Энэ долоо хоногийн Баасан гарагт Москва хотын Улаан талбайд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа.
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков энэ арга хэмжээнд төр, засгийн тэргүүн нь айлчлан ирэхээр болсон 29 улсын нэрийг зарлажээ.
Эдгээр нь БНХАУ, Бразил, Египет, Палестин, Венесуэл, Вьетнам, Беларусь, Тажикистан, Армени, Азербайжан, Босни Херцеговина, Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Буркино Фасо, Гвиней Биссау, Зимбабве, Конго, Куба, Лаос, Монгол, Мьянмар, Словак, Серби, Папуа Шинэ Гвиней, Этиоп болон Гүржээс салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осет улсууд юм байна.
Мөн Энэтхэг, Индонез, Никарагуа, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс өндөр түвшний төлөөлөгчөө ирүүлэхээр болжээ.
БНАСАУ элчин сайдын түвшинд оролцохоор болсон байна.
Ялалтын баярын арга хэмжээнд АНУ, Израил, Армени, Монголын ахмад дайчид оролцохоор болсныг Ушаков бас мэдээлжээ.
Мөн 13 улсын цэргийн алба хаагчид ялалтын баярын парадад жагсахаар болсон байна.
Тавдугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро нар хоёр улсын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах бол мөн өдөр Монгол, Куба, Конгын удирдагчидтай Путин уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!