Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

М.Цэндсүрэн: Стресс хамар битүүрэх шалтгаан болдог

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 5 сарын 25
СОНГДО зөвлөж байна

Хүн ам олноор суурьшиж, хотжил ихэссэн өнөө үед харшилгүй хүн ховор болжээ. Тоос шороо, утаа, хог ургамал зэрэг нь хүний харшил үүсгэх гол шалтгаан болж буй. Үүнийг дагаад хамар битүүрэл сүүлийн жилүүдэд ихэссэн. Төрөл бүрийн дусаалгыг цаг бүр хэрэглэдэг хүн ч цөөнгүй болж. Энэ тухай “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хойлойн эмч, АУ-ны магистр Цэндсүрэнтэй ярилцлаа.


 

-Ямар шалтгаанаар хамар битүүрдэг юм бол?
-Сүүлийн жилүүдэд хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл чих хамар хоолойн өвчлөлийн дунд хурдацтай өсөж байна. Улаанбаатар хот хүн амын шигүү суурьшил, агаарын бохирдол, утаа, хуурайшилтаас шалтгаалж ихсэж байна.

Хамар битүүрэх нь, хамар, хамрын дайвар хөндийн үрэвслийн нэг шинж тэмдэг. Үүний шалтгааныг гол ажиллагаа хямарсан, бүтцийн өөрчлөлтөд орсон гэж хоёр хувааж үздэг. Нян, вирус, мөөгөнцөрийн халдвар, харшлийн үед дархлаа сулрах, хамрын хөндийн цочмог үрэвсэлийг хожуу оношлуулж, эмчлүүлэх, үүний үед таарсан антибиотикийг сонгож хэрэглээгүйгээс, хамрын дусаалгыг буруу хэрэглэснээс, шүдний халдвар зэрэг үйл ажиллагааны хямарснаас хамар битүүрэх шалтгаан болдог.

Мөн хамрын таславчийн муруйлт, мултрал, хамрын гэмтэл, ур, төрөлхийн гажиг, мэс заслын үеийн гэмтэл, нармай гүйлсний томрол, самалдагийн томролт, ховор тохиолдолд хамрын хавдар нь хамрын битүүрэлд нөлөөлдөг. Хүмүүсээс өөрсдөөс нь голчлон хамрын дусаалга тогтмол хэрэглэх, тохирохгүй дусаалга сонгох мөн архи тамхины хэрэглээ, усан спортоор хичээллэх, амьтан тэжээх, удаан хугацаагаар ханиадтай байх, стресс зэрэг хүчин зүйлүүдээс хамар битүүрдэг.

-Стресс хамар битүүрэх гол шалтгаан болдог хэрэг үү?
-Хамар маш олон цусны судсаар баялаг эрхтэн. Ялангуяа самалдагт судас их байдаг. Стресснээс болж хүний мэдрэлд өөрчлөлт орсноор хамрыг мэдрэлжүүлдэг мэдрэлд өөрчлөлт орсноор судас хөөж хавагнан хамар битүүрдэг.

Мөн стресстэй холбоотой ялгардаг зарим нэг гармон жирэмсэн ээжүүдэд ихэвчлэн нөлөөлж хамар битүүрүүлдэг. Хамар агаарыг бүлээсгэх, шүүх, чийглэх, дамжуулах үүрэгтэй. Хүний хамарт дөрвөн хос, найман дайвар хөндий байдаг. Эдгээр хөндийнүүд хамрын хөндийтэй харьцдаг байгалынхаа жижиг нүх, цорго, жимтэй.

Өөрөөр хэлбэл хамар л зөвхөн амьсгалдаг бус хамрыг тойрсон дайвар хөндийнүүд давхар амьсгалж, тэдгээр хөндийнүүд хий агуулж байх ёстой байдаг гэсэн үг. Гэтэл хамар битүүрэх үед дайвар хөндийд идээт ялгадас удаан хугацаанд байж, хамрын дайвар хөндийн салст бүрхэвчийг хавагнуулж, зузааруулж, хамрын хөндийтэй харьцдаг нүх, сүв, цорго нь бөглөрч агааргүй орчин үүсдэг.

Ингэснээр салс шүүрэл нь өтгөрч хуримтлагдаж, багтаамж нь багасч үйл ажиллагаа нь алдагдсанаас нян үүсэх таатай нөхцөл боломж бүрддэг. Нэг үгээр хэлбэл нойтон сав тагалсантай ижил үйл явц болдог гэсэн үг. Үүнээс шалтгаалж хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гайморит үүсдэг.

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Гайморитын нэг гол шинж тэмдэг нь мэдээж хамар битүүрэх. Мөн өтгөн ногоон, шаргал ялгадас гоожих, нармай руугаа ялгарах, үнэрлэхүй өөрчлөгдөх, буурах, алдагдах, нүүр шанааны яс руу өвдөх чинэрэх, зовхи хавдах, халуурах, толгой өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг.

Үүнээс гадна ам, хамарнаас эвгүй үнэр үнэртэх, амьсгалахад идээ амтагдах, шөнө ханиалгах, хоолой хөндүүрлэх, ядрах, сульдах, хөдөлмөрийн чадвар, хоолны дуршил буурах зэрэг дагалдах шинж тэмдэгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэгүүдийн аль нэг нь л хамар битүүрэлттэй зэрэгцэж байвал гэрээр тохироогүй дусаалга дусааж цаг алдалгүйгээр мэргэжлийн эмчид хандаж, дурангийн оношлогоо хийлгэх, хүндрэхээс нь өмнө зөв арга хэмжээ авч дадах хэрэгтэй.

Хүүхдэд дээрх шинж тэмдэгээс гадна хурхирах, амаараа амьсгалах, амаа ангайж унтах, хамар нь гунших шинж тэмдэгүүд илэрч болно. Зөв арга хэмжээ аваагүйгээс амьсгалын доод замын төрөл бүрийн архаг өөрчлөлтийг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл үдсэн үүргээ гүйцэтгэхгүйгээс уушиг болон бусад эрхтэн системийг гэмтээдэг гэсэн үг. Битүүрээд байгаа хэсэгтээ хамар тойрсон дайвар хөндийнд үүссэн идээт үрэвсэл нь ясан ханыг гэмтээж, ухархайн хана буюу тархины хөндийрүү идээт үрэвсэл шилжих аюултай.

-Хамрын дусаалгыг байнга хэрэглэдэг хүн олон байдаг. Энэ зөв үү?
-Дусаалга бол хамар онгойлгох л үйлчилгээтэй. Үйл ажиллагааны шалтгаанаар түр хугацааны хамрын битүүрэл үүссэн тохиолдолд тохирсон тунгаар хэрэглэвэл үр дүнтэй. Харин тохироогүй дусаалгыг удаан хугацаагаар буруу хэрэглэвэл хамар бүтцийн өөрчлөлтөд орж, эргээд хамраа биүүрүүлэх, мэс засалд орох хэмжээнд хүргэдэг.

Чих хамар хоёрыг холбосон гуурс байдаг. Уг гуурс бөглөрсөн үед дотор чих рүү дамжин чихний үрэвсэл үүсдэг. Тиймээс хамар битүүрсэн үед, ялангуяа бага насны хүүхдийн хамар битүүрсэн үед чих нь өвддөг.

-Хамар битүүрсэн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Шалтгаанаасаа хамаарч өөр өөр арга хэмжээ авна. Сүүлийн үед харшилтэй хүмүүс олширсон байна. Тиймээс харшлын гаралтай хамар битүүрэл мөн ихэссэн.

Үүнд амьтан, ургамал, ахуйн гаралтай гэх мэт зүйлсээс харшилж байна. Энэ үед харшилдаг зүйлсээсээ аль болох хол байх хэрэгтэй. Мөн яг хаана битүүрээд байгаагаа олж, түүнд тохирох дусаалгыг богино хугацаанд хэрэглэх хэрэгтэй. Харшлаас бусад тохиолдолд эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг.

Хэрвээ үйл ажиллагааны шалтгаантай хурц үе шатанд нь үрэвсэл, харшил, халдварын эсрэг эмчилгээг 14 хоног хүртэлх хугацаанд хийж тохирсон дусаалгыг зөв хэрэглэнэ. Бүтцийн шалтгаантай болон архаг дахилттай үед хамрын амьсалд саад болж буй бүтцийг нь мэс заслаар муруй таславчийг нь тэгшлэх, гэмтлийг нь засах, нүх жимийн бүрдлийг нь хааж буй саадыг нь дурангаар онгойлгох, томсгох, цэвэрлэх мэс засал хийгддэг.

Мөн унтаж байх үед хамраараа шүгэлдээд буй мэт дугараад байна гэж өвчтөнгүүд их хэлдэг. Энэ нь хамарны таславчийн цоорхойтой холбоотой. Хамрыг голоор нь хоёр хөндийд хуваадаг хана байдаг. Уг хана нь хуурайшилт, шарх, гэмтэлээс шалтгаалж цоордог. Ховор тохиолдолд мэс заслын дараа цоорсон байдаг. Тухайн цоорхойн хэмжээ жижиг үед шүгэлдэх чимээ гардаг. Энэхүү хэмжээг диаметрээр нь гурав хувааж үздэг. I,II зэрэг буюу хоёроос дотогш диаметртэй байвал нөхдөг болсон.

-Урьдчилан сэргийлэх ямар арга байдаг юм бол?
-Хамар битүүрхээс урьдчилан сэргийлэхийн тулд өмнө дурьдсанчлан шалтгаануудаас нь зайлсхийх,бүтцийн шалтгаантай бол эрт оношлуулж эмчлүүлэх шаардлагатай. Үүнээс гадна биеийн эсэргүүцэл болон дархлаагаа сайжруулах, ялангуяа улиралд тохирсон хувцас өмсөх хэрэгтэй.

Улирал солигдох үед хүмүүс яарч хувцасаа нимгэлж, тохироогүй хувцалснаас ханиад томуу хүрч, хамар хамрын дайвар хөндийн үрэвсэл илт нэмэгддэг. Мөн хүмүүс, ялангуяа өсвөр насны хүүхдүүд өвөл малгай өмсөхгүй явснаас гэнэт хүндэрдэг. Тиймээс өвөл малгай өмсөх их чухал.

Гэрээр хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэхээр хамрын хөндийг далайн давс болон 0,65%-ийн натри холаридийн уусмалаар тогтмол угаах, гэр, албан тасалгааны агаарыг цэвэр, чийглэг байлгах, тамхи, тамхины утаанаас эрс зайлсхийх, утаа, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хурц үнэртэй гоо сайхны бүтээгдэхүүнтэй харьцахдаа амны хаалт хэрэглэх мөн усан спортоор хичээллэдэг, урт хугацаанд хлораминтай усанд сэлдэг хүмүүс гарангуутаа хамраа цэвэрлэж, угааж хэвших хэрэгтэй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Зураг