Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслан юутай сайхан бэ?

ikon.mn
2018 оны 7 сарын 7
iKon.MN

Болжмор жиргэлдэх дуунаар сэрлээ. Өвсний үзүүрт шүүдэр бөнжигнөж, уулын тэртээ манан татжээ. Хаа нэг үнээ мөөрөлдөж, хажуу хавиар ноход эргэлдэнэ. Сэрүүхэн салхи цонхоор сэвэлзээд, борооны чийг хамар цоргино. Зуслангийн бороотой өдөр ийн эхлэв...

 

Намайг бага байхад лагертаа гарна гэдэг хөдөө явна гэдэгтэй л ижил сонсогддог байлаа. 10 жил Америкт ажиллаад ирсэн миний хувьд нялх багын дурсамж шингэсэн зуслангийн хуучин байрандаа ирэх нь жинхэнэ диваажинд ирсэн мэт болсон юм. Нөгөө өрөөнд галд түлээ шатах чимээ тас няс хийх нь дотно танил сонсогдох бөгөөд эх орондоо ирсэн гэдгээ энэ үед л мэдрэх шиг болов. 

Төд удалгүй ээж, “миний охин босоорой, цайгаа уу” гэж зөөлхөн дуугаар хэлсэн нь хамгийн гоё, тансаг үг байлаа. Орноосоо өндийж очвол ширээ дүүрэн унд бэлджээ. Шинэхэн талх, масло, өрөм, жимсний чанамал, гэрийн боорцог, сүүтэй цай. Хүний нутагт унтах завгүй ажиллаж явахдаа үүнийг л хамгийн их санасан байж. Ингээд эгээ л жаахан хүүхэд болсон мэт өөрийгөө мэдэрсэн би нүүр гараа угаахаар гарахад гэрийн гадна дээр үеийн хуучирч элэгдсэн угаалтуур яг хэвээрээ. Хажууд нь аавын авч ирсэн савтай цэвэр ус байх бөгөөд гар нүүрийн саван, шүдний оогоо бяцхан зай олон байршуулжээ. Өчигдрийн борооны ус угаалтуурыг жаахан халтар болгосон ч бүх зүйл нэг л танил санагдана. 

 

Усаа дэмий асгачих вий гэж эмээсээр нүүр гараа угааж дууслаа. Ээжийн бэлтгэсэн цайнд хөл алдан яарсаар гүйж очин сууж байтал аав гаднаас өглөөний агаарт жаахан алхсан бололтой их л тайван сайхан орж ирж байна. “Өө, миний охин сэрчихсэн үү, цайгаа уу” гэж зөөлөн хэлэхэд нь улам нялхарч нүдээ ирмэн, хошуугаа унжуулж эхлэв. Ингээд гурвуулаа ширээндээ суухад ээж цайндаа арвайн гурил цацаад, аав талх өрөм идээд л, зуслангийн айлуудын талаар элдэв янзын сонин хачин хуучилахыг нь харахад нэг тийм эгдүүтэй. 

 

Одоо үед зусланд уйдна гэж байхгүй болж дээ. Интернэт ч хангалттай байна, телевизээ ч хотоос ялгаагүй гоё үзчихнэ. Өглөө нь босч элдвийг амжуулаад орой нь хамтдаа ДДэшээ үзээд манай аав ээж шиг жаргалтай хүмүүс байхгүй л харагдлаа. Аав өдөр нь кинонуудаа, дараа нь ээж мэдээгээ, орой нь солонгос киногоо, шөнө нь хөлбөмбөгөө гээд цагийн хуваарь гаргачихсан манай хоёрт зав зай ч алга. Наадам болох гээд аав бөх, морио үзнэ гээд эртнээс захиалгаа өгчихсөн, нэг тийм энгүй амар амгаланг ижий аав хоёроосоо мэдрэв. Харин би бороотой “саарал” өдрийн сайхныг мэдрэн цонх ширтэн суухдаа элдвийг эргэцүүлж байлаа.

 

Ингээд тэр хоёрыг орхиод гадуур жаахан аялахаар гарвал зуслангийн хөршүүд яг хэвээрээ шүү. Хажуу айлын эмээ, урд хашааны найз бүгд л миний том болсныг гайхаж хашааны цаанаас хашхиралдана. “Орж цай уу миний хүү, гадна дотны сонин сайхан хуучлаарай” гээд уриалгахан хэлэх нь дотно сайхан. Хашаанаасаа гараад жаахан алхвал хүүхдүүд энд тэнд бөмбөг өшиглөж, хөөрөлдөн гүйлдээд, хүнсний дэлгүүрээс талх авсан хүмүүс ганц хоёроор гарч харагдав. Дэлгүүр ортол таньдаг худалдагч эгч намайг харан уулга алдаж чихэр атгаж өгөх нь дахиад л нялхруулж бага насныхаа дурдатгал дунд эргэж ирсэн мэт санагдуулах нь тэр. Манан татсан бүүдгэр өдөр хэдий ч сэтгэлд нар гийж юутай таатай байсныг үгээр илэрхийлэхийн аргагүй юм.

 

Энэ тэрийг сониучирхаж ингэж тэгж явсаар буцаад гэртээ ирлээ. Сайхан хоолны үнэр ханхийж, сэтгэл гэгэлзүүлээд баярлаад ортол ээж сайхан шөлтэй хоол хийж байна. Өчигдөр миний авч ирсэн хүнсийг хөргөгч дүүрэн өрөөд бөөн баяр. Аав жимс идэнгээ буйдан дээр хэвтэж киногоо үзээд, энэ үед л гэр бүлийн аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч байлаа.

 

Намайг бага байхад бид 3 хоолоо хийж идчихээд орой нь гарч салхинд суунгаа элдвийг хуучилж үдэш болгодогсон. Тэр үеэ дурсаж гэрийнхээ гадна гурвуулаа нимгэн алчуур, цамцаа нөмрөөд элдвийг ярилцан суулаа. Эгнэн байршсан айлууд гэрийнхээ дээр цэнхэр өнгийн таваг, антен байрлуулсныг ажихад өвөрмөц содон зураглал мэт харагдаж бага байхад зурагт гаргах гэж антенаа оролдоод гэрээс ээж “за боллоо, дахиад нөгөө тал руу нь хөдөлгө дөө” гэж хэлдэг байсан нь санагдаад инээд ч хүрэх шиг.

 

Ай даа, ногоон модон хүрэмтэй Баян сайхан Хангайнхаа дэргэд зүгээр л ингээд суух нь юунаас ч илүү жаргал гэдгийг чин зүрхнээсээ мэдрэв. Мал сүрэг дүүрэн, цэцэг навч алагланхан, айл хотлоор жаргалтай байгаа энэ зураглал дэлхийн хаанаас ч олдохгүй гэдгийг тэр үед л би мэдэрсэн юм. 10 жилийн дараа зусландаа өнгөрүүлсэн аз жаргалтай энэ л өдрийг хэзээ ч мартахгүй ээ. 

 

 

Зураг
13 | 18 | 17 цаг