Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хуванцрын бохирдлоос салахад хувь нэмрээ оруулах ХЯЛБАР САНААНУУД

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд хүний хүчин зүйл хамгийн ихээр нөлөөлж буй геологийн эрин үеийг антропоцен гэж нэрлэдэг. Бид яг одоо антропоцений эрин үед амьдарч байгаа юм.

Хүн төрөлхтөн дэлхийг 24 удаа тойрох хэмжээний их хог хаягдлыг нэг жилд гаргадаг гэвэл та итгэх үү? Энэ нь ойролцоогоор 2.12 гаруй тэрбум тонн хог хаягдал ба эдгээр хог хаягдлын дийлэнх хувийг хуванцар материалын үлдэгдэл эзэлдэг байна.

Хамгийн “уян хатан”, удаан хугацаанд ашиглаж болох хуванцрын гайхамшгийг 1950 онд анх удаа дэлхийд танилцуулж байсан. Хуванцар түүхий эд нь байгаль дэлхий дээр задардаггүй учраас дэлхий дээр оршсоор л байдаг. Дэлхий даяар ойролцоогоор 322 сая тонн хуванцар жилд үйлдвэрлэдэг гэсэн тооцоо 2015 онд гарсан бол энэ тоо 2050 он гэхэд дөрөв дахин ихсэж, далай тэнгис дэх загаснаас их хэмжээний хуванцар хог хаягдал бий болно гэсэн харамсалтай тоог олон улсын судлаачид гаргаад байна.

Хуванцар нь үнэ өртгийн хувьд хямд, хөнгөн тул дэлхий дээр буй хуванцар материалын 50 гаруй хувь нь зөвхөн нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгддэг юм.

Хуванцар материал устаж үгүй болдоггүй гэдгээрээ зөвхөн байгаль дэлхийд хор хөнөөлтэйгөөр зогсохгүй хүмүүс бидний эрүүл мэндэд ч мөн сөрөг нөлөөтэй. Учир нь хуванцрын бүтцэд "Бисфенол А", хар тугалга гэх хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон талын хор уршигтай бодисууд багтдаг аж.

Эдгээр хорт бодисын нөлөөгөөр үргүйдэл, үр зулбалт, түрүү булчирхайн үрэвсэл, чихрийн шижин, мэдрэлийн согог, хөхний хорт хавдар үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Хамгийн аюултай нь хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй бөгөөд хорт бодисууд нь аажим аажмаар хүний биед шингэж, эрүүл мэндийг алгуурхнаар хөнөөдөг.

Бидний урд хөрш болох БНХАУ энэ жилээс эхлэн бусад улсаас хуванцрын хог хаягдлыг авч, дахин боловсруулах ажиллагаагаа байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг шалтгаанаар зогсоосон талаар бид мэдээлж байсан.

БНХАУ-д хуванцраа экспортолдог орнуудын 2016 оны жагсаалтыг АНУ, Англи, Мексик, Япон, Герман тэргүүлжээ. Тухайлбал, АНУ 2016 онд хуванцар хаягдлынхаа 56 хувийг Хятад руу экспортолсон бол 32 хувийг нь Хонг Конг руу гаргаснаар энэ бүх хаягдал БНХАУ-д очсоныг илтгэж байна. АНУ үлдсэн 12 хувийг Мексик, Канад, Энэтхэг рүү экспортолсон бол Герман улсын хуванцрын экспортын 69 хувийг БНХАУ дангаараа эзэлж байна. Хоригт 24 төрлийн хуванцар, цаасан болон даавуун хог хаягдал багтсан бөгөөд тус шийдвэр нь хамгийн их хог хаягдал нийлүүлдэг байсан АНУ болон Европын улсуудыг хүнд байдалд оруулаад байгаа билээ.

Дэлхийн орнууд ихэвчлэн БНХАУ, Хонг Конг руу хуванцар хаягдлаа экспортолж байна.

Сүүлийн үед байгальд аль болох хаягдал багатай, нэг удаагийн бус, олон дахин хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг сонгож амьдрах zero waste буюу хог хаягдалгүй, минимал хэв маягаар амьдардаг хүмүүс олширч, энэ сэдэв ихээр яригдах болсныг та бүхэн анзаарч байгаа байх. 

Гэвч зөвхөн хэсэг бүлэг хүмүүс амьдралын хэв маягаа өөрчиллөө гээд улс орны хэмжээнд тодорхой үр дүн гарахгүй. Харин улс орны бүхэл бүтэн үйлдвэрлэлийн төлөвлөлт, бүтээгдэхүүн болон олон салбарын бүрдэл хэсгүүдийн уялдаа холбоотой болгосноор мэдэгдэхүйц үр дүн гарах боломжтой.

Нэг салбар, эсвэл компанийн ашиглахгүй болсон зүйлсийг нөгөө аж ахуйн нэгж ахин ашиглах хэвшлийг улс орон, нийгэм болон ард иргэдэд төлөвшүүлэх нь зүйтэйг Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргасан судалгаа зөвлөөд байна.

Өнгөрсөн оны байдлаар хог хаягдлын дахин боловсруулалтаар ХБНГУ нэгдүгээрт, Австри хоёрт, харин БНСУ гуравдугаарт тус тус бичигдэж байна. Эдгээр улс нийт хог хаягдлын 52-56 хувийг дахин боловсруулдаг талаар томоохон судалгааны ажил гүйцэтгэдэг Eunomia компанийн гаргасан үр дүн харуулжээ. Эдгээр улсын туршлагыг харахад улс орны Засгийн газар хог хаягдлын талаар нэгдсэн бодлого баримталж, ард иргэд амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусалж, дэмжлэг үзүүлдгийн үр дүнд ахиц гарсан байна. 

Европын Улс орнууд одоогоор нийт хуванцрын 30, АНУ нийт хуванцрын есөн хувийг тус тус дахин боловсруулж хэрэглэдэг ч хуванцар хог хаягдлын дийлэнх хувь байгальд, далай тэнгис рүү очсон хэвээр л байна.

Европын улс орнууд 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 65 хувийг дахин боловсруулагддаг болох зорилт дэвшүүлэн явж байгаагаа илэрхийлсэн билээ.

Гэтэл манай улсад...

Манай нийслэлчүүд жилд 1.4 сая тонн хог хаягдал үйлдвэрлэдэг. Гэвч эдгээрийн ердөө 24 хувийг дахин боловсруулж, үлдсэн хэсгийг нь булж шатаадаг байна.

Манай улсын хог хаягдлын дийлэнх буюу 1.2 сая тонныг дахин боловсруулж, энэ тооны хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц байдаг талаар үе үеийн төр засаг ярьдаг ч ямар нэгэн бодлого төлөвлөж, хөрсөн дээр хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Эхний ээлжинд дахин боловсруулахгүй юм аа гэхэд ядаж хог хаягдлаа эхлээд төрөл төрлөөр нь ангилан хаяад сурчихвал дараагийн алхмууд цаанаасаа хийгдээд л эхэлнэ. Хог хаягдлаа боловсруулагч БНСУ хог хаягдлаа ангилах тал дээр ч мөн арвин туршлагатай. Солонгос улсад хүнсний, жирийн болон дахин боловсруулагдах хогийн төрлөөс хамааран уутны өнгө өөр байдаг. 

Хоолны хог хаягдалд орон гэргүй амьтад идэж болохуйц үлдэгдлийг хамруулдаг ба жимсний үр, самрын хог, ханборгоцой, цайны ханд, загасны яс зэрэг үүнд ордоггүй байна. Дахин боловсруулах хог хаягдлын уут мөн өөр өнгөтэй, байрны гадаах хогийн цэг, эсвэл ойролцоох тусгай тушаах газарт цуглуулдаг.

БНСУ-ын дахин боловсруулагдах боломжтой эд зүйлс материалыг дурдвал, цаасан төрлийн сонин, дэвтэр, ном, сүүний хайрцаг, картонон хайрцаг тус тус багтдаг байна. Шилэн төрлийн зүйлд пиво, дарс, ундааны шилэн сав, цэвэр төмрөөр хийгдсэн зүйлс, цэвэр даавуун хувцас, 2, 4, 5 дугаартай хуванцар материалаар хийгдсэн эд зүйлс, бүх төрлийн гялгар уут, тор, хүнсний скоч, баттерей, шатсан ламп гэх мэт зүйлсийг дахин боловсруулах хог хаягдалд хамруулан авч үздэг ажээ.

Үүнээс харахад БНСУ-ын төр болон ард иргэд хог хаягдлын асуудлыг амжилттай шийдэж, нийт хог хаягдлын тал хувийг боловсруулж чаддагаас харахад манай улсад суралцах зүйл асар их байна.

Монгол Улсад мөн хуванцар нь хамгийн ихээр хаягддаг хог хаягдалд тооцогддог бөгөөд жилд 400 орчим мянган тонн хуванцар хаягдал гардаг байна. 

Өнгөрсөн жил нийт хог хаягдлын 319 мянган тонн нь шил, 69 мянган тонн нь хуванцар, 304 мянган тонн нь хоол хүнсний, 134 мянган тонн нь хаягдал төмөр болон өнгөт металл, 104 мянган тонн нь цаас, 72 мянган тонн нь малын гаралтай, 86 мянган тонн аюултай хог хаягдал буюу цацрагийн хог хаягдал, 485 мянган тонн нь бусад булагдсан хог хаягдал байдаг ба ойролцоогоор сая тонныг хөрсөндөө булдаг гэсэн тооцоо гарч байв.

Өнгөрсөн жил хотын захирагчийн ажлын албанаас санаачилсан хоёр байршилд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл, технологийн “Эко парк” цогцолбор байгуулах төсөл яригдаж байсан. Энэхүү паркийг байгуулснаар хогийг ялган ангилж, дахин боловсруулж, экспортод гаргах зорилт тавьж байсан ч төсвийн асуудлаас болж одоог хүртэл хэрэгжээгүй гэж хэлж болно.

Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс “Нэг удаагийн нийлэг хальсан уутын хэрэглээг хориглох” Засгийн газрын тогтоол гарсан билээ. Тус тогтоол нь 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уут хэрэглэхийг хориглож байгаа юм.

Ард иргэд зөвхөн төр засгаас хэрэгжүүлэх бодлогыг хүлээх бус, дор бүрнээ хичээж, өөрийн эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг авчрах боломж байна. 
Сүүлийн үед “Zero waste community of Mongolia”, “Биоамьдрал”, “Гялгар уутгүй Монгол” гэх мэт байгальд хаягдал багатай сонголт бүхий хүмүүсийн нэгдсэн фэйсбүүк группүүд олноор бий болсон. Нэг групп дунджаар 15,000 гаруй гишүүнтэй ба гишүүд өдөр тутмын амьдралд хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцаж, бие биедээ зөвлөгөө өгч, өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлдэг аж.

"Цэнхэр гарагаа хайрлая" уриатай, нэг удаагийн гялгар уут, хуванцраас татгалзах уриаг олон түмэнд түгээдэг “Хоггүй Монгол” ТББ-ын санаачлагч М.Бүжинлхам хуванцрын хог хаягдлыг багасгаж, байгальд бага зэрэг ч болов эерэг өөрчлөлт оруулах хүсэлтэй хүмүүст зориулан жижиг зөвлөгөө өгсөн юм.

  • Хог бага гаргах болон гялгар уут, хуванцраас татгалзах хамгийн энгийн алхам бол өөрийн ууттай болох, нэг удаагийн тодотголтой бүх зүйлээс татгалзах юм.
  • Дэлгүүрээс бараа худалдаж авахдаа сав баглаа боодлыг нь маш сайн анхаарах. Зайлшгүй шаардлагагүй бол худалдаж авахгүй байх. Мөн өөрийн даавуун торыг байнга авч явж байх гэсэн энгийн алхмуудыг мөрдөж эхлэх нь эерэг өөрчлөлтийн эхлэл гэдгийг дурдлаа.