Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж сар шинийн баяраар гарсан инженер хангамжийн гэмтэл болон нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаар хэлэлцэв.
Тухайлбал Улаанбаатар хотын инженер хангамжийн байгууллагууд хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргаж ажиллажээ.
Сар шинийн баярын өдрүүдэд инженер хангамжийн чиглэлээр өдөрт нэг гэмтэл гарсан бол өвлийн улиралд дунджаар 2-3 гэмтэл гардаг байна. Мөн баярын өдрүүдэд байгууллагуудтай холбоотой 28 гомдол ирснийг 100 хувь барагдуулсан байна.
Түүнчлэн гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд өдөрт 949 автобус үйлчилгээнд явж, нийт 492,794 зорчигч тээвэрлэснээс бэлэн мөнгөөр өдөрт дунджаар 15,000 иргэн зорчжээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт гүйцэтгэлийн үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жолооч нарын цалинтай адил жигдрүүлнэ гэж хотын дарга мэдэгдээд автобусны жолооч эцсийн буудалд удаан зогсохгүй, хийдэлгүй ажиллах, жолооч хувьдаа бэлэн мөнгө авдаг байдлыг таслан зогсоох, автобусны камерын системийг гүйцэд ашиглаж байхыг сануулав.
Өнгөрсөн онд нийтийн тээврийн автобусны жолоочийн сарын цалинг 3.5 сая төгрөг болгож, нэмэгдүүлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!