Уншиж байна ...

"Энэ жил Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөө, Ажилчны гудамжны гол замуудыг хэсэгчлэн хааж, хучилт хийнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн он Улаанбаатар хотын 62 байршилд авто зам шинэчилсэн бол энэ онд 41 байршилд авто зам шинэчлэх юм байна.

Энэ тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр "2025 онд нийтдээ он дамжиж байгаа 33 байршилд авто засвар, шинэчлэлийн ажил үргэлжлэх бол найман байршилд шинээр засвар, 11 байршилд шинээр зам барилгын ажил хийгдэнэ. Он дамжин хэрэгжиж буй 25 байршилд зам засварын ажил үргэлжилж байна.

Энэ жил зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 2-ноос эхэлнэ. Бетон зуурмагийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд шөнийн температур -8 хэмд хүрсэн үед зуурч эхэлдэг. Шөнөдөө 0 хэмээс нэмэх градустай болсон үед зам засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Өдрийн цагаар ч зам засвар, шинэчлэлийн үргэлжилнэ.

Тодруулбал Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө, Ажилчны гудамжны гол замуудыг хэсэгчилсэн байдлаар хөдөлгөөнийг хааж, хучилт хийнэ.

Чингисийн өргөн чөлөө, Их, бага тойруугийн гудамжны замуудыг засаж дуусгана.

Төвийн зургаан дүүргийн авто замын засвар, арчлалтыг хариуцах тендерүүд зарлагдсан. Нэг дүүргийн замыг хоёр багц болгож, зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор гэрээнд тусгаж байна. Тендерт шалгарсан компаниуд дүүргүүдийн 30,000 м.кв гадаргуун боловсруулалтын ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл зам хариуцагч нь явган зам, тэмдэг, тэмдэглэгээ, нөхөөс, гагнаас, хучилт зэрэг замын арчлалтыг хийх юм.

Нийслэлийн зүгээс замыг ямар нөхөхгүй байх шаардлагыг тавьж байна. Харин зам хариуцагчийн зүгээс олон нүхэн эвдрэл гарч байгаа замд хучилт хийж, ашиглалтын чанарыг 85%-аас дээш байлгана. Тухайн замын эвдрэлийг лазер багажуудаар тодорхойлж, чанар байдлын түвшин 85%-аас дээш байвал зам хариуцагч компанийн санхүүжилтийг олгох юм.

Зургаан дүүрэгт 12 зам хариуцагч байх бөгөөд тухайн дүүргийн хороолол доторх болон туслах гудамжнуудын замын сэтэлгээ хийгдсэн бол нөхөн сэргээлт хийж, тэмдэг, тэмдэглэгээг хариуцна" гэв.

Гадаргуун боловсруулалт гэдэг нь хөдөлгөөний эрчим багатай, хороолол доторх авто замд тохиромжтой. Тухайн зам хийцийн эвдрэлд ороогүй, суулт үүсээгүй, ус зайлуулах хоолойтой замуудад слари сийлэн гадаргуун боловсруулалтыг хийдэг. Ус тогтдог зам дээр гадаргуун боловсруулалт хийвэл үр дүнгүй болдог гэж тэрбээр тайлбарлалаа.