Уншиж байна ...

Марк Закербэрг солироор бүтээсэн $260,000-ын үнэтэй бугуйн цаг зүүх болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энгийн даруу хувцаслалтаараа алдартай байсан Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэрг сүүлийн үед эрс өөрчлөгдөж, үнэтэй чамин эд зүйлсээр гангардаг болоод байгаа.

Саяхан тэр Сан-Франциско хотын Chase Center төвд “Acquired” подкастын ярилцлагад оролцохдоо “De Bethune DB25 Starry Varius Aerolite” нэртэй бугуйн цаг зүүсэн байжээ.

Энэ нь сансраас дэлхийд унасан солироор бүтээдэг цаг бөгөөд нэг бүрийн үнэ нь $260,000 юм байна. Бас жилд тавхан ширхэг үйлдвэрлэгддэг ажээ.

24 каратын алтан тоноглолтой энэ цагны солироор бүтээсэн нүүрэнд Сүүн Замын галактикийг дүрсэлж, оосрыг нь матрын арьсаар хийдэг юм байна.

зураг
 

Энэ оны эхээр Закербэрг гэргийн хамт Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн хүүгийн хуримд оролцохдоо залуу Амбанигийн зүүсэн цагийг бишрэн үзэж буйг харуулсан дүрс бичлэг тарж байв.

“Би хэзээ ч цаг сонирхож байгаагүй. Гэхдээ үүнийг хараад үнэхээр гоё санагдлаа” гэж залуу тэрбумтан тухайн үед ярьж байжээ.

Тэр үеэс хойш Закербэрг маш их загварлаг хувцасладаг болоод байгаа.

Нэг удаа алтан гинж зүүж олны нүдэнд өртсөн тэрбээр зарим хувцасныхаа загварыг өөрөө гаргадаг болжээ.

Тухайлбал тэр сая подкаст нэвтрүүлэгт оролцохдоо грек хэлээр “Зовлонгоос суралцахуй” гэсэн утга бүхий бичигтэй, өөрөө  загварыг нь гаргасан цамц өмссөн байсан юм.

Тавдугаар сард тэр 40 насныхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр “Carthago delenda est” (Карфагеныг устгах ёстой) гэсэн латин бичигтэй хар цамц өмссөн байжээ.

“Acquired” подкаст нэвтрүүлэгт оролцохдоо Закербэрг өөрийнх нь үүсгэн байгуулсан компани өөрт хамаагүй зүйлийнхээ төлөө хариуцлага үүрч ирсэн явдлыг “20 жил үргэлжилсэн алдаа” хэмээн харамсан ярьсан байна.

Тэр бас Meta болон Apple компаниудын соёлын ялгааны талаар ярихдаа ирэх арван жилийн хугацаанд Meta компанийн гол өрсөлдөгч Apple болж магадгүйг хэлжээ.

Нэг үгээр хэлбэл тэр гадна талаасаа төдийгүй үзэл бодлын хувьд өмнөхөөсөө өөрчлөгдөж, илүү шийдэмгий, зоригтой нэгэн болсон бололтой.

 

Эх сурвалж: Business Insider