуулиудад байршуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн Боловсролын газар, Байгаль орчны газар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Зиг Заг групп хамтран өнгөрсөн гуравдугаар сараас хойш зохион байгуулан ажиллаж байгаа юм.​

Хаягдал зай хураагуур цуглуулах эхний хайрцгийг нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургууль дээр байршуулж байсан бол одоогийн байдлаар ногоон паспорт аянд нэгдсэн, нийслэлийн 150 сургуульд “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг” байршуулаад байгаа аж.

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр ч мөн хаягдал болсон, дууссан зайгаа авчирж тушаах уриалгыг "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо" гаргаад байсан юм.

Хаягдал зай ахуйн хогийг ч аюултай хаягдал болгон хувиргадаг

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төслийн менежер Н.Амгалан-Эрдэнэ "Эхний ээлжинд ерөнхий боловсролын ихэнх сургуулиудад тус савыг байршуулаад байна. Одоогоор бид зөвхөн зайг төвлөрүүлж, цуглуулах ажлыг явуулж байна.

Эдгээр цугларсан зайн дээр нарийвчилсан судалгааг хийж, цаашид хэрхэн дахин боловсруулж, ямар хог хаягдлын ангилалд хамруулж, урт хугацаанд ямар зохицуулалт гаргаж ажиллах тал дээр бид төвлөрөн судалгаа хийж байгаа.

Айл өрхүүдэд нийгмийн сүлжээгээр тус уриалгыг гаргаснаас хойш мэдээлэллийн дагуу маш олон хүмүүс манай байгуллагатай холбогдож, зарим хүмүүс авчирч өгч байгаа. Үүнээс харахад бидний бодож байснаас илүү их хүмүүс зайг жирийн хог хаягдалд хаялгүй, гэртээ хурааж, цуглуулдаг болохыг олж мэдсэн.

 
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо дээрх хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг

Та бүхний харж байгаачлан одоогоор манай улсад ямар ч устгал болон дахин боловсруулалт хийх зохицуулалт гараагүй байна. Үүнийг бий болгохын тулд эхний ээлжинд хаягдал зай нь байгалд хаягдахаараа ямар их хор хөнөөл учруулдгийг ухамсарлан ядаж нэг газар цуглуулж, төвлөрүүлье гэсэн зорилготойгоор тус ажлыг зохион байгуулж байна.

Нэг ширхэг аюулт хог хаягдал буюу зайг жирийн ахуйн хог хаягдлын ууттай хогонд хаяхад тэр ууттай хог тэр чигээрээ аюултай хог хаягдалд тооцогддог болдог. Тийм учраас зайг зайлшгүй ялгаж хаях нь чухал. Хүмүүс мэдэлгүй зайгаа ахуйн, хүнсний хог хаягдалд хамт хаячихдаг. Тэгэхээр тэр ууттай хог бүхэлдээ аюултай хог хаягдалд тооцогддог болж байна гэсэн үг юм" гэлээ.

Нэг ширхэг хуруу зай нэг м/кв хөрсийг бохирдуулж, ойролцоох 8000 литр усыг хордуулдаг

Зайг байгаль орчинд хаяснаар хүрээлэн буй орчинд ямар хохирол учруулдаг талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Т.Хонгор “Батарей нь өөртөө хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл, элемэнтүүдийг өөртөө агуулдаг тул байгаль орчин болон хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.

Нэг ширхэг хуруу зайг байгаль, хүрээлэн буй орчинд хаяхад ​ нэг метр квадрат хөрс, ойролцоох 8000 литр усыг хордуулж, бохирдуулдаг.

Тийм ч учраас зөвхөн байгальд хортой байгаад зогсохгүй тэр орчинд амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлэх чадвартай байдаг” хэмээн тайлбарлав.

Хаягдал зайн хор уршиг байгальд төдийгүй хүмүүс бидэнд, бидний амьдарч буй ойр орчинд ихээр нөлөөлдөг байх нь.

Иймд цэнэггүй болсон зайг жирийн хог хаягдлын хамт хаяхаас татгалзаж, зориулалтын цэгүүдэд тушааж хэвшвэл хаягдал зайтай холбоотой цаашдын шийдлүүд гарах хугацааг түргэсгэж, нэгдсэн зохицуулалттай болоход чухал түлхэц болох болов уу.

Хаягдал зайг хаана тушаах вэ?
 

Та бүхэн хэрэглэсэн зайгаа ямар ч төрлийн хогтой хамт холилгүй хадгалж байгаад Засгийн газрын ордны зүүн талд байрлах City Tower-ын 12 давхарт байрлах Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо-ны 1204 тоотод тушаах боломжтой.

Энэхүү нийтлэлд зөвхөн бидний ахуйн хэрэглээнд ашиглагдддаг "хуруу" зайны талаар дурдсан бол үүний цаана Япон улсаас орж ирж буй монголчуудын нийтлэг унаа болсон "Prius" автомашины ашиглагдахаа больсон зайны асуудал биднийг ойрын хэдэн жилдээ мөн хүлээж байна гэхэд хилсдэхгүй...

x