Уншиж байна ...

Ливаны нийслэл Бейрут хотод явуулсан Израилийн агаарын цохилтод Хезболлагийн дээд командлагч алагджээ

Т.Давааням, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Израилийн арми хөрш Ливан улсын нийслэл Бейрут хотын өмнөд дүүрэгт агаарын цохилт өгөх үеэр Хезболла зэвсэгт байгууллагын дээд командлагч амь үрэгджээ.

Тус байгууллагын элит зэвсэгт бүлэглэл Радваны командлагч Ибрахим Акил бусад удирдах албаны хүмүүсийн хамт алагдсаныг Израилийн зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Радван бүлэглэлийн хуралдаан болж байх үед уг цохилт болсныг Ливаны аюулаас хамгаалах албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ үеэр есөн хүн алагдаж, 59 хүн шархадсаныг Ливаны эрүүл мэндийн яам бас мэдээлсэн байна.

Ираны дэглэмийн чухал холбоотон Хезболлагийн хувьд энэ долоо хоног тун хүндхэн өнгөрч байна.

Долоо хоногийн дундуур тус байгууллагын дотоод хэрэгцээндээ ашигладаг пэйжерүүд, радио холбооны станцууд дараалан дэлбэрсний улмаас 37 хүн алагдаж, хэдэн мянган хүн шархадсан.

Уг ажиллагааг Израилийн тусгай албад зохион байгуулсан гэж Хезболла болон Ливаны эрх баригчид үзэж байгаа.

Гэхдээ Израилийн тал үүнийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, бас няцаагаагүй юм.

Долдугаар сард Израилийн арми Бейрут хотод агаарын цохилт өгөхдөө Хезболлагийн бас нэг командлагч Фуад Шукрын амийг хөнөөж байв.

Өчигдөр алагдсан Акил нь 1983 онд Ливаны нутаг дэвсгэрт Америкийн цэргийн алба хаагчдын амийг хөнөөсөн ажиллагааг зохион байгуулсан үндэслэлээр толгойгоо $7 саяар үнэлүүлээд байсан юм.

Өчигдөр Хезболла аллагын хариу арга хэмжээг авч, Катюша пуужингаар Израилийн нутаг дэвсгэрт довтолсон байна.

Уг цохилтын бай нь Акилын аллагыг зохион байгуулсан умард Израил дахь тагнуулын албаны байр байсныг тус байгууллага мэдээлжээ.

Үүний өмнөх өдөр буюу Пүрэв гарагт Израилийн арми өмнөд Ливаны нутагт томоохон агаарын довтолгоо явуулсан юм.

Энэ үеэр Хезболлагийн 100 орчим пуужин харвагч болон бусад зэр зэвсгийн байгууламжийг устгаснаа Израилийн тал сүүлд мэдээлж байв.

Уг довтолгоог Газын зурваст бараг нэг жилийн өмнө эхэлсэн дайнаас хойш Ливаны нутагт явуулсан хамгийн том агаарын ажиллагаа гэж үзэж байна.

Энэ долоо хоногийн үйл явдлууд Хезболла, Израилийн хооронд шинэ дайн дэгдэх аюулыг улам нэмэгдүүлж байна.

Тэд өмнө нь 2006 онд хоорондоо дайтаж байсан юм.

Баасан гарагийн өглөө Израилийн армийн жанжин штабын тэргүүн, генерал Херци Халеви умард тойргийн цэргийн командлагч нартайгаа уулзсан байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ирэх долоо хоногт Нью-Йорк хотод НҮБ-ын ерөнхий ассамблейд оролцохоор очих хугацаагаа нэг өдрөөр хойшлуулсныг Израилийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

Ливан дахь Иран улсын элчин сайдын яам “Бейрутын өмнөд дүүргийн орон сууцнуудад довтолж, бүх хэм хэмжээг зөрчсөн Израилийн галзуу үйлдлийг эрс буруушааж байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press