Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлын өвийг сурталчлах “Нүүдэлчин Монгол” наадам ирэх сард болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Биеийн тамир, спортын газар, Соёл, урлагийн газрууд “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадам"-ыг хамтатган наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол” нэртэйгээр зохион байгуулах гэж байна.

“Нүүдэлчин Монгол” наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой аж.

“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадам"-ын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан. Харин 2-р шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2,000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулна.

Их наадмыг Зохион байгуулах хорооноос Соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан дараах байдлаар шагнаж урамшуулах юм байна.

I байр – нэг – Цом, өргөмжлөл, 20 сая төгрөг
II байр – нэг - Цом, өргөмжлөл, 15 сая төгрөг
III байр – нэг - Цом, өргөмжлөл, 10 сая төгрөг
Тусгай байр – хоёр - Өргөмжлөл, 5 сая төгрөг

Мөн СББӨ-ийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон СББӨ-ийн их наадмын үеэр зохион байгуулах үндэсний спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон оролцогчдыг Их наадмын Зохион байгуулах хорооноос болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн шагнал урамшууллыг олгох аж.