Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Уламжлалт анагаах ухаан судас, шээс, хэлээр оношилдог

Р.Оюун
2017 оны 6 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Уламжлалт анагаах ухаан гэж юу болох, түүний давуу тал, эмчилгээнд хэрхэн ашигладаг талаар “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтохтой ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ?

-Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл санааны өвчин эмгэгийг цогцоор нь судалж, сав шим ертөнцийн шүтэн барилдлага, од гараг эрхсийн нөлөөлөл, ад тотгор, урд хойд төрөл, үйлийн үр, шүтэн барилдлага зэргийг судалдаг. Үүний зэрэгцээ бодь сэтгэл хоосон чанарыг онож, өвчин зовлонгийн холын шалтгаан мунхгийг үндсээр нь анагаадаг буддын их таван ухааны нэгэн салбар ухаан юм.

-Уламжлалт анагаах ухаан өвчнийг хэдэн янзаар оношилдог вэ. Судас барьж үзсэнээр бүх өвчнийг оношлох боломжтой юу?

-Уламжлалт анагаах ухааны оношилгооны нэгэн өвөрмөц арга бол судас, шээс, хэлээр оношлох аргууд юм. Өвчний гадна илрэх шинжээс эхлээд түүний далд мөн чанарыг олж мэдэх, бие махбодын бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг таньснаар өвчнийг үүссэн хойно нь оношлохоос гадна, өвчнийг эрт буюу урьдал үед нь таньдаг оношилгооны чухал арга юм. Ерөнхийдөө үзэх, хүрэлцэх, асуух гэсэн гурван үндсэн аргаар оношилгоо хийнэ.

Нүдээр харж шинжлэх аргаар өвчтөний биеийн оврын том, жижиг хэлбэр болон өвчтөний гадна биеийн таван эрхтэн болох нүд, чих, хамар, хэл, бие, нүүр царайг харж шинжилнэ. Таван хир буюу биеэс гарах цэр салс, өтгөн, бөөлжис, цус, шээсийг шинжилнэ. Мөн өвчтөний амьдарч ажиллаж буй газар нутаг, байр орны халуун, хүйтэн, хуурай чийглэг зэрэг шинж чанарыг асуухаас гадна яг тухайн цаг үеийн улирал ямар байгааг харгалзан үзнэ. Өвчтөний бие махбодын төрөлхийн өвөрмөц онцлог, ходоодны шингээх чадвар, хэвлийн чийрэгжилт гэх мэт маш олон хүчин зүйлсэд тулгуурлаж оношилгоо хийгддэг.

Оношилгоог зөвхөн өвчний эхэн үед хийхээр хязгаарлалгүй өвчнийг эдгэрэх хүртэл өвчний явц, хувиралд тохируулан үргэлжлүүлэн оношлох хэрэгтэй. Тухайн хүний болон өвчний онцлог зэргээс хамаарч өвчний эдгэрэлтийн явц, өвчний төгсгөл өөр өөр байдаг. Тийм учраас эмчлүүлэгчийг байнга хянаж, өвчин эдгэрэх төгсгөлийн шат буюу яг тохирсон цаг хугацаанд нь “эмчилгээний сүүлийг таслах” эмчилгээ хийхгүй бол өвчин дахин сэдрэх, нэмэлтээр өөр өвчин үүсэх, эсвэл архагшиж үлдэх зэрэг сөрөг үр дагаврууд гардаг.

-Уламжлалт эмчилгээ сүүлийн жилүүдэд сэргэж байна. Гэсэн ч сайн муу, болно болохгүй, эрсдэлтэй гэх мэт эргэлзээ дүгнэлтийг дагуулдаг. Ялангуяа Европ анагаах ухааны зүгээс үл тоомсорлох байдал ажиглагддаг. Үүний шалтгаан юу юм бол?

-Сүүлийн 60 жилд монголчууд европ анагаах ухааныг хэт даган туйлширснаас болж бидний үнэт өв соёл болсон Уламжлалт анагаах ухаан мартагдахад хүрч байсан билээ. Монгол оронд 1990 онд болсон ардчилал шинэчлэлийн нөлөөгөөр Монголын уламжлалт анагаах ухаан дахин сэргэн хөгжих таатай нөхцөл бүрдсэн юм.

Энэхүү хэт даган туйлширсан болон буддын шашныг үгүй хийсэн тэр цаг үеийн нөлөө одоо болтол бүрэн арилаагүй байгаа нь Европ болон Уламжлалт анагаах ухааны хоорондын үл ойлголцлын эх үүсвэр болсоор байна. Европын анагаах ухаан нь агуу гайхамшигтай шинжлэх ухаан болж чадсантай хэн ч маргахгүй биз.

Гэхдээ Дорнын анагаах ухаанаас илүү урт удаан түүхтэй, удаан судлагдсан шинжлэх ухаан дэлхийн ямар ч улс үндэстэнд байхгүй юм. Уламжлалт анагаах ухаан бол хүн төрөлхтний бодит амьдралд ойрхон, эрдэмтэн мэргэдийн ажиглалт туршилт, судалгаагаар нотлогдон баталгаажсан, оюун ухааны шим сор болсон шинжлэх ухаан юм.

Гэтэл Уламжлалт эм эмчилгээний тухай ямар ч ойлголт байхгүй, бусад мэдэхгүй хүний үгийг сохроор дагаж уламжлалт анагаах ухааныг харанхуй бүдүүлэг мэтээр ярьж, ямар ч ач холбогдолгүй юм шиг буруу ойлголтыг ард түмний дунд түгээдэг мэдлэггүй эрүүл мэндийн салбарынхан их болжээ. Энэ нь уламжлалт эм, эмчилгээний хөгжилд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.

-Цахим орчинд ургамал, тосон түрхлэг, мацаг барихтай холбоотой эх сурвалжгүй мэдээллүүд их байгаа. Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ тал дээр хэдэн жишээ дурдаж ярья.Тухайлбал, өглөө босоод дөрвөн стакан ус уух, өдөрт тэдэн литр ус уувал эрүүл мэндэд сайн гэсэн мэдээлэл байдаг. Энэ бол хүн бүрд тохирох сайн арга биш. Өглөө өлөн үедээ хэт их ус уувал ходоодны галын илч үгүй болж хоол боловсруулах явц удааширч бөөрөнд ачаалал ирснээр хавагнах, хөөнгөтөх, зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг сөрөг үр дагаврууд гардаг. Ус уух нь муу гэж хэлж байгаа юм биш зөвхөн зөв хэрэглэх хэрэгтэй.

Ямар тохиолдолд усыг их хэмжээгээр ууж болох, ямар өвчний үед, ямар бие махбодын онцлогтой хүн, хэр хэмжээгээр, хэдийд яаж уух вэ гэдэг маш чухал ойлголт. Саяхныг хүртэл барууны орнуудад үр тариаг болж өгвөл сайн ид гэж зөвлөж байсан бол судлаачид тод удалгүй үр тариа, гурилыг их хэмжээгээр идэх нь хортой гэж баталлаа.

Мөн өөх тос, холестрол нь зүрхний өвчнийг үүсгэдэг гэж хориглож байсан бол, дөнгөж саяхан тохирох хэмжээний холестрол тос нь зүрхний өвчинд сайнаар нөлөөлнө гэж тогтоосон байна. Бас загас, тахиа зэрэг цагаан .мах хүнсэндээ байнга хэрэглэ гэж зөвлөдөг байсан бол улаан мах хүний биед хамгийн тохиромжтой гэж үзэх болжээ. Энэ мэт маш их төөрөгдлүүд бидний амьдралд байна.

-Ялангуяа турах асуудал маш их яригддаг?

-Хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүд охид бүсгүйчүүд турахын туйлын хүслэнд автаад байна. Тэд турах гэж элдэв төрлийн бэлдмэл, цай, кофе, эм, хоолоо сойх зэрэг аргуудыг ямар ч хяналтгүйгээр дур мэдэн хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Энэ нь өөрийн биеэ өөрийн гараар устгаж байгаа хэрэг. Т ураах бэлдмэл хэрэглэснээр зурх судасны өвчин үүсэх, хордлого, авах, дархлаа унах, цус багадалтад орох, биеийн халуун дулаан илч үгүй болох, ходоодны шингээх чадвар буурах, сэтгэл зүйн сөрөг илрэл үүсэх зэрэг муу нөлөө их гарч байна. Таргалалт гэдэг бодисын солилцооны өвчин.

Ихэнх тохиолдолд буруу хооллолт, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй байдаг. Дийлэнх Европ хүмүүс тарган, ази хүмүүс туранхай байдаг. Учир нь ази дорно дахины амьдралын хэв маяг, хооллолт, эм эмчилгээний онцлог өөр байдаг. Бид өөрсдийн бие махбодын онцлог, ходоодны шингээх чадвар, суурь өвчин эмгэг, хүч тамир, дархлаа зэргээ харгалзан үзэж байж жин бууруулах тохиромжтой аргыг сонгох хэрэгтэй.

Учир нь хүн бүр байгалийн давтагдашгүй өвөрмөц онцлогтой гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Үүнээс гадна ямар эмгэг өөрчлөлтөөс шалтгаалж таргалалт үүсээд байгаагаа зов оношлуулах ёстой. Таны биед хаван хөөнгө байна уу. Эсвэл өөхлөлт их байна уу гэдэг бол маш чухал. Хэрэв маш их хавагнаж жин нэмсэн бол зүрхний үйл ажиллагаанаас уу, ходоодноос уу, бөөрнөөс үүдэлтэй хаван уу гэх зэргийг тогтоолгоно. Ингэж байж хугацаа алдахгүй, мөнгөө хэмнэж эрүүл мэндээ аварч үлдэх юм.

Үүнээс гадна өөрийн хичээл зүтгэл маш чухал. Өөрийн биедээ тохирсон дасгал хөдөлгөөн сонгож хийх хэрэгтэй. Бид идсэн хоолныхоо калорийг тогтоогоод яг тэр хэмжээний калорийг шатаах ёстой гэж ойлгодог. Гэтэл бидний бие идсэн хоолныхоо шим тэжээлтэй хэсгийг авчихаад үлдсэн хэсгийг нь гадагшлуулж байдаг. Тэгвэл бидний тооцсон махны калори 1,000 байлаа гэж бодоход бүхлээрээ биед үлдэхгүй нь тодорхой байна. Биеэс гадагшилсан хэрэггүй хэсгүүдэд ч мөн калори байж байдаг.

Тиймээс хэр хэмжээний илчлэгтэй хоол идэх нь чухал биш хэр сайн шингээж боловсруулж чадаж байна тэр хамгийн чухал юм. Бага илчлэгтэй хоол идсэн ч. эсвэл их хэмжээний илчлэгтэй хоол идсэн байлаа ч боловсруулж чадахгүй бол илчлэг тооцох нь өрөөсгөл ойлголт юм. Тийм учраас хоол сойж маш хурдан хугацаанд турна гэдэг эрсдэл ихтэй бөгөөд зүрх судас, мэдрэлийн үйл ажиллагаанд огиом сөрөг өөрчлөлт оруулж элдэв өвчмөөр өвдөх магадлал их болгодог.

Сүүлийн үед гоо сайхны газрууд толгой дараалан савны хий гаргах үйлчилгээ хийдэг болж. Эмэгтэйчүүд маань амин чухал зүрх болсон сав, өндгөвчөө захын нэг гоо сайхны газар ороод ямар ч анагаах ухааны мэдлэг боловсролгүй хүмүүсээр базуулж нухуулах нь эрсдэлтэй.

Саванд хий орших гэдэг өвчин байдаг ч энэ нь эмэгтэйчүүдийн ойлгож байгаа шиг гэдэс нь дүүрч цанхайдаг, үтрээнээс хий гардаг гэсэн шинж тэмдгээр оношлогдчихдог өвчин биш, савны бариа засал хийлгэж үтрээнээсээ хийгээ гаргуулчихаар эдгэдэг өвчин ч биш юм. Ийм буруу ойлголт, буруу бариа засал бидний эргэн тойронд маш их байгаа тул эмэгтэй хүн бүр үнэн зөв мэдээлэлтэй байж, мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

Хүний биед хүйтэн хий арвидан хоол унд, цаг улирал, амьдралын буруу дадал хэвшил, төрсний дараа гам алдах зэргийн нөлөөллөөр эмэгтэйчүүдийн саванд хүйтэн хий шунадаг юм. Савны хийг дарахын тухайд ерөнхийдөө тухайн хүний бие махбодын онцлогт тохирсон хийг дарах, илч үүсгэх эмчилгээ хийх ба тусгайлан эмэгтэйчүүдийн сав өндгөвч, бөөр давсаг, зүрх судасны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх эм тан, зүү төөнө, бариа, рашаан, шөл, шимжүүлэх зэрэг эмчилгээг нарийн системтэй, эмчийн хяналтад хийдэг.

-Мацгийг ямар үед хэрхэн баривал хэрэгтэй вэ?

-Хавар болохоор Мацаг барих элдэв төрлийн арга, жор энд тэндгүй ам дамжин яригддаг шүү дээ. Мацгийг зөв цагт, тохирох өвчний үед, өөрийн биеийн онцлогт харгалзан өөр өөр аргаар барих ёстой байдаг. Уламжлалт анагаах ухааны онолд бол хүн болгон мацаг барьж болохгүй гэж үздэг. Яагаад гэвэл хүн бүрийн биеийн онцлог өөр өөр байдаг. Хөгшин настай, жирэмсэн, төрсний дараа болон хийн өвөрмөц чанартай, хийн төрлийн өвчин эмгэгтэй хүмүүст мацаг барих төдийлөн тохиромжгүй.

Ялангуяа зүрх судасны эмгэг өөрчлөлттэй хүмүүс аль болох татгалзах хэрэгтэй. Харин хаврын улирал гэдэг мацаг барихад хамгийн зөв улирал юм. Хаврын улиралд хүний биед бадган салс хуралдаж ходоодны галын илч буурч, судлын сүвнүүд бадганаар хаагддаг тул ерөнхийдөө бие хүндэрч нозоорох, толгой өвдөх, нойр их хүрэх, бөөр давсгийн өвчлөл болон амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөр өвдөх хандлагатай болдог.

Энэ үед биед хураад хөдөлсөн бадганыг арилгах эм тан, төөнүүр, бөөлжүүлэг засал, биеийг ургамлаар үрж арчих, олсгох буюу мацаг барих зэрэг эмчилгээний аргуудыг хэрэглэж болно. Мацаг барьж дуусаад өмнөх амьдралын хэв маяг шигээ хооллож болохгүй. Бие махбодын хувьд маш их тамир хүчийг алддаг, хий үүсэх хандлагатай болсон байдаг тул мацаг барьсны дараах сувилгааг заавал хийх ёстой.

Зураг