Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

СХД-ийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг агаар шүүгчтэй болсноор эмчлүүлэгч хүүхдүүдийн амьсгал боогдох нь буурчээ

ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус эмнэлэг нь долоон шүүлтүүртэй, агааржуулагчийг давхарууддаа суурилуулжээ. Ингэснээр эмнэлгийн дотоод агаарын бохирдлын хэмжээг бууруулж, гаднаас орж ирсэн агаарыг хүчилтөрөгч болгон гаргах зарчмаар ажилладаг аж. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. 

Эрчимт эмчилгээ болон, хүлээн авах тасагт 13 агааржуулагчийг 70 орчим сая төгрөгөөр суурилуулсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Эмнэлэг гэдэг онцгой объект. Агаарын бохирдол ийм байгаа үед амьсгалын замын өвчлөл ихэсдэг. Сонгинохайрхан дүүрэгт энэ асуудал сүүлийн найман жил яригдаж байна. Өнгөрсөн жил бид хамгийн түрүүнд эмнэлгийн хүчин чадлыг сайжруулж, эх хүүхдүүдийг тухтай орчинд, олон хүнд үйлчлэх боломжтой болгох тал дээр арга хэмжээ авсан. Мөн агаарын бохирдлыг буруулах ажлыг хийсэн. 

Үүний дараагаас агаарын дотоод орчныг цэвэршүүлэхийн тулд дүүргийн хэмжээнд юу хийж болох талаар төлөвлөсөн. Энэ хүрээнд агаар шүүгчийг оруулж ирсэн байгаа. Хөрөнгө санхүү дээр бид нийслэлтэй хамтран шийдэж байна. Нийслэлээс дэмжихээ илэрхийлсэн. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт бид хамгийн бага зардлаар үр дүнд хүрэхээр ажиллаж байна. Уг нь нэлээд олныг байрлуулах шаардлагатай. Гэхдээ төсөв мөнгөний асуудлаас болж олныг суурилуулж чадахгүй байгаа. Эрчимт эмчилгээ болон, хүлээн авах тасагт нийт 13 агааржуулагчийг 70 орчим сая төгрөгөөр суурилуулсан.

Дотоод орчны чанарын мэдээллийг компьютероор болон гар утсаар авах боломжтой. Тус эмнэлэг нийслэлийн хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой цэгт харьяалагддаг учир агаарын бохирдлыг иймэрхүү хэмжээнд болгож бууруулсан нь том үр дүн. Өмнө эмнэлэг их бүгчим байсан учир янз бүрийн үнэр их гардаг байсан" гэсэн юм.

Агааржуулагч:

Тус агааржуулагчийг Солонгос улсад ашиглахдаа шүүлтүүрийг нь жилд нэг удаа сольдог байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт байрлуулсан агааржуулагчийн шүүлтүүрийг сарын дараа сольжээ. Тэгэхээр Солонгос улсад нэг жил ашигласаны дараа сольдог шүүлтүүрийг манайд сарын дотор сольсон аж.

Утаанаас болж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн амьсгал нь боогддог тохиолдол олон гардаг байсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Тасгийн эрхлэгч, их эмч Ч.Оюунбилэг "Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин, хүүхдийн ханиад ихэсдэг. Энэ жилийн хувьд бас л адилхан их байна. Үүнийг манай дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд агаар цэвэршүүлэгч тавьсан. Өмнө нь шөнө орой болохоор үүдэнд цэнхэр утаа суунаглаж харагддаг байсан. Мөн утаанаас болж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн амьсгал нь боогддог тохиолдол олон гардаг байсан. Харин агааржуулагч тавьснаас хойш утаа үнэртдэг, энэ байдлууд багассан.

Дээр нь өрөө тасалгааны 50 агааржуулагч өгсөн. Өрөө бүрт энэ агааржуулагчийг байрлуулаад эцэг эхчүүдэд ашиглах зааврыг нь хэлж өгсөн байгаа. Энэ нь хүүхэд амьсгалын замын зарим өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм" гэлээ.

Нэгдсэн эмнэлэг шинээр 100 орны нөөц бэлджээ

Тус эмнэлэг 165 ортой ба өнөөдрийн байдлаар 214 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Шинээр 100 орны нөөц бэлдэж одоогийн байдлаар 300 орны хүчин чадалтай ажиллаж байгаа юм. Баянхошуу, Цамбад байрлах хоёр амбулаторид ажлын бус цагаар хүүхдийн эмч нар үзлэг хийж байгаа аж. Ажлын бус цагаар буюу 17:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Ийнхүү илүү цагаар ажилласнаар нэг эмнэлгийн бөөгнөрөл, ачаалал харьцангуй буурчээ. Тус эмнэлэг ачааллаа бууруулахын тулд хоёр жилийн дотор тэтгэвэрт гарсан ажилчдаа дахин ажилд нь авч ажиллуулж байгаа гэж тус эмнэлгийн ажилчид хэлсэн юм. 

150 мянган хүнд зориулсан шинэ эмнэлэг

Барилгын ажил өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 30 хувьтай явж байгаа аж. Тус эмнэлэг 150 мянган хүнд зориулагдсан бөгөөд мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүдийн тасагтай мөн төрөх тасаг байх аж. Тус эмнэлгийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа аж.

ФОТО: