Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Японы тэнгисийн усанд пуужин харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хойд Солонгосын дэглэм Японы тэнгисийн усанд пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээллээ.

Яамны мэдэгдэлд “Хойд Солонгос зүүн эргийн Синпо боомтоосоо Японы тэнгисийн усанд үл мэдэгдэх төрлийн пуужин харвалаа” гэжээ.

Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал Пьёньяний дэглэм дэлхий нийтийн санааг зовоосон зэвсгийн туршилтаа хийсэн сүүлийн тохиолдол болж байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Хятад улс арга хэмжээ авахгүй бол Америк дангаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг алхам хийнэ гэсэн юм.

Мөн маргааш Америк-Хятадын төрийн тэргүүнүүд Флоридад дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа. Тэдний ярилцах сэдвийн дотор Хойд Солонгосын асуудал чухал байр эзэлж байгаа юм.

Өнөөдөр харвасан пуужин нь 60 км орчим зайнд туссаныг Сөүл мэдээлсэн байна. Энэ нь харьцангуй богино зайнд тооцогдоно. Харин өнгөрсөн сарын эхээр харвасан дөрвөн баллистик пуужин нь 1,000 орчим километрийн зайд туссан ба нэг нь Японы усан хил дотор хүрсэн юм.

Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсэн нь Пьёньяний дэглэмийн эсрэг өдөөн хатгалт гэж үзэж байгаагаа тус улсын төрийн төв суваг мэдэгдэж байсан бөгөөд өмнөх туршилт нь жил бүр болдог энэхүү сургуулилалтыг эсэргүүцсэний илэрхийлэл болж байв.

 

Эх сурвалж: Japan Times