Орон нутгаас Хөвсгөл, Дорнод аймаг өдийг хүртэл Засаг даргаа сонгоогүй байгаа. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шинэ Засаг дарга томилогдтол өмнөх Засаг дарга нь ажил үүргээ гүйцэтгэнэ гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийгээгүй байна.
Энэ хоёр аймагт МАН олонхийн суудал авсан. Хэдийгээр Засаг даргад зарим хүмүүсийн нэрсийг дэвшүүлсэн ч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5-д заасан шаардлагыг хангаагүй тул Ерөнхий сайд батлаагүй байна.
Үүнээс үүдэн Дорнод аймгаас Засаг даргад нэр дэвшсэн М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй гурван шатны шүүх хурал болж, шүүхээс М.Бадамсүрэнг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзжээ.
Харин Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд төрийн албанд ажиллаж байсан туршлага байхгүй хэрнээ “Би засаг дарга болох ёстой. Тиймээс аймгийн ИТХ дахин хуралдахгүй шүү” хэмээн намын бүлгийн нөхөддөө шахалт үзүүлсэн гэх мэдээлэл тус аймагт гараад байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!