Уншиж байна ...

Панамын ерөнхийлөгч усан сувагт нь АНУ хяналтаа тогтоосон тухай Трампын ярьсныг няцаав

Т.Давааням, ikon.mn
7 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Панам улсын ерөнхийлөгч Хосе Раул Мулино

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш анх удаа Конгрессын нэгдсэн чуулганд ажлаа тайлагнасан юм.

Энэ үеэр тэр Панамын сувагт АНУ хяналтаа тогтоосныг бахархалтайгаар зарлаж байв.

Тэгвэл АНУ-ын засаг захиргаатай ямар ч холбоогүй үйл явдлыг өөрийн гавьяа мэтээр ярьсныг нь Панамын ерөнхийлөгч Хосе Раул Мулино өчигдөр буруушаажээ.

Саяхан Америкийн хөрөнгө оруулалтын BlackRock Inc компанийн тэргүүлсэн консорциум Панамын сувгийн хоёр талд үйл ажиллагаа явуулдаг Хонконгт бүртгэлтэй CK Hutchison Holding компанийн эзэмшлийн боомтын хувийг худалдаж авсан юм.

Үүнийг Трамп өөрийн засаг захиргааны ажил мэтээр ярьжээ.

“Би Панам улс болон Панамчуудын нэрийн өмнөөс манай нэр төрд халдсан энэхүү шинэ гүтгэлгийг няцааж байна” гэж Мулино сошиал хуудсандаа бичээд үүнийг Трампын “ээлжит худал” яриа болохыг баталсан байна.

Трамп сонгуульд өрсөлдөж байх үеэсээ эхлээд Панамын суваг АНУ-ын мэдэлд байх ёстой, Панам улс Америкийн компаниудаас хөлгийг нь нэвтрүүлснийхээ төлөө илүү өндөр хураамж авдаг гэх мэтээр ярьдаг байсан.

Бас Панамын сувагт Хятад улс бүрэн хяналтаа тогтоосон гэж ярьдаг байв.

Панамын эрх баригчид түүний ярьсныг тухай бүрд нь няцаасаар ирсэн юм.

Мягмар гарагт CK Hutchison Holding групп Hutchison Port Holdings, Hutchison Port Group Holdings компаниудынхаа $23 тэрбумын үнэлгээтэй хувьцааг BlackRock-ийн консорциумд зарж байгааг зарлаж байв.

Одоо уг наймаа Панамын засгийн газар зөвшөөрлийг хүлээж байгаа юм.

Панамын сувгийг АНУ анх 1900-аад оны эхээр өөрийн хоёр эргийн хооронд ачаа бараа тээвэрлэх зорилгоор бүтээн байгуулж байжээ.

1977 онд АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картерын байгуулсан гэрээний дагуу сувгийг 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Панам улсад шилжүүлэн өгсөн юм.

Трамп энэ гэрээг байгуулсан Картерын үйлдлийг “тэнэг ” хэмээн шүүмжилж байсан удаатай.

CK Hutchison компанийн удирдлага мөн дээрх наймаанд АНУ-ын засаг захиргааны ямар ч оролцоо байгаагүйг баталжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Фрэнк Сикст “энэ бол олон тооны санал, сонирхол хүлээн авсан өрсөлдөөнт үйл явцын үр дүнд байгуулагдсан гэрээ юм. Энэ наймаа цэвэр арилжааны шинж чанартай бөгөөд Панамын боомтуудын талаар сүүлийн үеийн улс төрийн дуулиантай огт холбоогүйг онцлон хэлмээр байна” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press