Өчигдөр буюу Лхагва гарагт Япон улсын 108 настай иргэн дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй үсчний батламжаа Гиннесийн дээд амжилтыг бүртгэгчдээс гардан авчээ.
Японы зүүн бүсийн Точиги мужийн Накагава хотын оршин суугч Шицүй Хакоиши “Бага залуу наснаас минь эхлээд амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн байлаа. Гэхдээ би өнөөдөр үнэхээр аз жаргалтай байна” гэж батламж авсныхаа дараа хэлсэн байна.
Тэрбээр 14 настайдаа Токиогийн нэг үсчинд дадлагажигчаар ажиллаж эхлээд 1936 онд үсчний үнэмлэхээ авч байжээ.
Дараа нь тэр ижил мэргэжилтэй нөхөртэйгөө хамт үсчний газар нээсэн нь бөмбөгдөлтөд сүйрсэн тул төрөлх хот руугаа нүүсэн юм байна.
Нөхөр нь дайнд амь үрэгдсэний дараа Хакоиши бага насны хоёр хүүхдээ өсгөхийн хажуугаар жижигхэн үсчний газраа ажиллуулдаг байжээ.
2021 оны гуравдугаар сард тэрбээр Токиогийн Зуны Олимпын наадмын бамбарыг буухиалж байв.
Өвдөг нь өвддөг болсон тул Хакоиши гуай одоо өмнөх шигээ олон хүнд үйлчилж чадахгүй болсон ч захиалгаар цөөн хүний үс зассан хэвээр байгаа гэнэ.
“Зарим хүмүүс надаар үйлчлүүлэхийн тулд холоос ирдэг. Тиймээс би чадах чинээгээрээ ажиллахыг хичээж байгаа” гэж дэлхийн хамгийн өндөр настай үсчин эмэгтэй ярьжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!