ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

М.Зулькафиль: Монголын хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй гол асуудал бол эзэмшил

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 2
Үндэсний шуудан
 

Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхийн нийтээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. “Дөрөв дэх засаглал" хэмээн нэрлэгдсэн хэвлэлийнхний дуу хоолойгоо илэрхийлэх өдөр маргааш тохиож байна. Манай улсын хувьд энэхүү өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм. Дээрх өдөр нь 1991 онд Намиби улсад баталсан хараат бус, олон ургалч, хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжих тухай Виндхукийн тунхаглалаас үүсэлтэй ажээ.

Тэгвэл ЮНЕСКО-гоос энэ жил гурван дэд сэдвийг илүүтэй онцолсон байна. Нэгдүгээрт, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх ба сонгууль, хоёрдугаарт, чөлөөт, аюулгүй сэтгүүлзүйг дэмжсэн эрхзүйн тогтолцоо, гуравдугаарт, онлайн дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрийн зохицуулалтыг сайжруулах нь гэсэн сэдвийг онцлон хөнджээ. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр хоёр байр ухарсан. Энэ нь Монгол Улс бол хагас хэвлэлийн эрх чөлөөтэй гэдгийг улам тод зарласныг МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч М.Зулькафиль онцоллоо. Энэхүү өдрийг тохиолдуулан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаатай холбогдуулан танд баярын мэнд хүргэе. Та ч бас дөрөв дэх засаглалд хүчин зүтгэж буй мэргэжил нэгтнүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Баярлалаа. Манай улс энэ өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Зарим хүн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр гэж ойлгодог. Энэ бол баяр биш юм. Тухайн орны сэтгуүлзүйн салбарт тулгамдсан асуудлаа нээлттэйгээр зарлах, хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэх гарц хайх, зарим улсад жагсаал цуглаан зохион байгуулж Засгийн газартаа шаардлага хүргүүлэх гэх мэт олон янзаар тэмдэглэдэг.

Тиймээс мэндчилгээ хүргэхээс илүүтэй сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид, уран бүтээлчид, эрдэмтэн багш нар, оюутнуудад хандан Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудлаа хамтдаа шийдвэрлэхийн төлөө хичээцгээе гэж уриалмаар байна.

-Хэдхэн хоногийн өмнө дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлалаа. Гэтэл манайх хоёр байраар ухарсан байна. Нэг ёсондоо Монголын сэтгүүлзүйд дүн тавилаа. Та үүнийг ямар өнцгөөс харж байна вэ?

-Ганцхан манай улс биш юм. Дэлхийн олон оронд хэвЛэлийн эрх чөлөөний индекс ухарсан байна. Ялангуяа баруун европт. Словак, Польш гэх мэт орны индекс ухарсаар л байгаа. Монголын хувьд жил бүр 1-2 ухардаг, эсвэл урагшилдаг. Манай улс ардчиллын буянаар хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны статустай яваа. Үүнээс өмнө нэг намын хараат байсан шүү дээ. 2018 онд байр ухарсан шалтгааныг маш тодорхой бичсэн байна билээ.

Хэвлэлийн эрхзүйн зохицуулалтыг бүрэн шийдээгүй, эдийн засгийн дарамттай гэх мэт асуудлыг хөнджээ. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг тодорхой шалгуурын дагуу шүүж, дүгнэдэг гурван гол шалгуур бий. Эхнийх нь тухайн улсад төр засгийн мэдлийн бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэр олон байна вэ. Хоёрдугаарт, Төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэн, бизнесмэнүүдийг шүүмжилж болох эсэх, гуравдугаарт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэн нэгний үзүүлж буй хууль хяналт, эдийн засаг байна уу гэдгийг харгалзан, харьцуулж байр эзлүүлдэг юм. Манай улсын хувьд эхний шалгуур дээр гайгүй.

Төрийн шууд мэдэлд байгаа цөөхөн хэвлэл бий. Бусад нь чөлөөт хэвлэл. Гэхдээ наанаа чөлөөт хэвлэл гэж ярьдаг боловч цаад талдаа бүгд улс төр, бизнесийн том бүлэглэлд харьяалалтай болсон байдаг. Үүнээс болоод мэдээллийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа юм. Хоёрдугаарт, манай улсад багийн даргаас эхлээд төрийн тэргүүнээ хүртэл чөлөөтэй шүүмжилдэг. Харин шүүмжилсний дараа дарамт шахалт багагүй ирнэ. Гуравдугаарт, улс төрийн, эсвэл эдийн засгийн дарамт нүдэнд харагдахуйцаар шууд байхгүй. Бүгд далд хэлбэрт шилжсэн. Үүнээс гадна Зөрчлийн тухай хууль нь сэтгүүлчдэд халтай болсон.

Өмнөх хуулиар сэтгүүлч хэн нэгнийг гүтгэн доромжилсон байвал шүүх, прокуророор заавал дамждаг байлаа. Гэтэл одоо цагдаа шууд торгох, баривчлах гэх мэт арга хэмжээ авах эрхтэй болчихсон. Хэтрүүлэгтэй хэлэхэд цагдаа болгон торгох эрхтэй болсон учраас тэр нь сэтгүүлчдэд маш их дарамт болж байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөг хааж, боох нэг том алхам юм. Дүгнээд хэлэхэд миний бодлоор хэвлэлийн эрх чөлөөний индекс ухарсан шалтгааны нэг нь энэ.

-Монгол Улсын хэмжээнд 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий гэх албан бус тоо байна. Тэгвэл гуравхан сая хүн амтай оронд ийм олон сонин, сэтгүүл, сайт, телевиз байх нь зөв үү?

-Хүн амын тоотой харьцуулбал хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо замбараагүй болсон. Өнөөдөр 100 гаруй сэтгүүл, 100 гаруй сонин гарч байна. Сайтуудыг хасаад 450 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголд бий. Сайтын тоо 200 хол давсан. Үүнээс 50 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Дээрх статистикийг насанд хүрсэн хүний тоотой харьцуулбал маш өндөр үзүүлэлт. Гэхдээ одоо харьцангуй багасаж байна.

Жишээ нь, өдөр тутмын сонин л гэхэд гурван жилийн өмнө 16 байлаа. Одоо 11 болжээ. Мөн сэтгүүлч бэлтгэдэг сургуулийн тоо ч багассан. Таван жилийн өмнө 22 сургууль байсан бол өдгөө 10 дотор багтаж байна. Багасаж байгаа шалтгаан нь зах зээлгүй, орон зай муутай болсноос үүдэлтэй. Захиалга, реклам сурталчилгаа эрс багассан. Энэ бол зах зээлийн жам. Монголын үйл явдал Улаанбаатарт болдог, ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, мэдээлж байгаа мэдээлэл нь ижилхэн.

Бүх сонин ганцхан үйл явдлын эргэн тойронд өөрсдийн үзэл бодлоо бичдэг зэргээс шалтгаалаад өдөр тутмын сонинуудын зах зээл багассан. Үзэл бодлоо бичихдээ тухайн сонин санхүүжүүлэгч эзнийхээ захиалга, заавраар бичиж байна. Энэ бүхэн хэвлэлийн тоо багасахад гол нөлөө үзүүлжээ. Миний бодлоор ойрын үед сонины тоо нэг их өсөхгүй. Уншигч багатай болсон ч өнөөдөр 11 сонин оршин тогтнож байна гэдэг нь ардаа том санхүүжүүлэгчтэй учраас тэр.

Сониноор л жишээ авсан болохоос биш Монголд үйл ажиллагаа явуулж буй телевиз, сайт гээд бүгд адилхан. Ардаа санхүүжүүлэгчтэй. Нэг бизнесмен юм уу, улстөрчийн гарт олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх нь энгийн үзэгдэл болсон. Гадаадын орнуудад ч ялгаагүй.

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийг юугаар тодорхойлж байна вэ. Ямар нэгэн хэмжигдэхүүн байна уу?

-Дэлхий дахинд дөрвөн чиг хандлага бий. Эхнийх нь, даяаршил. Өнөөдөр бид ганцхан товчлуур дараад л мэдээллийг маш богино хугацаанд хүлээж авдаг болсон. Бүх хэвлэл цахим хэлбэрт шилжсэн нь үүний тод жишээ юм. Хоёр дахь нь төвлөрөл. Өнөөдөр хэвлэл мэдээллийн 10 гаруй төвлөрсөн компани байна. Өөрөөр хэлбэл, нэг компанийн мэдэлд олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гэсэн үг. Энэ хандлага цаашид үргэлжлэх магадлалтай. Муу тал нь мэдээллийн тэнцвэрт байдал алдагдана.

Яагаад гэвэл нэг хүний үзэл бодолд тааруулах учраас тэр. Сайн тал нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дампуурахгүй. Гурав дахь нь ижилсэл. Хэвлэл мэдээлэл нь тодорхой шинжээрээ нэг нь нөгөөдөө ойртож байна. Бид интернэтэд ороод сонин уншиж болно, телевиз үзэж болно. Дөрөв дэх нь задрал. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрөлжиж байгаа юм. Хуучин “Үнэн" сониныг намын гишүүд, “Пионерын үнэн”-г сурагчид, "Хөдөлмөр"-ийг залуучууд захиалдаг байлаа.

Тэгвэл одоо тийм биш. Бид дуртай сайтдаа нэвтэрч, хүссэн сониноо уншиж, таалагдсан телевизээ  үзэж байна. Үүнийг л задрал гээд байгаа юм. Ийм дөрвөн хандлага Монголын хэвлэлд бий болжээ. Энэ нь тодорхой хэмжээгээр бидний хөгжлийн хэмжигдэхүүн болж байгаа юм. Цаашид ч үргэлжилнэ.

-Тэгвэл таны харж буйгаар хэвлэлд хамгийн түрүүнд тулгамдсан асуудал юу вэ?

-Эзэмшил. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгний эрх мэдэлд очих нь цаад утгаараа эрх чөлөөг боомилж буй хэрэг. Эзэмшилгүй болох гэхээр зах зээл нь жижиг учраас дампуурах аюулд орно. Тэгэхээр дампуурахгүйн тулд хэн нэгний эзэмшилд очих, хаалтын гэрээ хийх гэх мэт арга хэлбэрийг сонгож байгаа нь нийгэмтэйгээ л холбоотой.

Гаднын орнууд шиг том зах зээлтэй биш учраас ажилчдаа цалинжуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээ тогтмол олон нийтэд хүргэхийн тулд хэн нэгний мэдэлд очиж байгаа юм. Өнөөдөр Монголын телевиз, өдөр тутмын сонинуудын ар талд хэн гэдэг улстөрч, бизнесмэн байгааг бид бүгдээрээ мэднэ.

-Монголд цахим хэвлэлийн эрхзүйн зохицуулалт тааруу байгааг олон хүн шүүмжилдэг. Шүүмжлэхээс ч аргагүйд хүрсэн. Цахим хэвлэл, сошиалаас болж сэтгүүлзүйн салбарын нэр хүнд унасан гэж дүгнэх хүн олон болжээ. Дээрээс нь оюуны хулгай. Нэгэнт хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьж байгаа юм чинь таны үзэл бодлыг бас сонсмоор байна?

-Цахим хэвлэлийн эрхзүйн зохицуулалт маш чухал болсон. Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүнийг гүтгэн доромжлох, нэр хүндэд халдах зэрэг нь энүүхэнд. Нэг хүний захиалгаар нөгөөхийг гүтгэж, түүнийгээ сайтаасаа авхуулах хүсэлт гаргахаар өмнөөс нь мөнгө нэхдэг. Нэг ёсондоо цахим сэтгүүлзүйг мөнгө олох хэрэгсэл гэж боддог болчихсон юм шиг. Сайтын тоо 200 давсан мөртлөө бүгд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаад л байна. Энэ нь тогтвортой ажиллах санхүүгээ хэрхэн босгож байгаатай шууд холбоотой. Мэдээж реклам сурталчилгаа байршуулж байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ ихэвчлэн бусдыг дарамтлах, шантаажлах замаар оршин тогтнож байна. Тэгэхээр үүнийг зохицуулсан хуультай болох хэрэгтэй. Гэвч болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Хууль олон байх тусмаа сөрөг үр дагавар их. Хууль батлуулж байгаа бол түүн дээрээ сайн ажиллах шаардлагатай. Зөрчлийн тухай хууль шиг амьдралд нийцэхгүй хууль батлуулбал сэтгүүлзүйн салбарын нэр хүнд л улам доошилно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнгө олж болно, гэхдээ шударгаар.

Түүнээс биш хүнийг гүтгэн доромжилж, түүгээрээ шантаажлан мөнгө авч байгаа бол энэ сэтгүүлзүй биш, дээрэм, гэмт хэрэг юм. Хэвлэлийн эрх чөлөө нэрээр халхавч хийж хэн нэгийг гүтгэн доромжилж, дээрэмдэж болохгүй шүү дээ. Ийм эрх чөлөө Монголд хэрэггүй. Уг нь бол сэтгүүлчид чинь оюуны талх үйлдвэрлэгчид. Харамсалтай нь, тухайн талхны жоронд шинэ зүйл хийж амтыг нь өөрчлөх, бүр дордуулах байдал ажиглагдаж байна.

-Өнөө цагт сэтгүүлчдийн ур чадвар ямар түвшинд байгаа бол?

-Сайн сэтгүүлч олон бий. Гэвч сүүлийн үед биеийн амрыг харах нь ихэссэн. Нөгөө гоё нийтлэл, шүүмжлэл бичдэг хүн цөөрчээ. Хоёр, гурван асуулт тавьж түүнийгээ эвлүүлдэг, эсвэл эргэцүүлэл бичих маягаар л сэтгүүлзүйг төсөөлж байна. Энэ бол залхуурал юм. Залуучууд залхуу болсон байна. Гэхдээ бүгд биш, олонх нь. Дээрээс нь зөв бичгийн дүрэм, утга найруулга, хэлзүйн алдаа маш их гаргадаг болсон. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн төвшинд нөлөөлж байгаа юм.

Бичлэгийн төрөл зүйл л гэхэд жижигхэн байвал мэдээ, асуулт хариулттай бол ярилцлага гэх мэтээр л төсөөлж байна. Бүгдийг нь холивол эргэцүүлэл болчхож. Нөгөө сайхан найруулал, улс төрийн шог найраглал, аян замын тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эрэн сурвалжлах сэтгүүлзүй бараг мартагдах нь. Нөгөө талаар редакцын бодлоготой холбоотой. Редакц нь ажиллах нөхцөл бололцоогоор хангадаггүй. Сэтгүүлчээ хамгаалах чадвартай редакц хэд байна вэ. Тоочоод байвал манай сэтгүүлзүйн салбарт алдаа дутагдал их бий. Үүнийг аажим аажмаар, бага багаар л засах хэрэгтэй. Түүнээс биш бүгдийг нь нэг дор засаж, залруулж чадахгүй, тийм боломж ч алга.

-Залуу сэтгүүлчдийн ур чадвар, зөв бичих дүрмийн талаар та шүүмжилж байна. Тэгвэл та бүхэн сэтгүүлчээр мэргэшихээр суралцаж буй оюутнууд яг юуг чухалчилж зааж байна вэ?

-Жилд 60-аад сэтгүүлч бэлдэж байгаа бид мэргэжлийн ёсзүйн талаар байнга ярьдаг. Сэтгүүлчийн ур чадвар, эрэн сурвалжлах сэтгүүлзүй, практик, интернэт сэтгүүлзүй гэх мэт бүх хичээл манай сургуульд ордог, цаашид ч орно. Гэхдээ манай сургуулийн төгсөгч бидний заасныг бүгдийг нь мэдээд ажлын байран дээр гараад тухайн редакц дээр очлоо гэхэд тэдний бодлогыг дагахаас өөр аргагүй.

Яагаад гэвэл цалинг нь авч байгаа учраас бодлогыг нь дагана. Бас тухайн сэтгүүлчээс өөрөөс нь шалтгаалдаг зүйл байна. Тухайлбал, олон байгууллага сольдог хүний чадвар уруудна уу гэхээс дээшлэхгүй. Редакц болгоны бодлого өөр. Тэр бүгдийг нь дагах гэж явсаар урууддаг тал бий.

Зураг