Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Монголд Улсын Их Хурлын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Монгол Улсын Засгийн газар Энержи ресурс компанийн хооронд байгуулсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээр шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон заалт бүхий тогтоолын төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү тогтоолыг гаргах болсон үндэслэл нь Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой, Засгийн газарт танилцуулах ёстой процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий энэхүү ордыг хувийн хэвшилд эзэмшүүлснийг хуульд нийцүүлэх шаардлагатай байна. Үүнийг шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа учраас тогтоол баталж, тогтоолоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар тус аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр боловсруулсан болно” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!