Уншиж байна ...

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
5 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан. Үүний улмаас долоон хүний амь нас эрстэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр эхлэхээр товлогдсон боловч шүүгчийн шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон талаар албан эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг дэнслэх шүүгч нь "Ногоон автобус"-ны гэх хэргийг шүүж байгаа аж. "Ногоон автобус"-ны гэх тодотголтой шүүх хуралдаан өнгөрсөн сарын 24-нөөс эхэлж, одоог хүртэл үргэлжилж байгаа билээ. Энэхүү шүүх хурал дууссаны дараа дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээр товлогдсон юм байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Б, тухайн компанийн жолооч Н.Р нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас

  • тухайн үед замын хөдөлгөөнд зорчиж явсан дөрвөн энгийн иргэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван алба хаагч буюу нийт долоон хүний амь насыг хохироосон,
  • ослын улмаас таван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,
  • нэг хүнд хүндэвтэр гэмтэл учирсан,
  • иргэдийн болон хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Улмаар "Дашваанжил" ХХК-ийн удирдлага болон ажилтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 

  • 10.6 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
  • 11.3 буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах 
  • 11.5 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэсэн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор 18.8 тэрбум төгрөг учирсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлж байв.