Трампын засаг захиргаа энэ долоо хоногт АНУ-ын хамгийн том худалдааны түншүүд болох Хятад, Канад, Мексик улсуудын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноож байгаагаа зарласан билээ.
Тухайлбал Канад, Мексик улсуудын бараанд 25 хувийн татвар тогтоосон бол Хятадын бараа бүтээгдэхүүнд өмнөх дээр нь нэмээд 10 хувийн татвар тогтоосноор хамгийн багадаа 20 хувийн татвартай болсон юм.
Бээжингийн эрх баригчид өчигдөр энэхүү арга хэмжээний хариуд эхний ээлжинд АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын татварыг 10-15 хувь болгон нэмэгдүүлжээ.
“Хэрвээ АНУ дайныг хүсэж байгаа бол бид худалдааны, татварын, ер нь аль ч төрлийн дайныг хариу зарлаж, эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна” гэж Вашингтонд суугаа Хятадын элчин сайдын яам тус улсын засгийн газраас гаргасан мэдэгдлээс эш татан сошиал хуудсандаа бичсэн байна.
Энэ бол Трампыг тангараг өргөснөөс хойш Хятад улсын зүгээс АНУ-д хандсан хамгийн хатуу үг хэллэгтэй мэдэгдэл юм.
Мөн уг мэдэгдэл нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын чуулган Бээжин хотод эхлэх гэж буй цаг үетэй давхцаж байна.
Өчигдөр бас Хятадын ерөнхий сайд Ли Чян энэ жил батлан хамгаалах зардлаа 7.2 хувиар өгсөж байгааг зарласан юм.
Ингэхдээ тэр “нэгэн зуунд үзэгдээгүй их өөрчлөлтүүд дэлхий дахинд маш хурдтай өрнөж байгаа” талаар анхааруулжээ.
Үүнтэй зэрэгцэн Бээжингийн эрх баригчид дотооддоо худалдааны дайнаас үл хамааран эдийн засаг нь өсөх итгэл үнэмшил төрүүлэх мессэжүүдийг цацаж байна.
Өчигдөр хэлсэн үгэндээ Ли Чян бас Хятад улс дотоод зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчдад нээх бодлогыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгааг илэрхийлжээ.
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өнгөрсөн аравдугаар сард Тайвань арлын ойр орчимд цэргийн сургуулилалт эхлүүлэхдээ дайны бэлэн байдлыг бэхжүүлэхийн чухлыг онцолж байв.
Гэхдээ дайны бэлэн байдлыг хангах, дайн дэгдээх хоёр хоорондоо нэлээд ялгаатай ойлголтууд юм.
Тиймээс АНУ-ын эсрэг ямар ч хэлбэрийн дайн эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй.
Трампын засаг захиргаа Хятадын эсрэг худалдааны дайнаа АНУ-ыг чиглэсэн сэтгэцэд нөлөөлөх бодис фентанилын хууль бус урсгалыг зогсоох хангалттай арга хэмжээ авахгүй байгаатай холбон зөвтгөдөг.
Өчигдөр Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар хэлэхдээ “Фентанилын асуудал бол Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох бүдүүлэг шалтаг юм. Айлган сүрдүүлэлт, дээрэлхэлт бидэнд нөлөөлөхгүй. Дарамт шахалт, заналхийлэл нь Хятадтай харилцах зөв арга биш” гэж мэдэгджээ.
Хятад улсын батлан хамгаалах зардал жилийн $245 тэрбум байдаг нь дэлхийд хоёрт орох өндөр төсөв ч АНУ-ынхтай харьцуулахад хамаагүй бага юм.
Стокхольмын Олон Улсын Энхийн Судалгааны Хүрээлэн (SIPRI) Хятад улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.6 хувийг цэрэг армидаа зарцуулдаг тухай мэдээлсэн байдаг.
Энэ нь АНУ болон ОХУ-тай харьцуулахад мөн хамаагүй бага хэмжээ юм.
Гэхдээ зарим шинжээчид Хятад улсыг батлан хамгаалах салбарын зардлаа гадна талд бууруулж мэдээлдэг байж болзошгүй гэж сэжиглэдэг байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!