Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бадамсүрэн: Намайг ажиллаж байгаа үед тийм тансаглал алга

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан хэвлэлийн бага хурлын үеэр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-"Эрдэнэт үйлдвэр" яагаад хэмнэлт хийхгүй байна вэ? Тухайлбал 180 саяар засвар хийсэн гэж байна. 21 саяар буйдан авсан гэх юм. Хэмнэлтийг төрийн компани өөрсдөөсөө эхлүүлж болохгүй байгаа юм уу?

-"Эрдэнэт үйлдвэр хэмнэлттэй ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэр хоногт 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн захирлууд Lexus 570 машин унаж байсан юм билээ.

Миний нэртэй холбогдож байгаа машины асуудал 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр яригдсан юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 30-нд захирлаар томилогдсон.

Шинэ машин болон ямар ч буйдан худалдаж аваагүй

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр миний өмнө ажиллаж байсан захирлын машиныг өөр газарт шилжүүлэх болж, оронд нь өөр машин авах болсон.

Гэрээ хэлцлээр шийдэгдсэн асуудал. Миний оронд Эрдэнэтийн захирлаар очсон хэн ч байсан тэр машиныг л унах байсан.

Түүнээс миний хувьд хэвлэлүүдээр гараад байгаа шиг тансагладаг, машин унаа үзээгүй мэт аашилсан зүйл байхгүй. 

Тавилга орон байрын хувьд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болон орлогчид нь шинээр байр барьж өгсөн асуудал өмнө нь байсан.

Намайг ажиллаж байгаа үед тийм тансаглал алга. Шинэ машин болон ямар ч буйдан худалдаж аваагүй. 

Ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд ОХУ-ын 270 ажилчныг 150 болгож цөөлнө

-Таны туслахаар орос эмэгтэй ажилладаг юм байна. Монгол хүмүүсээ ажлын байраар хангах тал дээр анхаарч байна уу?

-Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жил хамтарсан үйлдвэрийн статустай ажилласан.

Энэ хугацаанд хамтарсаар ирсэн Оросын ард түмэнд бид хүндэтгэлтэй хандах ёстой.

Эрдэнэт үйлдвэрт 270 орчим ОХУ-ын гэрээт ажилчин ажиллаж байна.

Үйлдвэр төрийн мэдэлд шилжсэн учраас эдгээр хүмүүсийг эх оронд нь буцаах оронд нь Монгол хүмүүсийг ажиллуулах ажил үе шаттайгаар явагдаж байгаа.

Тухайлбал ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд ОХУ-ын 270 ажилчныг 150 болгож цөөлнө.

Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч нь гадаадын мэргэжилтний асуудлаа хариуцаад мөн дээрээс нь энэ мэргэжилтний туслах гэж илүү орон тоо байсан.

Туслах гэсэн орон тоог хасаад ОХУ-ын иргэнийг ерөнхий захирлын нарийн бичгээр болон дээрх бүх асуудлыг хариуцсан хүнээр томилсон.