Уншиж байна ...

Улаанбурханы батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон байж болзошгүй иргэдийг ХӨСҮТ-д хандахыг зөвлөлөө

Б.Бадамгарав, IKon.mn
4 цаг 41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын өдрүүдэд халдварт өвчин, хоолны хордлогын дуудлага мэдээлэл хэр бүртгэгдсэнийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс тодрууллаа. 

Ингэхэд "ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасаг 24 цагаар ажиллаж байна. Сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого бүртгэгдээгүй. 

Харин улаанбурхан өвчний шинэ тохиолдол лабораториор батлагдаад байна. Энэ өвчний нууц хугацаа дунджаар 7-14 хоног. Иймээс улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан хоёр нислэг болох

  • 2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712,
  • 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Улаанбаатарт ирсэн, одоо ч утас нь холбогдохгүй байгаа болон буруу дугаар тэмдэглэгдсэн иргэд ХӨСҮТ-тэй холбоо барихыг хүсье.

Түүнчлэн 2025 оны хоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, гуравдугаар сард ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж байсан товлолын вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, эсвэл вакцины нас /9 сар/ болоогүй хүүхдүүд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдана уу" гэлээ.

2025 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний найман тохиолдол батлагдаад байгаа юм.

Улаанбурхан нь халдварлалт өндөртэй. Харьцуулбал коронавирусээр халдварласан нэг иргэн дөрвөн хүнд халдвар тараадаг бол улаанбурхан өвчний үед 15 хүртэлх хүнд халдвар тараах магадлалтай.