Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд бүрт мөнгө олгох төсөл Байнгын хороон дээр унасан ч УИХ-аар дэмжигдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Байнгын хорооны саналаар уг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 19.6 хувь нь дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

МАН хүүхдийн мөнгөн дээр хувь тогтоогүй шүү дээ

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох зарчмыг би дэмжиж байгаа. Боломж байгаа юу гэвэл байгаа.

МАН хүүхдийн мөнгөн дээр хувь тогтоогүй шүү дээ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Сангийн сайд ажлаа хийж чадахгүй байна гэж би бодож байгаа. Хүүхдийн мөнгөний асуудлыг ОУВС-тай ярьж тохирох хэрэгтэй. Яагаад төрийн бодлогын залгамж халаа байхгүй болов?" гэв. 

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох бололцоо онолын хувьд бол байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох бололцоо онолын хувьд бол байгаа. Төсвийн тодотгол хийгээд энэ асуудлыг оруулж ирж болно.

Хүүхдийн мөнгийг 80 хувиас 100 хувьд олгоход 40 орчим тэрбум төгрөг хэрэгтэй" гэлээ. 

Саяас дээш орлоготой хүнд 20 мянган төгрөг өгөх нь ямар ч шаардлагагүй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Хүүхдэд олгох мөнгийг харамлаад байна гэж ойлгож болохгүй. Саяас дээш орлоготой хүнд 20 мянган төгрөг өгөх нь ямар ч шаардлагагүй. Үүний оронд хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа хэсэгт энэ мөнгийг зарцуулах хэрэгтэй.

Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох болсон нь хүүхдийн мөнгө хэрэгтэй байгаа хэсгээ бүрэн хамруулж чадаж байгаа. 

УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгчид хүүхдийн 20 мянган төгрөг хэрэг болоод байгаа юм биш биз дээ" гэв.