Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мөнхтуяа: Багш нарын дундаж цалинг 1,600,000 төгрөг хүртэл нэмүүлэхийн төлөө тэмцэх болно

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш өрнөж буй багш нарын ажил хаялтыг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хороо зохион байгуулж буйг Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэл дэмжиж байгаа хэдий ч багш нарын цалинг ердөө 7-12 хувиар нэмэгдүүлэхийн тулд орон даяар багш нарыг ажил хаялт зарлахыг турхирч буйд Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо санал нийлэхгүй буй талаараа мэдээлэл хийлээ.

Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь өнгөрөгч 2017 оны наймдугаар сард байгуулагдсан, багш нарын эрхийг хамгаалах зорилготой үйлдвэрчний эвлэл юм. Тэдний гаргаж буй гол шаардлага бол багш нарын цалинг эхний ээлжид 50 хувиар, цаашлаад нэг сая 600 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлэхийг хүсэж байгаа аж.

Гэтэл Боловсрол Соёл Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэл орон даяар зохион байгуулж буй ажил хаялтыг багш нарын цалинг ердөө 15 хүртэлх хувиар нэмүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгааг тэд мэдээлэв.

 
Гэрэл зургийг: mpa.mn

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо" ТББ-ын Тэргүүн Ч.Мөнхтуяа "Засгийн Газраас саяхан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэтэл Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хороо Засгийн Газартай хамтран ажиллаж буй мэт хардлага төрүүлсэн үйл ажиллагаа хийж байна. Аль хэдийн нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байтал багш нарыг турхирч ажил хаялт зарлуулж байна. Бага ангийн багш нар цалингаа 2.7 хувиар, дунд ангийн багш нар найман хувиар нэмэгдүүлэхийн төлөө ажил хаяж байна. Энэ нь багш нарын амьдралд бодитой өөрчлөлт гаргаж, үр дүн харуулахаар тоо биш юм. Иймд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс 50 хувиар, цаашлаад багш нарын дундаж цалинг 1,600,000 төгрөг хүртэл нэмүүлэхийн төлөө тэмцэх болно " гэлээ.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дор олон салбарыг хамарсан нийт 33 үйлдвэрчний эвлэлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүн дотор боловсролын салбарыг хамарсан Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэл болон Багш нарын Үйлдвэрчний Эвлэл тус тус үйл ажиллагаа явуулдаг ба багш нарын ажил хаялт, цалин нэмүүлэх асуудлаар эдгээр хоёр байгууллагын санал зөрөлдөж байгаа аж.

Ч.Мөнхтуяа "Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэл манай байгууллагыг хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш, багш нарын эрхийг хамгаалж чадахгүй гэх яриаг олонд тарааж явж байна. Гэтэл бид өнгөрсөн жилийн найман сараас албан ёсны үйл ажиллагаа явуулж багш нарын эрхийг хамгаалж байгаа" гэж мэдээлэв.

Мөн багш нар ажил хаялт зарлаж буй ид үед БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Хайнань арал руу амрахаар явсан гэж Үйлдвэрчний Эвлэлийнхэн мэдээлсэн юм. Энэ талаар Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамнаас тодруулахад "БСШУС-ын сайд гадагшаа яваагүй. Ажлаа хийгээд сууж байна. Лхагва гарагт болдог Засгийн газрын хуралдаандаа өчигдөр суусан байгаа" гэв.