Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"360 градус эргэдэг камер байрлуулсан нь хаанаас хэн хог хаяж байна гэдгийг маш сайн гаргаж ирнэ"

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүрэгт "Хог хаягдлын ухаалаг систем"-ийг нэвтрүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ талаар СБД-ийн Засаг дарга Х.Болормаа "Сүхбаатар дүүрэг төвийн дүүрэг. Энэ утгаараа хог хаягдалд санаа их зовдог. 

Уг системийг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд хог ихээр цуглардаг 25 байршлын судалгааг гаргаж, эдгээр нийтийн эзэмшлийн гудамж талбай бүхий 25 байршилд хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг, 360 градус эргэдэг камерын хяналт бүхий удирдлагын төвийг ашиглалтад оруулаад байна. 

Сүхбаатар дүүргийн хэмжээнд хамгийн их хог цуглардаг, гэмт хэрэг зөрчил гардаг нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн цэгүүдийг байршуулсан. Хог хаягдлын тээвэрлэлт дээр асуудал их үүсдэг.

 
Гэрэл зургийг mpa.mn

СБД-ийн хэмжээнд 2,700 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж байгаа. 360 градус эргэдэг камер нь хаанаас хэн хог хаяж байна гэдгийг маш сайн гаргаж ирнэ.

Ингэснээрээ бид нар хорооныхоо эко байцаагч, хэсгийн ахлагч нараараа дамжуулаад дүүргийн зүгээс тухайн хог хаяж байгаа хүмүүст 1-2 удаа санамж өгөөд дараагийнхаас торгоно.

БНСУ-ын хувьд тухайн хогийн цэгийн хог нь дүүрэхэд хотынх нь даргын өрөөнд байдаг хонх дуугардаг. Манай улсад энэ ажил бодитоор хэрэгжих хараахан боломжгүй учир бид энэхүү ухаалаг системийг нэвтрүүлээд байна" гэлээ. 

СБД-ийн хоёрдугаар хороо 30 дугаар байрны хойд талд, гуравдугаар хороо 14Б байрны хойд талд, зургаадугаар хороо "Ногоон урлан хотхон", долоодугаар хороо есийн нэгдүгээр байр зэрэг 25 байршилд хогийн савуудыг шинээр байршуулжээ. 

25 байршилд хогийн савыг байршуулснаар: 

  • Хогийн савны суурь хэсгийг бетондож хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж хамгаалсан,
  • 360 градус эргэх хяналтын камерыг байршуулснаар ойр орчимд нь ил задгай хог хаягдал үүсэх, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх,
  • Нэг цэг рүү харсан буюу хогийн сав руу харсан хяналтын камер нь хогийн савны гадуур хог хаяж орчин бохирдуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлэх, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих,
  • Дүүргийн ЗДТГ-т байрлах удирдлагын төвд диспетчер 24 цагаар ажиллаж, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлтэд бүрэн хяналт тавих, дуудлага мэдээлэл зөрчлийг илрүүлэн бүртгэлжүүлэх, арилгах давуу талтай ажээ.