Уншиж байна ...

Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
5 цаг 17 минутын өмнө
IKON.MN
зураг
 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим мөрийтэй тоглоомыг хяналтыг чангатгах хуулийн төслийг боловсруулж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн болсон талаар олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. 

Тэрбээр "Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6,000 гаруй домайныг хаав. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна.

Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа. УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хуультай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ" гэсэн байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өмнө нь цахим тоглоомын сайтуудыг шалгах Ажлын хэсэг байгуулагдаж байгааг мэдээлсэн. Энэ хүрээнд "1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домайныг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ноос хаасан" хэмээн мэдэгдэж байв.

Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажиллаж байна гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр хуралдаж буй Засгийн газрын ээлжит 11 дүгээр хуралдаанд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг танилцуулж байгаа ажээ.