Уншиж байна ...

"Цахим мөрийтэй тоглоомыг VPN-ээр татаж тоглох, зохион байгуулах, зуучлах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно"

Б.Бадамгарав, IKon.mn
3 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийтэй тоглоом, бооцоот тааврын асуудлыг хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байна. 

Үндэсний Статистикийн Хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллийг нэгтгэн дүгнэвэл нийтдээ манай улсаас 1.7 их наяд буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн байна. Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1xbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 мянган ам.доллар шилжиж ирсэн. 

Зар сурталчилгаанд буюу бүх төрлийн үйл ажиллагааг спонсорлох нэрийдлээр нэг сая хүрэхгүй ам.доллар гаднаас оруулж ирдэг хэр нь 500 сая ам.долларыг урсгаж байгаа тооцоолол гарсан. 

Өнгөрсөн хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг нийт 6,036 домайн хаягт Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан ч линкүүдийг сольж, VPN ашиглаж энэ төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ аж ахуйн нэгжүүд дээр Монополийн Эсрэг Газраас өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу зөрчилтэй шинжтэй үйлдлийг нь хязгаарлаж, Зөрчлийн хуулиар 13,500,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Ийм бага хэмжээтэй. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар л ийм байна.

Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн аж ахуйн нэгжүүд, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийг, мөн цахим мөрийтэй тоглоомыг үйл ажиллагааг хөхиүлэн дэмждэг агент нэртэй зуучлагчийн үйл ажиллагааг энэ хуулиар бүрэн хориглохоор УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна.

Агент буюу зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлд нь, цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа, зохион байгуулж байгаа, сурталчилж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг чангатгана. Зөвшөөрлийн хуулиар цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож байна гэсэн үг" гэлээ. 

Түүнчлэн цахим мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан, зуучилсан тохиолдол хүлээлгэх хариуцлагын талаар "УИХ-аар хэлэлцэн баталснаар агентын үйл ажиллагааг бүрэн хориглоно. Мөн батлагдаад хэрэгжиж эхлэхэд Apple store, Metа компани руу хууль хэрэгжүүл гэх шаардлагыг тавьж, App Store, Play Store-оос бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомыг аппликэйшнүүд татагдахаа болино.

Хэрэв хууль зөрчиж, цахим мөрийтэй тоглоомыг өөр төрлийн линкээс, VPN-ээр татаад тогловол, зохион байгуулбал, зуучилж байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүү, Зөрчлийн, Зар сурталчилгааны, Зөвшөөрлийн тухай хуулиудад өөрчлөлт орж байна. Мөн Банкны тухай хууль өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хязгаарлалт тогтооно" гэсэн юм.