Гадаад бодлого, эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс Монголд бизнес эхлүүлэх нөхцөл байдал ямар байгаа талаар цуврал нийтлэл бэлтгэжээ. Эхний удаад татварын асуудлыг хөндсөнийг хүргэж байна.
Удахгүй Татварын ерөнхий хуульд өөрчлөлт шинэчлэлт орох гэж байгаатай холбогдуулан ер нь Монголд бизнес эхлүүлэх болон эрхлэх ямар байдаг вэ гэдгийг хөндье.
Сонгуулийн өмнө Аж Ахуйн Нэгж(ААН) шинээр бүртгүүлэхэд цахим болсон гэхдээ бодит байдал дээр хэдэн ААН цахим болон Улсын бүртгэл дээрээс нэр авсан бол? Хэдэн хүн цаг хугацаагаа хэмнэсэн, хэдэн хүн Хүнд Суртлын золиос болсон бол?
Ташрамд хэлэхэд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс Сүхбаатар дүүрэг руу нүүсэн нь "20 минутын хот"-той яавч нэг чигт бол биш. Төрийн үйлчилгээнүүд авахын тулд заавал машин унаагаа тавих зогсоол өдрийн тал хайж явахаас өөр замгүй болгож байна.
ААН байгуулсны дараа шууд мөнгөн орлого олоод эхэлнэ гэж яавч байхгүй. Үндсэн бизнес санаа, хамтрагчид, санхүүжилт, төсөл төлөвлөгөө боловсруулах гэх мэт олон ажил хийгдэн зарим үед 2-3 жил болно. Гэтэл манай татварынхан бол таныг сар, улирал, хагас жил, бүтэн жилээр тайлагнахыг нууцаар хүлээн, битүүхэндээ алдаасай гэж "найдна". Алдаа бүр Зөрчлийн хуулиар торгож бизнес эрхлэх хүмүүсийн зүрх зоригийг үхүүлнэ. Наад захын хоол хүргэлтийн үйлчилгээ хүртэл гар утсанд мессэж ирүүлэн сануулж байхад Татварын хэлтсүүд мессэж автоматаар явдаг тогтолцоо байхгүй нь гайхалтай. Бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа хүмүүс анхны орлогоо олтол татварын болон санхүүгийн тайланд тайлагнана гэж санаа зоволтгүй байвал уг нь зүгээр юм. Анх бүртгүүлэхээс эхлээд "Х" тайлан автоматаар байх ёстой.
Бизнес эрхлэх нь Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэний үндсэн эрх. Өөрөөр хэлбэл хуулийн чадамжтай ямар ч иргэн бизнес эрхлэх эрхтэй. Харин татвар төлөх үүрэгтэй. Гэвч Монгол Улсын иргэн бүр татвар төлөх үүргээ биелүүлэхэд татварын тайлан гаргахад хялбар ойлгомжтой байна уу? Дэлхийн Банкнаас гаргадаг “Doing business” ранкаар манай улс дунджид байх бөгөөд тэр нь ахидаггүй яг нэг хэвээрээ. Монгол Улсад тулгардаг үндсэн асуудлууд яг л хэвээрээ.
1. Татвар. Ойлгомжгүй, олон үе шаттай, байнга өөрчлөгдөг. Бизнес ирээдүйгээ төлөвлөхөд бэрхшээлтэй. Улс төрчдийн шахалтаар "Оюу Толгой"-гоос их татвар авахын тулд татварын арга аргачлалаа маш их өөрчилсөн. Үүний үр дүнд нь Жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын байцаагчийн үзэмжээр татвар төлөхөөс өөр замгүй болдог.
Удаах асуудлуудыг дараагийн удаа хөндье...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!