Уншиж байна ...

Зорчигчийн хоолноос амьд хулгана гарч ирсний улмаас Scandinavian Airlines компанийн онгоц чиглэлээ өөрчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зорчигчийн хоолноос амьд хулгана гарч ирсэнтэй холбоотой нэг онгоц нь төлөвлөсөн газраасаа өөр газарт буухад хүрснийг SAS (Scandinavian Airlines) компани өчигдөр мэдээлжээ.

Уг үйл явдал Лхагва гарагт Норвегийн нийслэл Осло хотоос Испанийн Малага хотын чиглэлд ниссэн онгоцонд тохиолдсон юм байна.

Үүний улмаас онгоц чиглэлээ өөрчлөн Дани улсын нийслэл Копенхаген хотод буужээ.

Онгоцны цахилгааны кабел шугамыг тастах аюултай тул агаарын тээврийн компаниуд мэрэгч амьтдыг бүхээгт оруулахыг хатуу хориглодог.

“Итгэхэд хэцүү ч миний хажууд суусан эмэгтэй хоолны саваа нээхэд дотроос нь хулгана үсрэн гарч ирсэн” гэж тухайн онгоцны нэг зорчигч Ярле Боррестад сошиал хуудсандаа бичээд тухайн эмэгтэйтэй хамт авхуулсан гэрэл зургийг нийтэлжээ.

Дүрэм журмын дагуу онгоцыг сольж, зорчигчид өөр онгоцоор Малага руу үргэлжлэн ниссэнийг SAS компанийн хэвлэлийн төлөөлөгч Ойстен Шмидт өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Энэ бол онцгой ховор тохиолддог зүйл. Бид ийм нөхцөл байдалд хэрхэн ажиллах тогтсон журамтай бөгөөд дахин ийм зүйл тохиолдохоос сэргийлэхийн тулд ханган нийлүүлэгчдийнхээ үйл ажиллагааг шалгах болно” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: AFP