Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ.
Хошин урлагийнхан энэ сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулсан тус наадам 13 жилийн дараа ийнхүү үзэгчиддээ хүрч байгаа нь энэ юм.
Нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа наадмыг нээж хэлсэн үгэндээ “Төрөөс баримтлах соёлын бодлого, хууль тогтоомжийн дагуу соёл урлагийг хөгжүүлэх, драмын урлагийн нэг төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн сэтгэл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилгоор “Азтай бадарчин” хошин урлагийн шилдгийг шалгаруулах уламжлалыг НЗДТГ-аас дэмжин зохион байгуулж байна.
НЗДТГ-аас нийслэл хотоо “Урлагийн хот Улаанбаатар” болгох зорилт тавин ажиллаж байгаагийн илрэл нь 13 жилийн дараа зохион байгуулж байгаа өнөөдрийн наадам юм. Энэ үдэш нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг дүгнэн цэгнэж, шилдгээ шалгаруулах гэж байгаа хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид та бүхэнд амжилт хүсье.” гэлээ.
Хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгөн, авьяас чадлыг нь сорилоо. Ийнхүү 5 цаг гаруй үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгарууллаа.
“Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Д.Баттөмөр,
“Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Б.Отгонтуяа нар шалгарч, алтан цомын эзэд боллоо.
“Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ,
Шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгсөн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|