Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Төрд удирдагдахгүй байгаа зээлийн "хар зах"-ыг зохицуулах хэрэгтэй

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 7 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

- Банкийг дахин хөрөнгөжүүлэх буюу Банкийг тогтворжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин бий болж байгаа ч нөгөө талдаа хөрөнгийн дутагдалтай банкуудад татвар төлөгчдийн мөнгөнөөс өгөх юм шиг ойлголт яваад байна. Хуулийн төслийн зохицуулалтын талаар мэдээлэл өгнө үү?

- Энэ бол олон улсад байдаг практик. УИХ-д ч анх удаа орж ирж байгаа асуудал биш. 2010-2011 онд орж ирж байсан. Хуулийн гол агуулга нь банкны систем дэх ард иргэдийн хадгаламжийн болон харилцах хэлбэрээр байршиж байгаа хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр хамгаалалт хийх гэж байгаа эдийн засгийн хөшүүрэг гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, банкны хөрөнгө томрох тусам банкинд байгаа эздийн өмч түүнийг дагаад томрох ёстой.

Машинаар бол ачаа нэмэгдэх тусам машины даацын чадамж нэмэгдэх ёстой байдагтай адил. Ийм шаардлагаар банкуудад байгаа хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө нэмэгдэж байгаа ч хурдыг нь эздийн хөрөнгийн өсөлт гүйцэхгүй байна. Тиймээс банкны эзэд хөрөнгөө нэмж чадахгүй бол ачаагаа дийлэхгүй унах эрсдэлээс хамгаалж, эздийн нөхөж чадаагүй хөрөнгийн орон зайг нөхөхөд төр түр хугацаагаар оролцох гэж байгаа нэг удаагийн арга хэмжээ. Дэмжлэгч биш. Хувийн өмч талаас нь яривал халдлага болж болох юм.

- Өмнө нь банкийг хөрөнгөжүүлэх асуудал УИХ-аар орж ирж байсан гэлээ. Тухайн үед ямар шийдвэр гаргаж байсан юм бол? 

- Одоо бид хуулийн талаар ярьж байна. 2010-2011 онд “Банкийг дахин хөрөнгөжүүлэх” хөтөлбөрийг Монголбанк боловсруулж, УИХ-д танилцуулж байсан. Тухайн үедээ амжилттай болоогүй. Ер нь манай эдийн засгийн санхүүгийн гол суурь систем нь банкны салбар. Энэ суурь салбарын тогтвортой байдлыг хангах, энд байгаа олон нийтийн хадгаламж мөнгөн хөрөнгийг хамгаалах гэсэн төрөөс авч байгаа арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй.

- Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулахаар Ерөнхийлегчийн Тамгын газраас хуулийн төсөл боловсруулсан. УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэжхууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргалаа. Энэ хуулийн төсөл дээр ямар саналтай байсан бэ?

- Төв банкаар гаднын томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын урсгалыг дамжуулна гэж ойлгосон. Эндээс гарах хамгийн том сөрөг тал нь манай улсын банкны системд
итгэх гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулна гэж харж байгаа. Тиймээс арилжааны банкууд хохирол амсах вий гэдгээс болгоомжилж байна.

- Төв банк нь хөрөнгө оруулагчдын валютыг өөрөөрөө дамжуулдаг жишиг бусад оронд байдаг юм болов уу?

- Валютын зохицуулалтын хуулиар Төв банк зөвхөн удирдлагын менежмент хийдэг. Засгийн газраас бусад байгууллага ялангуяа хөрөнгө оруулагчдын төлбөр тооцоог хийдэг институц биш.

- Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг Монголбанкнаас боловсруулсан байсан. Таны хувьд зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах нь боломжгүй гэдгийг хэлж байсан. Харин энэ удаагийн Монголбанкнаас оруулж ирж байгаа стратегийн баримт бичигтэй санал нэгдэж байгаа юу?

- Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй. Бид 1990 онд зах зэлийн систем рүү орсон. Энэ системээрээ эргэлт буцалтгүй 30 жил явлаа. Одоо тэр систем рүү буцаж очих шаардлагагүй. Зээлийн хүү гэдэг барааны үнэтэй ижил зүйл. Тэгвэл зээлийн хүүг захиргааны аргаар тогтоож болдог юм бол бүх барааны үнийг тогтооё. Хэрэв болдог бол ганцхан зээлийн хүү гэлгүйгээр 1990 онд ямар үнэтэй байсан тэр үнээр нь барааны үнийг тогтоочихъё. Валютын ханшаа ч мөн хязгаарлая. Ер нь манай улсад хоёр төрлийн зээлийн хүү байна. Банкны зээлийн хүүгийн эх үүсвэр нь тодорхой. Хадгаламж эзэмшигчдээс 14-15 хувийн хүүтэй авсан эх үүсвэрээсээ зээл өгч байгаа учир хэдэн хувийн ашиг олж байгаа нь тодорхой харагдаж байна. 

Суурь өртөг өндөр байгаа тохиолдолд хадгаламжийн хүү өндөр байхаас өөр аргагүй. Банкууд инфляцаас өндөр хэмжээний хүү амлаж, иргэдийн мөнгийг авч хадгална. Энэ хадгаламжийн хүү дээр банк зээлийн хүүгээ нэмж ашигтай ажиллана.

Гэтэл эх үүсвэр, ямар өртөгтэй нь тодорхой бус зээлийн хар захууд байна. Тэгсэн хэр нь маш өндөр өртөгтэй, хүүтэй зээл олгож байна. Харин энд төр зохицуулалт хийх ёстой. Нөгөө талаасаа зах зээлийн жамаараа бус эрэлт нийлүүлэлт нь ил тод бүтээгдэхүүн биш болж байгаа юм. Төрд удирдагддаггүй хар зах ч гэж хэлж болно. Үүнийг төр заавал зохицуулж, хатуу тогтоох ёстой гэж бодож байна.

- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төсөл боловсруулсан байсан. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох боломж нь манайд байгаа юу?

-Ep нь зах зээлийн үндсэн зарчимд ямар тооцоолол явдаг вэ гэхээр инфляцын түвшин гэдэг нь төрөөс тогтоож байгаа санхүүгийн өртөг юм. Өөрөөр хэлбэл, инфляц 10 хувь байвал чиний халаасанд байгаа 10 төгрөг байхгүй болно гэсэн үг. Харин энэ суурь өртөг өндөр байгаа тохиолдолд хадгаламжийн хүү өндөр байхаас өөр аргагүй. Банкууд инфляцаас өндөр хэмжээний хүү амлаж, иргэдийн мөнгийг авч хадгална. Энэ хадгаламжийн хүү дээр банк зээлийн хүүгээ нэмж ашигтай ажиллана. Тэгэхээр хамгийн том өртөг нь санхүүгийн суурь өртөг буюу инфляц юм.

Харин инфляцыг төр өөрөөр удирдаж, залах ёстой. Макро бодлого, эдийн засгийн бүтэц, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, макро лансаа барьснаар инфляц нам ор түвшинд байна. Нам дор гэдэг нь нэг оронтой тоонд үүний дотор таван хувиас доош байснаар инфляц урт, дунд хугацаандаа тогтвортой байна. Ингэснээр санхүүгийн бүх суурь өртөг буурна гэсэн үг. Ингэж хадгаламжийн хүү бага байна. Үүнд суурилдаг зээлийн хүү бага байна.

Тэгвэл Монголбанк зээлийн хүүг 10 хувь гээд зарлачихъя. Гэтэл төр өөрөө инфляцаа 10 хувь болгочихлоор банк яаж оршин тогтнох вэ. Тэгэхээр зээлийн хүүг захиргааны аргаар тогтоох боломжгүй. Харин зээлийн хүүгийн түвшин, дээд хязгаарыг тогтоох гэдэг нь тусдаа ойлголт юм. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох асуудалд хар зах дээр ажиллаж байгаа хэт өндөр, богино хугацаанд ашиг олох гэсэн мөнгө угаалтын шинжтэй эх үүсвэр нь тодорхойгүй зах зээлд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, төрөөс тогтоосон зээлийн хүүнээс доош зээлийн харьцаа шүүхэд очих эрхтэй болох нь. Нөгөө тохиолдолд хууль бус буюу өгсөн, авсан хэн хэн нь хуулийн чадамжгүй болох зохицуулалтыг төр хийх ёстой.

Зураг