Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: Токиогийн Технологийн Институтэд Монгол охин тэнцлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
 

"Сант" сургуулийн төгсөгч Д.Ариунзаяа "Азийн MIT" гэгддэг Токиогийн Технологийн Институтэд элсэн суралцахаар болжээ.

1881 онд байгуулагдсан тус сургууль нь Япон Улсын хамгийн том шинжлэх ухаан, технологийн судалгааны төв гэдгээрээ алдартай.  Өдгөө Токиогийн Технологийн Институтийн 6 бүрэлдэхүүн сургууль, 40 гаруй тэнхим, судалгааны төвүүдэд дэлхийн олон улс орны 10,000 гаруй оюутан суралцаж байна. Мөн энэ сургууль жил бүр дэлхийн топ-100 сургуулийн нэгээр нэрлэгддэг.

"Сант" сургуулиас өмнө нь АНУ-ын Массачусетсийн Технологийн Инстутэд /MIT/ 6 сурагч тэнцэж байсан юм. Бид MIT-д 2016 онд тэнцсэн Х.Цэрэнчимэг, 2017 онд тэнцсэн Л.Оюунтөгс нарын тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ удаад Д.Ариунзаяа Азийн шилдэг технологийн их сургуульд тэнцэж чадсанаараа яах аргагүй онцлох зочин болж байна. 


-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Танд болон уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Даваасамбуугийн Ариунзаяа гэдэг. Би 2016 онд "Сант" сургуулийг төгсөөд Шинэ Монгол Технологийн дээд сургуульд элсэж орсон. Үе тэнгийнхнээсээ онцгой ялгарах зүйлгүй, адилхан сурч боловсроод явж байгаа жирийн Монгол охин гэхэд болно. 

-Токиогийн Технологийн Институтэд тэнцсэнд баяр хүргэе. Сургуульд тэнцсэн тухай хариу ирэх үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Эхэндээ зүүд шиг санагдсаныг нуугаад хэрэггүй байх. Мэдээж маш их баярласан. Гэхдээ тэнцсэн гэдэг бичигтэй цаас авахаас илүүтэй эргэн тойрны хүмүүстээ, тэр тусмаа үргэлж дэмжиж байдаг багш нар, надад итгэдэг гэр бүл болон өнөөдрийг хүртэл намайг хурцалж ирсэн анги хамт олондоо маш их баярлах мэдрэмж төрсөн.

Бүгдэд нь дотроо маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Хүсэж, хүлээж байсан сургуульдаа тэнцэхэд тэдний маань туслалцаа маш их нөлөөлсөн гэж боддог. 

 

-“Сант” сургуулийг төгссөн гэсэн. Танай сургуулиас дэлхийн шилдэг их сургуульд элсэж чадсан олон төгсөгч бий. “Сант” сургуулийн зүгээс сурагчдаа энэ тал дээр сайн бэлддэг юм шиг санагдаж байлаа. Сургуулийн дэмжлэг ямар байсан талаар ярихгүй юу?

-Сургуулийн зүгээс бүх зүйл дээр тусалж дэмждэг байснаас гадна гагцхүү надад бусдын шахалт, шаардлагагүй хүн өөрөө л амьдралаа авч явах ёстой болохыг ойлгуулж өгсөнд би чин сэтгэлээсээ баярладаг. Хүссэн үедээ хүссэн багшаасаа хүссэн зүйлээ асууж, зааварчилгаа авах боломжийг олгодог учир тухайн сурагч өөрийн сонгосон чиглэлийн мэдлэгийг бүрэн дүүрэн авч чаддаг. 

Анги хамт олны уур амьсгал нь суралцах, хүмүүжихэд маш таатай гэж боддог. Хоорондоо илэн далангүй мэдлэг солилцохын хамтаар өрсөлдөх нь бүх талаараа хөгжих боломжийг нээдэг. Сургуулиа судлахаас эхлээд материалаа явуулах, шалгалтанд бэлдэхэд багш нар маань тусалж дэмжсэнд баярлалаа.

Өмнө нь "Сант" сургуулд сурч байсан Банзрагч, Тэмүүлэн, Оргил нар Токиогийн Технологийн Институтэд элсэж байсан. Гэхдээ миний хувьд "Сант" сургуулиас элсэж буй анхны эмэгтэй сурагч гэдгээрээ онцлогтой. 

-Яагаад Токиогийн Технологийн Институтийг сонгох болсон бэ?

-Сонгосон мэргэжлээ сайн эзэмшихийн тулд туршлагатай чиглүүлэгч, өрсөлдөөнтэй хамт олон, түүнчлэн тоног төхөөрөмж зэрэг олон зүйлс шаардлагатай. Эдгээрийг бүгдийг нь зэрэг агуулж байгаагаас гадна технологи, шинжлэх ухааны салбартаа сүүлийн жилүүдийн турш дэлхийн шилдэг 50, 100 их дээд сургуулийн тоонд зүй ёсоор багтсаар ирсэн Токиогийн Технологийн Институт нь гадаад харилцаандаа анхаарах болсон бөгөөд гадаад оюутнуудад зориулж зөвхөн англи хэл дээр судлах боломжтой инженерийн хөтөлбөр зарласан нь япон хэлний өндөр түвшний мэдлэггүй надад маш их таалагдаж, бүртгүүлэхээр шийдсэн юм.

Тэд дэлхийд тэргүүлэгч их дээд сургуулиудтай өрсөлдөхүйц хэмжээнд очихын тулд энэ мэтийн дотоод бодлогодоо анхаарч байгаа нь олон талд ашигтай зүйл гэж бодож байгаа. Түүнчлэн төгсөгчид нь ажлын байранд эзлэх хувиараа улсдаа хоёрдугаарт ордог гэх мэт олон давуу талтай.

-Токиогийн Технологийн Институт элсэхийг хүсэгчдийн хэдэн хувийг тэнцүүлдэг вэ. Тийм статистик байдаг уу. Ер нь өрсөлдөөн ямар байдаг юм бол?

-Мэдээж зэрэглэл өндөртэй болохоор тодорхой хэмжээнд өрсөлдөөнтэй ч яг тодорхой хувийг нь сайн хэлж мэдэхгүй юм. Япондоо ахлах сургууль төгсөж байгаа ихэнх оюутнуудын элсэн орохыг хүсдэг сургуулиудын жагсаалтын дээгүүр Токиогийн Технологийн Институт багтдаг ч тэр бүр тэнцэж чаддаггүй гэж сонсогддог. 

"IELTS болон SAT-ын математик, физикийн шалгалтуудын оноогоор сургуульдаа бүртгүүлсэн"

 
Токиогийн Технологийн Институт

-Сургуульд тэнцэхийн тулд хэр хугацаанд, ямар бэлтгэл хийсэн бэ?

-Японы элсэлтийн шалгалт, Засгийн газрын тэтгэлэгтэй шалгалт гэх мэт шалгалтуудын материалууд олж аваад хоёр сарын турш хувиараа эрчимтэй бэлдсэн. Бас найзуудаасаа зөвлөгөө авсан нь их тус болсон.

-SAT-ын оноо, хэлний мэдлэгийнхээ тухай мэдээлэл өгөөч?

-Миний хувьд IELTS болон SAT-ын математик, физикийн шалгалтуудын оноогоор сургуульдаа бүртгүүлсэн. Хөтөлбөр нь тэр чигтээ англи хэл дээр гэдэг үүднээс IELTS-ын дор хаяж 6.5 оноо хэрэгтэй байсан. Миний хувьд 7 оноотой. SAT-ын оноо ч бас 750 давсан нь хангалттай байсан. Мөн эдгээр онооноос гадна хоёр дахь даваанд сургуулиас албан ёсоор элсэлтийн шалгалт англи хэл дээр авсныг нь амжилттай өгсөн.

-Албан ёсны шалгалтуудын онооноос гадна ямар хүчин зүйлсийг чухал шалгуурт тооцсон бэ. Яг хувь хүн талаасаа давуу талаа хэрхэн харуулж чадсан бэ?

-Бусдаас ямар нэг чадвараар давуу байх гэдэг өнөөдрийн нийгэмд амаргүй. Гэсэн хэдий ч яагаад намайг сонгох хэрэгтэй вэ гэдэг асуултанд ямар нэг байдлаар хариулахаас өөр замгүй юм билээ. Өөрийнхөө онолын мэдлэгээс гадна юу хийж чадахаа бодож үзтэл магад 19 жилийн хугацаанд хийсэн бүх зүйлс маань ч хангалтгүй байх даа гэх бодол намайг их л айлгаж байсан. Гэхдээ надаас бусдад нь ч гэсэн ижил асуудал байгааг мэдэрсэн гэх үү дээ.

Айдсаа тэгж дараад ахлах сургуульд байхдаа авсан шагналуудаа эргүүлээд харахад өөрийгөө нийгмийн ажилд идэвхитэй оролцдог байснаа, спортод дуртайгаа бас зарим үед манлайлах чадвартайгаа олж мэдсэн шүү.

 
`Сант` сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр

Давуу талуудаасаа гадна сул талуудаа ч бас илэн далангүй ярьж тэрийгээ хэрхэн шийдвэрлэх талаар ч бас дурдсан. Гагцхүү надад зорилго бас түүндээ хүрэх эрмэлзэл байдгаа, өөрийнхөө далд чадвараа одоо болтол нээсээр байгаа, бас энгийн зүйлсээс ч сайхан мэдрэмж авдгаа чөлөөтэй ярилцсан нь намайг сонгоход нөлөөлсөн байж магадгүй.

-Ямар мэргэжлээр сурахаар төлөвлөж байгаа вэ. Одоо инженерийн чиглэлээр сурдаг юм байна. Үргэлжлүүлэх үү?

-Би багаасаа л хүнд хэрэгтэй зүйл зохион бүтээхийг хүсдэг байсан юм л даа. Эйнштейн эсвэл Эдисон шиг нэр хүндтэй эсвэл алдартай болохыг хүссэндээ биш зүгээр л хойч үедээ сайхан юм үлдээе гэсэн үг.

Ахлах ангид ороод хүн бүр "мэргэжлээ сонгох" гэдэг том шийдвэртэй нүүр тулдаг. Миний хувьд ч мөн ялгаагүй,  үлдсэн амьдралынхаа турш өдөр болгон хийх зүйлээ сонгоно гэдэг нэг бодлын аймар байсан шүү. Өөртөө тохиромжгүй зүйл сонговол маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр талаар болно.

Ингээд нэлээд нухацтай бодсоны эцэст өөрөө дуртайгаас гадна сайн чаддаг зүйлээ хайж олсон нь байгалийн ухааны салбар байсан. Аз болж би багаасаа математикт сонирхолтой байсных дунд ангидаа шинжлэх ухааны чиглэлийн хичээлүүдэд ихээр татагдсан, тэгээд физикийг гүнзгийрүүлэн судалсны дараа үргэлжлүүлээд амьдралд хамгийн ойр гэдгээр нь инженер болохоор сэтгэл шулуудсан даа. 

-Хэлний чадвараа сайжруулсан арга барилаасаа хуваалцана уу?

-Хэл сурахад орчин маш чухал. Би арван жилдээ хэд хэдэн сургууль дамжиж байснаас гадна Австрали улсад гэр бүлээрээ хувийн шалтгаанаар жил гаран сурч байсан. Тэрнээс гадна Сант сургууль англи хэлний мэдлэг олгох тал дээр үнэхээр сайн. Сант сургуульд ороод дүрэм болон ярианы чадвар их сайжирсанд хувьдаа олзуурхдаг шүү. Гол нь хэл сурч байгаа хүн өөрөө бас их мэрийх шаардлагатай. Англи хэл дээр мэдээ сонсох, кино үзэх, ядахдаа дуу сонсоод дууныхаа үгийг ойлгож дүн шинжилгээ хийх зэрэг нь их тус болдог.

"Зуун хувь Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцана"

 

-Сургалтын төлбөрөө хэрхэн шийдэх вэ. Тэтгэлэгт хамрагдах уу?

-Бүх зардал нь зуун хувь Японы Засгийн газрын (MEXT) тэтгэлэгтэй.

-Сургуульдаа сурахаар хэзээ явах вэ?

-Ирэх 4 дүгээр сарын 7-ноос өмнө явна. Манайхаас ялгаатай нь Японд жил бүрийн 4 болон 10 дугаар саруудад хичээлийн улирал нь эхэлдэг. 

-Ирээдүйн том зорилго, мөрөөдлийнхөө тухай ярина уу. Төгсөж ирээд Монголд ажиллах төлөвлөгөө бий юу?

-Мэдээж сайн боловсрол эзэмшсэнийхээ дараа Монголдоо өөрийн хувь нэмрээ заавал оруулна. Харин зорилго, мөрөөдлөө энэ удаадаа өөртөө үлдээе. Магадгүй 10 жилийн дараа нүдэнд харагдах хэмжээнд хүрсэн цагт нь ил болгосон нь дээр болов уу.

-Дэлхийн шилдэг их сургуульд элсэхийг хүсэж буй сурагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хамгийн түрүүнд өөрийнхөө юу хүсдэгээ, юу хамгийн чухал гэдгийг олж мэдээд дараа нь тэр зүйлийнхээ төлөө шантрахгүй урагшлахыг, түүнчлэн бидний анзаардаггүй маш олон боломж нүдний өмнө байдаг гэдгийг сануулмаар байна.

-Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.