Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Харцага шувууд Кремлийг хамгаалдаг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Европын хамгийн хуучны хэрэм цайзнуудын нэгт тооцогддог Москвагийн Кремлийг махчин шувуунууд хамгаалдаг ажээ.

1960-аад оны үед Кремльд “хэрээ үргээгчид” гэгддэг нэгэн цэргийн хороо байрладаг байсан нь хэрээнүүдийг хуучны барилга байгууламжид үүрлэх, бохирдуулахаас сэргийлэх үүрэгтэй байсан гэнэ.

Тагтаа, улаан хошуут, голдуу хэрээнүүд Кремлийн арчилгааг хариуцдаг хүмүүсийн толгойн өвчин байсан аж. Тэд Кремлийн моддын үр, цэцгийг тасдаж, өвчин тарааж, мөн ялгадас нь хуучны ордон, барилгуудын өнгө зүсийг муутгадаг байжээ.

Ингээд 1980-аад оны үед Кремлийг хамгаалуулахаар анхны шонхруудыг ажиллуулж эхэлсэн байна. Эхлээд албаныхан махчин шувууны дүрстэй мануухай байрлуулж, шонхрын хашхирах дуу чимээг тоглуулагчаар цацдаг байжээ. Гэвч удалгүй бодит шувуу байрлуулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн байна.

Эхлээд шонхруудыг дайчилж байснаа сүүлд харцагаар сольжээ. Учир нь шонхор ангаа их өндрөөс хурдтайгаар довтолдог, хэрвээ эхний оролдлого нь бүтэлгүйтвэл дахин өндөрт нисдэг байна.

Гэвч орон зай багатай, хотын орчинд энэ нь тохиромжгүй байжээ. Шонхрууд ангаа хялбар алдаж, өөрсдөө ч байшин барилга мөргөж эндэх нь элбэг байв.

Мөн шонхор нь үнэтэй шувуу. Нэг сайн шонхор хэдэн арван мянган ам.долларын үнэ хүрдэг байна. Одоо харин Кремль умардын харцагыг хамгаалалтад ажиллуулдаг болжээ.

Шонхруудын хувьд үндсэн ан нь мэрэгч амьтад байдаг бол харцагны хувьд хэрээ гол хүнс нь. Бас харцаганууд 20-30 метрийн зайнаас довтолдог тул хот дотор илүү тохиромжтой байжээ. Үнэ өртөг нь ч хямд. $170-$260 орчимд нэг харцага олддог байна.

Кремлийн махчин шувуудын дотор бас цөөн тооны шар шувуу байдаг нь шөнийн эргүүлд ажиллах зориулалттай гэнэ. Шувуудыг байнга эрүүл мэндийн үзлэгт оруулж, сүүлэнд нь GPS дамжуулагч, хөлөнд нь жижиг хонх бэхэлсэн байдаг ажээ.

Тэднийг зургаан сар бэлдсэний эцэст албанд авах үгүйгээ шийддэг. Харцагны амьдрах хугацаа 10-15 жил байдаг аж. Гэхдээ Кремлийн шувууд зэрлэг байгальд амьдарч байгаагаасаа арай илүү урт насалдаг гэнэ.

Кремлийн хамгийн удаан ажилласан харцага нь 20 гаруй жил амьдарсан Альфа нэртэй эмэгчин харцага гэнэ.

Оросын хаад язгууртнууд 15 дугаар зуунаас эхлэн махчин шувуудаар ан ав хийдэг байжээ. Түүхэнд догшин Иван шувуугаар ангуулчилдаг байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг гэнэ.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines