Уншиж байна ...

Ногоон автобусны гэх хэрэгт дуудагдсан Солонгосын зуучлагч байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийлэв

П.Сайнжаргал, IKON.MN
4 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ногоон автобус"-ны гэх хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанд Солонгосын талын зуучлагч байгууллагын төлөөлөл оролцож, үүссэн нөхцөл байдлын талаар мэдүүлжээ. 



Энэ талаар хариулт өгөхдөө "Манай компанийн хувьд Монгол Улсын Засгийн газар болон Daewoo, Тэнүүн-Огоо зэрэг харилцагчийн дунд зөвхөн тээвэр зуучлал буюу тээврийн үүрэгтэй оролцож байсан.

Дээр дурдсан ААН-үүдийн хооронд байгуулагдсан гэрээний талуудын нэг биш. Иймд тухайн худалдан авах гэрээний агуулгыг мэдэх шаардлагагүй, сайн мэдэхгүй.

Тээврийн компанийнхаа хувьд тухайн автобус үйлдвэрээс гарах өдөр, гарсан тоо ширхэг, тээвэрлэлтийн хугацааны талаарх мэдээлэлд хамаг анхаарлаа төвлөрүүлж байсан.

Манай компани худалдан авсан автобуснуудыг Монгол Улс хүртэл тээвэрлэх ажлыг хариуцаж байсан. Компаниудын хоорондын гэрээ, мөнгөн дүн, автобусны техникийн үзүүлэлт зэрэгт тохирсон агуулга, батламж, гэрээ зэрэгт ямар нэгэн үүрэг хүлээж оролцоогүй.

Оролцогч тал нь ч биш. Энэ асуудал надтай ямар ч хамааралгүй" гэв. 

Б.Ганхуяг захирал "Яаралтай ирэхгүй бол асуудал маш хурц байна" гэсэн

Үргэлжлүүлэн "Ихтэ, Тэнүүн-Огоо, Daewoo зэрэг компанийн уулзалтад оролцож байсан хүнийхээ хувьд хурлын үеэр албан бусаар сонссон агуулгууд байгаа.

Гэхдээ эдгээр агуулга манай компанитай ямар ч холбогдолгүй учраас нарийн тэмдэглэл хөтлөөгүй. Тухайн хурлын үеэр сонссон зүйлсээ мэдүүлгийн үеэр өгсөн.

Монгол Улсын Засгийн газар ямар техникийн үзүүлэлттэй автобус авахыг хүсэж байсан талаар манай компани мэдэх ч боломжгүй, шаардлага ч байхгүй.

Евро-2, Евро-3, Евро-5 ч байна уу автобусны нийт хэмжээ нь адилхан. Тээвэрлэлтийн төлбөрт өөрчлөлт орохгүй байх нь чухал. Шүүхэд өгсөн бидний баримт материалыг хараад мэдэх байх.

Энэхүү тээвэрлэлттэй холбоотой бүх л бичиг баримт дээр Евро-2 гэж бичсэн байгаа. Уг агуулга Вьетнам болон Хятадын гааль дээр ч өөрчлөгдөөгүй. Бичиг баримтад засвар ороогүй.

Манай компанийн ихэнх ажил онлайнаар явагддаг. Зөвхөн бичиг баримттай холбоотой ажил эрхэлдэг.

Бүхий л бичиг баримтыг таван жилийн турш олон улсын ложистикийн хуулийн дагуу архивлан хадгалдаг. Тээвэр зуучлалын компани хууль бус ажил хийнэ гэвэл бичиг баримт хуурамчаар үйлдэх шаардлагатай болно.

Монгол Улсад буусан

  • Hyundai-гийн автобус 50 ширхэг
  •  Daewoo-гийн 100 ширхэг автобуснаас гадна өнөөг хүртэл Хятадын гаалийн талбайд байгаа Монгол руу тээвэрлэлт хийж байх явцдаа саатсан 10 ширхэг Daewoo-гийн автобус байгаа.

Мөн дараагийн ээлжит 100 автобусыг ачиж ирэх ёстой байсан. Усан онгоц маань 2023 оны аравдугаар сарын 3-нд Вьетнамын боомтод очихоор захиалагдсан байсан. Гэхдээ 2023 оны есдүгээр сарын 28-нд Монголд очсон автобусанд асуудал үүссэн гэх талаар Тэнүүн-Огоогоос холбоо ирсэн.

Daewoo-гийн талын мэргэжилтнүүд болон Итэгийн захирал Монголд яаралтай очиж, уулзалт хийх шаардлагатайгаа дамжуулаад өгөөч гэж хүссэн. Тухайн үед Солонгост ургацын баярын амралт тохиож байсан.

Бүх нийтийн амралт байсан учир "Очих боломжгүй" гэх хариултыг надад ирүүлсэн. Гэтэл Б.Ганхуяг захирал "Яаралтай ирэхгүй бол асуудал маш хурц байна" гэсэн. Тийм учраас би хоёр талд бүхнийг тайлбарлаад тухайн хоёр хүний онгоцны тийзийг хүртэл захиалж өгөөд Монголд ирсэн.

Хоёр талд тайлбарлахдаа “Та бүхний нийлүүлсэн автобусанд асуудал үүссэн гэнэ. Очихгүй бол болохгүй” гэж шаардсан.

Тухайн хүмүүсийн онгоцны тийзийг өөрөөсөө гарган барин Монголд дагуулж ирсэн бас нэгэн шалтгаан нь аравдугаар сарын 3-нд дараагийн 100 автобус Вьетнамын боомт дээр товлосны дагуу үргэлжлэх боломжтой эсэхийг шалгахын тулд байсан" гэж мэдүүллээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/bzshuuh/videos/2034049013781203