Уншиж байна ...

Тесла компани Кадыровын авсан Cybertruck автомашиныг зайнаас ажиллагаагүй болгожээ

Т.Давааням, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Чеченийн удирдагч Рамзан Кадыровын тодорхойгүй арга замаар олж авсан Cybertruck автомашиныг Тесла компани алсаас ажиллагаагүй болгожээ.

“Илон Маск муухай зүйл хийлээ. Тэр надад өгсөн бэлгээ зайнаас ажиллагаагүй болголоо. Би уг Cybertruck автомашиныг пулемётоор тоноглоод цэргийн тусгай ажиллагаанд явуулсныг та нар санаж байгаа байх. Уг автомашин маневрлах чадвар, хамгаалалт сайтайгаа харуулж, үүргээ төгс гүйцэтгэж байсан юм” гэж Кадыров өчигдөр Телеграм хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр Маскийг “эр хүн шиг байсангүй” хэмээн шүүмжилжээ.

Наймдугаар сард Кадыров өөрт нь Илон Маск шинэ загварын автомашинаа бэлэглэснийг анх мэдээлж, Грозный хотын гудамжаар жолоодож яваагаа үзүүлж байв.

Тэр үүнийгээ зэвсгээр тоноглож, Украины фронт руу явуулахаа амлаж байжээ.

Харин Илон Маск тухайн үед Кадыровт ийм бэлэг өгснөө няцааж байсан юм.

“Намайг Оросын генералд Cybertruck бэлэглэнэ гэдэгт та нар үнэхээр итгэж байна гэж үү?” хэмээн Маск Х хуудсандаа бичиж байжээ.

Тесла компани ирээдүйн мэт өвөрмөц хийц загвартай Cybertruck автомашинаа 2023 онд зах зээлд гаргасан юм. Бүтэн цэнэгээр 800 км хүртэл зай туулах чадвартай уг автомашин ОХУ-д албан ёсоор худалдаалагдахгүй байгаа.

 

Эх сурвалж: The Moscow Times