Өнгөрсөн шөнө Энэтхэг улс хөрш Пакистан улс болон Пакистаны захиргаанд байдаг Кашмирын бүс нутгийн нийт есөн байрлалд пуужингаар довтолжээ.
Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф тус улс хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирын бүс нутагт зэвсэгт этгээдүүд 26 жуулчны амийг хөнөөсний дараа цөмийн зэвсэгтэй хоёр хөршийн харилцаа эрс муудаад байгаа.
Энэтхэгийн эрх баригчид уг халдлагад Пакистан улсыг буруутгасан бол Пакистаны тал үүнийг нь няцаасан.
Өнгөрсөн шөнийн үйл явдлыг Энэтхэг, Пакистан улсуудын хооронд дайны бус цаг үед гарсан хамгийн том агаарын цохилт гэж үзэж байна.
Британийн колони байсан Энэтхэгийн газар нутаг 1947 онд хиндү шашинтай хүн ам голлодог Энэтхэг, ислам шашинтнууд голлодог Пакистан улсууд болон хуваагдсан түүхтэй. Энэ үеэр Энэтхэгийн хойгийн баруун хойд хэсгийн Жамму, Кашмирын вант улсуудад аль улсад нэгдэхээ сонгох эрх олгож байжээ.
Кашмирын махаража эхлээд аль ч улсад нэгдэлгүй тусгаар тогтнох замыг сонгосон ч Пакистаны талаас довтолсны дараа Энэтхэгт нэгдэх шийдвэр гаргасны улмаас 1947-1948 оны хооронд анхны дайн дэгдэж байв.
Дараа нь 1965, 1971 онуудад дахин хоёр том дайн дэгдсэн юм.
Өнөөдөр Кашмирын баруун хойд хэсэг Пакистаны, зүүн өмнөд хэсэг Энэтхэгийн захиргаанд байдаг.
222,200 хавтгай дөрвөлжин километр талбайтай энэ нутгийн Пакистаны хэсэгт дөрвөн сая, Энэтхэгийн хэсэгт 13 сая хүн амьдардаг бөгөөд ихэнх нь ислам шашинтай юм.
АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс “Өмнөд Азийн урт хугацааны энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хариуцлагатай шийдвэр гаргахын төлөө ажиллахыг талуудад уриалж байна. Бид хоёр орны засгийн газартай олон түвшинд холбоотой ажиллаж байгаа” гэж мэдэгджээ.
Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа ерөнхийлөгч Трамп “Энэ бол ичгүүртэй хэрэг. Бид зууван танхим руу алхаж явахдаа энэ талаар сонслоо. Тэдний хооронд ямар нэг зүйл болох гэж байгааг хүмүүс өнгөрсөн түүх дээр нь тулгуурлан мэдэж байсан байх. Тэдний зөрчил удаан хугацаанд үргэлжилж байгаа. Энэ бүхэн богино хугацаанд өндөрлөнө гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.
НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Ерөнхий нарийн бичгийн дарга Энэтхэгийн цэргийн хяналтын шугам болон олон улсын хилийг дамнан явагдаж буй ажиллагаанд маш их санаа зовж байна. Хоёр улсад мөргөлдөөнөө өргөжүүлэхээс зайлсхийхийг тэр уриалж байна. Энэтхэг, Пакистаны хоорондын сөргөлдөөнийг дэлхий нийт тэвчиж чадахгүй” гэж мэдэгджээ.
Энэтхэгийн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Ажит Довал явуулсан ажиллагааныхаа талаар сүүлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод мэдээлснийг Вашингтон дахь тус улсын элчин сайдын яам баталсан байна.
“Энэтхэг улсын авсан арга хэмжээ тодорхой цэгүүдэд чиглэсэн бөгөөд оновчтой байсан” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!